Цаг үе
УГТЭ: Эмч нарын багийн эхний ээлж Завхан, Говь-Алтайд 9 хоног ажиллана
Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах нарийн мэргэжлийн эмч нарын явуулын баг гарган ажиллуулж байгаа.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг өнгөрсөн бямба гариг /2023-08-19/-т Завхан аймгийг зорьсон. Орон нутагт эрт илрүүлгийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны талаар тус эмнэлгийн дэд захирал О.Батгэрэлээс тодрууллаа.
-Танай эмнэлгээс эрт илрүүлгийг эрчимжүүлэх хүрээнд хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй хэдэн баг орон нутагт ажиллах вэ?
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийт хүн амын дунд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлгийн үйл ажиллагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэг 30 гаруй хувьтай, хамрагдалт төдийлөн хангалттай биш байна гэж үзэж буй учраас сайдаас төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд чиглэл өгч, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн үйл ажиллагаагаар хангах, эрт илрүүлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдийг хамрагдахад дэмжлэг үзүүлэх явуулын баг ажиллуулах үүрэг өгсөн. Тэр дагуу манай эмнэлэг хариуцсан долоон аймагтаа ажиллах гурван баг гаргаж байна. Багууд аймгуудад ээлжлэн очиж, эрт илрүүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд эхний ээлж өнөөдөр гарч Завхан, Говь-Алтай аймагт ес хоног ажиллана.
-Орон нутагт ажиллах эмч нар эрт илрүүлгийн хүрээнд ямар төрлийн үзлэг, шинжилгээ хийхээр төлөвлөсөн бэ?
-Манай хувьд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг учраас зүрх судас, тархи судасны чиглэлээр лавлагаа тусламж үзүүлдэг. Бид 18-аас дээш насны бүх багцыг хариуцаж, эрт илрүүлгийн үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт ч энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж, дурангийн болон дүрс оношлогоо, тархи мэдрэл, бөөр гэсэн нарийн мэргэжлийн эмч нарын багтай явж байгаа.
-Танай эмнэлэгт эрт илрүүлэг хэдэн хувьтай байгаа вэ?
-Манай эмнэлэг Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хорин мянга орчим иргэнийг эрт илрүүлэгт хамруулах үүрэгтэй. Одоогоор арван гурван мянга гаруй иргэнийг эрт илрүүлэгт хамруулаад байна.
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад иргэдийн эрт илрүүлэгт хамрагдах идэвх ямар байна?
-Эрт илрүүлэг эхэлж байх үед иргэд идэвхтэй, хамрагдалт өндөр хувьтай байсан бол сүүлийн үед харьцангуй суларч, тоо цөөрч эхэлсэн байдал ажиглагдаж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд дөнгөж эхэлж байсан үеийг бодвол эрт илрүүлгийн ач холбогдлыг илүү ойлгодог болсон. Мөн энэ онд Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтарсан үүрэг чиглэлийн дагуу шинээр оюутан болж хотод орж ирж байгаа залуусыг эрт илрүүлэгт хамруулах ажил хийнэ. Манай эмнэлэг хариуцсан долоон аймгийнхаа залуусыг өөрийн эмнэлэгт эрт илрүүлэгт хамруулах ажлыг есдүгээр сард зохион байгуулна.
-Дараагийн баг аль аймагт хэдийд очих нь тодорхой болсон уу?
-Дараагийн буюу Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллах эмч нарын баг есдүгээр сарын 10-наас оройтохгүйгээр явна. Учир нь баруун тийшээ эрт сэрүү ордог учраас үүнээс хойшлуулах боломжгүй. Дараа нь Булган, Орхон аймагт очих төлөвлөгөөтэй байна.
-Танай очих аймгуудад иргэд эрт илрүүлэгт хэр идэвхтэй хамрагдсан байна?
-Бид аймгуудын Эрүүл мэндийн газар, ЗДТГ, нэгдсэн эмнэлгүүдээс нь тодорхой судалгаа мэдээллийг авч ажлаа төлөвлөж байгаа. Манай очих аймгуудад эрт илрүүлэг дунджаар 20 орчим хувьтай л яваа юм билээ. Хамрагдалт муу байгаа шалтгаанд дүгнэлт хийж үзэхэд алслагдсан сум, багт амьдарч байгаа малчид эрт илрүүлэгт тааруу хамрагдсан байна. Тиймээс эдгээр хүмүүсийг төв газарт нэгдсэн байдлаар авчрах, богино хугацааны эрт илрүүлгийн үйл ажиллагаанд хамруулах зэргийг орон нутгуудтай хамтран зохион байгуулахаас аргагүй юм билээ.
-Эрт илрүүлэгт хамрагдах иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Эрт илрүүлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн, даатгал дээр ямар нэг асуудалгүй бол үзлэг, шинжилгээнд хамрагдахад ямар ч хүндрэл гарахгүй. Тиймээс даатгалаа төлчихсөн байхад л болно. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих энэ үйл ажиллагаандаа ЭМД-ын сангаас ямар нэг санхүүжилт авахгүй. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллага харьяаллын иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулаад өөрсдөө даатгалын санхүүжилтийн гүйцэтгэлийг авах боломжтйо учраас аль болох олон хүн хамруулахад л анхаарч ажиллах шаардлага байгаа.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Цаг үе2024/05/16
Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийг сунгах талаар санал солилцлоо
-
Цаг үе2025/05/15
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2019/08/15
Шинжлэх ухаан, технологийн салбарт дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ
-
Улстөр нийгэм2024/09/12
Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх “Цаасгүй засаг” арга х...
