Бидэнтэй нэгдэх

Цаг үе

НЭМҮТ: “МонПэн санаачилга” Ховд аймагт хэрэгжиж эхэллээ

Огноо:

,

Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төслийг Ховд аймагт хэрэгжүүлж эхэлж буйтай холбоотой төслийн нээлт болон сургалт энэ сарын 26-29-нд боллоо.

“МонПЭН санаачилга” төсөл нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга хэмжээ бөгөөд гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, тэдгээрийн хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.

Төслийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан ЭМЯ, НЭМҮТ, АШУҮИС, ААГ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “МонПЭН санаачилга”-ыг хэрхэн хэрэгжүүлж, хамтран ажиллах талаар удирдлагын багийн уулзалтыг зохион байгуулсан.

Тус аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ, НЭ, СӨЭМТ-ийн 70 гаруй эмч, мэргэжилтнүүдэд төслийн үйл ажиллагаа болон PEN/HEARTS багцын танилцуулга, иргэдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр чадавхжуулах онол, практик, бүлгийн ажлыг хослуулсан сургалтыг сонирхолтой байдлаар явуулсан юм.

Мөн “МонПЭН санаачилга”-ын хүрээнд төсөл хэрэгжихийн өмнөх суурь үнэлгээний баг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын ЭМТ, “Жаргалан” ӨЭМТ, “Баатархайрхан” ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, суурь үнэлгээ хийж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөц, ажиллах эмч, сувилагч нарын ажил байдалтай танилцан одоогийн нөхцөл байдалд тулгарч буй асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэж, хамтарч ажиллах талаар хэлэлцлээ.

ДЭМБ-ын тусламжтайгаар 2019-2020 онд “МонПЭН” загвар төслийг Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн 16 төвд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд төсөл хэрэгжсэн газруудад 100 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр 14 нэр төрлийн тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдийг гарын авлагаар хангасан. Загвар төслийн үр дүнд Дархан-Уул аймагт тархины харвалтаас үүдсэн нас баралт 1,4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан үзүүлэлт гарчээ.

Тиймээс уг төслийг 2021 онд зургаан аймаг, нэг дүүргийн 132 ӨЭМТ-д хэрэгжүүлж, 740 гаруй сая төгрөгийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагаар эмч, мэргэжилтнүүдийг хангасан. 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн төслийн үр дүнд зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан байна.

Төслийг энэ онд Өвөрхангай, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Архангай, Дорноговь болон нийслэлийн Багануур, Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох