Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав.
Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Монгол, Хятадын харилцаа нь тухайн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг талууд дахин нотолж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур эрх ашиг, чухалчлан үзэж буй асуудлаар харилцан биенээ дэмжиж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж буйг санал нэгтэй тэмдэглэв.
Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хөгжлийн стратегийг харилцан уялдуулах, худалдааны хэмжээг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хилийн боомтыг харилцан холбох, харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдийн явцыг түргэтгэх, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтрах, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиролцов.
Хоёр улс НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд олон улсын тавцан дахь харилцан бие биеэ дэмждэг уламжлалт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Талууд уулзалтын үеэр олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар мөн санал солилцлоо.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2025/03/10
Гандантэгчэнлин хийд Их хааны шүтээн хөргийг эрхэмлэн заллаа
-
Урлаг спорт2025/07/03
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
-
Улстөр нийгэм2020/07/01
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
-
Цаг үе2022/10/07
Гадаад зах зээлд борлуулсан нийт бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхай, олборлох а...