Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах шинэ үйлдвэр ашиглалтад орлоо

Огноо:

,

“Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн Брэнд болгоно” гэсэн Алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд 2017 онд олон улсын жишигт нийцсэн “Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр” байгуулахаар 3 үе шаттай төслийг хэрэгжүүлж байсан “Очирдагинас” ХХК,  “Экспортын үйлдвэр”-ийнхээ төслийн 2 дахь шат болох “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-ийнхээ нээлтийг өнөөдөр хийж байна.

Уг үйлдвэрийн онцлог нь Монгол улсдаа анх удаа “Нөөшилсөн буюу консервлосон махан бүтээгдэхүүнийг" экспортод гаргах үйлдвэр барьсан явдал юм. Тус үйлдвэрт нийт 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг банкны зээл болон өөрийн санхүүжилтээр хийсэн байна. Шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор 50 гаруй ажлын байр шинээр бий болж байна.

Очирдагинас ХХК нь “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр”-тээ Дэлхийн шилдэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Герман улсын Handtmann компанийн бүрэн автомат консерв савлах шугам, хэлбэржүүлэн шахах төхөөрөмж, MULTIVAC компанийн бүрэн автомат савлагааны шугамуудыг суурилуулсан байна.

Эдгээр бүрэн автомат шугамуудыг суурилуулснаар цаг хугацаа, эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, бүтээмж нэмэгдэж үйлдвэрлэлтийн хэмжээг 4.5-6 дахин нэмэгдүүлж байгаа зэрэг ач холбогдолтой юм байна.

 Очирдагинас ХХКомпани нь:

  •  Эхний ээлжинд сард 100 тн консерв үйлдвэрлэн экспортод гаргах боломжтой.
  • Мөн импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотоодын хэрэглэгчдэдээ нийлүүлэх юм. Тухайлбал худалдаанд гарсан цагаасаа хэрэглэгчдийн таашаалыг маш их хүртсэн Bio брэндийн элэгний нухшийг үйлдвэрлэх ба цаашид олон төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргана.
  • БНСУ-ын THE-O CORPORATION болон Natural Core компаниудтай 2017 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд гэрийн тэжээвэр амьтанд зориулсан 9 нэр төрлийн дайвар түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд нийлүүлж байна.
  • Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор гэрийн тэжээвэр амьтдад зохиулсан дайвар түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнээ БНСУ-аас гадна ОХУ, Польш, Канад, Япон, Хонконг зэрэг улсуудад гаргана. Ингэснээр Монголдоо хэрэглээ бага, нядалгааны үеэр ихэнх нь хаягдаж буй малын гэдэс дотрын хэрэглээ нэмэгдэж эдийн засгийн эргэлтэд орох юм.

Одоо “Очирдагинас”ХХК нь жилд 100 тн дайвар түүхий эд хэрэглэж байгаа бол шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор жилд 400 тн малын гэдэс дотор хэрэглэх юм байна. Манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бол үлдсэн хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж 0.5 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж байна.

Уул уурхайн бус экспортын салбарт 704 аж ахуйн нэгж ажиллаж 55 улсад 233 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байна. Уул уурхайн салбарт 25000 хүн, хөдөө аж ахуйн салбарт 300 мянган хүн ажиллаж байна. “Очирдагинас”ХХК-ийн хэрэгжүүлж буй “Экспортын үйлдвэр”-ийн төслийн гол зорилго нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх, тэр дундаа “Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн брэнд” болгоход чиглэж байна.

Тэд төслийн 3 дахь шат болох “Анхан шатны мах боловсруулах үйлдвэр”-ийн төслийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох