Улстөр нийгэм
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төсвөөс санхүүжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.
Засгийн газар улс орны хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлийг шийдвэрлэх зорилтыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш үр дүн гарч байна. ДНБ, нүүрсний болон бусад экспортын хэмжээ өсөж, төсвийн орлого нэмэгдлээ. 2020 онд -4.6хувь байсан эдийн засгийн өсөлт 2023 оны хоёрдугаар улиралд 6.4 хувьд хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ 2000 онд 485 ам.доллар байсан бол 2022 онд анх удаа 5000 ам.доллар боллоо. Энэ жил улсын хэмжээнд нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрч, урьдчилсан балансаар 480 мянган тонн улаан буудай хураан авч, өмнөх оноос 20 орчим хувь өсөхөөр байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч 165.8 мянган тонн буюу 18.3 хувь нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газар баялгийн тэгш хуваарилалтад анхаарч, баялгийн реформыг хэрэгжүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль зөрчин хувьд авсан нь тогтоогдсон тул 2017 онд төр 100 хувь мэдэлдээ авсан. Хувьд байх үед буюу 2016 онд тус үйлдвэр улсын төсөвт 184 тэрбум төгрөг татварт хураалгадаг байсан бол 2019 онд 962 тэрбум, 2022 онд 1,8 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр “Кью Эс Си” ХХК концессын гэрээ 2014 онд байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Засгийн газар гэрээг цуцлах үед 9,6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан үйлдвэр энэ оны наймдугаар сард 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа зэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Дархан-Уул бие даан төсвөө бүрдүүлдэг цөөн аймгуудын нэг, 2022 онд төсвийн орлого 60,1 тэрбум төгрөг төвлөрүүлж 1,9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Тус аймаг 2023 оныг “Ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаад байна. 2035 он гэхэд хүн амынхаа 80 хувийг орон сууцжуулах зорилго тавьжээ.
Дархан-Уул аймгийн иргэд арьс ширнээс эхлээд уул уурхайн боловсруулах үйлдвэр байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, орон сууцанд хамрагдахад дэмжлэг үзүүлэх, засаг захиргааны удирдлагад төлөөлөл оруулах, сургууль, цэцэрлэгүүдэд их засвар хийх, иргэдэд газар өмчилж авах боломж олгох, төрийн дунд, доод шатны ажилтан албан хаагчдын чадавхыг сайжруулах, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, банкны зээлийн хүүг бууруулах, хариуцлагын тогтолцоог сайжруулах, шүүхийн шинэчлэл хийх зэрэг асуудлыг хөндөн ярилаа. Ерөнхий сайд болон холбогдох сайд нар иргэдийн асуултад хариулж мэдээлэл өглөө.

Засгийн газар боловсруулах үйлдвэрийг дэмжинэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентэд оруулах санаачилгыг МАН гаргаж жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа зарлаж бусад улс төрийн намуудад уриалсан, боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч тухайлбал, багш мэргэжлээр суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг тодорхой журмын дагуу төр даах шийдвэр гаргасан, орон нутагт шилжин суурьших, ажиллах иргэдийг бүх талаар дэмжих талаар Ерөнхий сайд ярилаа. Мөн Засгийн газар шинэ төслөөс илүү өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зарчим барьж ажиллаж байгаа. Гэхдээ шаардлагатай шинэ төслүүдийг санхүүжүүлнэ. Дархан-Уул аймгийн “Залуус” хорооллын шинэ сургууль, цэцэрлэг, аймгийн хэмжээнд байгаа их засвар шаардлагатай цэцэрлэгүүдийн засварын санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ. Мөн тус аймгийн төвийн нийтийн тээвэрт 20 шинэ автобус өгөхөөр боллоо.

Дархан-Уул аймгийн иргэд 2024 оны улсын төсөвт дараах төслүүдийг тусгуулахаар эрэмбэллээ. Эдгээрээс хамгийн олон санал авсан төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
1. Түрээсийн орон сууц
2. Үерийн байгууламж барих
3. “Залуус”хороололд сургуулийн барилга
4. Сургуулийн барилга 480 суудал /Дархан-Уул, Орхон сум/
5. “Залуус”хороололд 150 ортой цэцэрлэгийн барилга
6. “Залуус-1,2”хорооллын инженерийн шугам сүлжээ, автозамын үргэлжлэл
7. Сургуулийн барилгын өргөтгөл
8. Өвлийн спортын ордон
9. 31-р хорооллын дулаан хангамж
10. Аймгийн төвийн дахин төлөвлөлтөөр Гэр хорооллын доторх хатуу хучилттай авто зам хоёр үе шатны ажил

Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Шударга мэдээ2021/08/30
Коронавируст халдварын шинэ давлагаа үүсээд буй өнөөгийн нөхцөл байдалтай танилц...
-
Цаг үе2020/06/08
Өнөөдөр Австрали, Филиппин улсаас 263 иргэн эх орондоо ирнэ
-
Шударга мэдээ2019/09/05
Ноосны урамшууллыг килограмм тутамд 1500-2000 төгрөгөөр тооцно
-
Шударга мэдээ2025/08/21
Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ
