Улстөр нийгэм
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны аравдугаар сарын 27-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр, Хүний хөгжил сангаас шилжин ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгаснаар Ирээдүйн өв санд хуримтлал үүсэж эхэлсэн хэмээгээд, 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2,7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн гэлээ.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2020 онд, сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулах тухай, 2022 онд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилна гэж үаасан. Үүний дагуу 2023 онд тус санд 550 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд 2024 онд 1,3 их наяд төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэхээр байгааг Сангийн сад мэдээлэлдээ дурдав.
Сангийн яам нь тус сангийн хөрөнгийн удирдлагын хэрэгжүүлэхдээ хуримтлуулсан хөрөнгийн найдвартай, аюулгүй байдлыг хангахад анхаар байгааг тэрбээр онцлоод, хуульд заасны дагуу 2024 оны 12 сарын 31 гэхэд бий болох 4.3 их наяд төгрөгийн хуримтлалыг 2025 онд Ирээдүй өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацид хүлээлгэж өгөхөөр одооноос бэлтгэл ханган ажиллаж байна гэв.
Асуулгын хариутай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, сангийн хөрөнгийн зарцуулалт, хуваарилалтыг 2025 оныг хүртэл таван жилээр хойшлуулсны үндэслэл, энэ хугацаанд инфляци, ханшийн уналтын нөлөөгөөр сангйин хуримтлалын үнэ цэнэ хэчнээн хувиар унасан, алдагдсан болмжийн тооцоог хийсэн эсэх, сангийн удирдлагыг хэрэгжүүлэх компанийг сонгох ажил ямар шатанд явж байгаа талаар асуув. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Ирээдүйн өв сангийн удирдлагыг 2025 онд хүртэл Төрийн сангийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэхийг хуулиар Сангийн яаманд үүрэг болгосны дагуу бид ажиллаж байгаа, үнэ цэнийг хадгалах, нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй найдвартай, аюлгүй байдлыг хангахад анхаарч байна, алдагдсан боломжийн тухайд зөвхөн Ирээдүйн өв санд бус Монгол Улсад бүхэлд нь оногдоно хэмээн хариулсан юм. Тэрбээр Төрийн сангийн удирдлага ихээхэн хүнд үеийг туулсан тухай дурдаад, Засгийн газар дотоод болон гадаад өр дээр дефолт үүсгэхгүйгээр бүх зүйлийг амжилттай зохицуулж чадсан гэсэн юм. Мөн сангийн удирдлагыг хэрэгжүүлэх компанийг сонгох ажил үргэлжилж байгаа талаар тэрбээр товч дурдав.
Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, 2022 онд Ирээдүйн өв санд яагаад хуримтлал нэмээгүй, хуримтлалын найдвартай байдлыг хэрхэн хангаж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хууль зүй зохитойгоор хэрэгжээд явсан бол өнөөдрийн үнэ цэн нь ямар байх байсан тухай болон нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгийн өгөөжийг хуримтлуулах Баялгийн сангийн талаар Засгийн азар ямар чиглэл барьж байгаа талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн жил хүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас олгосон нь төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн, сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйл явдал болсныг шүүмжлэв. Сангийн сайд Б.Жавхлан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан хоёр өөр болохыг тайлбарлаж, 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс Ирээдүйн өв санг төрийн сангаас тусгаарлаж, жинхэнэ ассет менежментийн удирдлагаар ажиллуулна гэлээ. Мөн, хүүхдийн мөнгийг тус сангаас олгосон нь төсвийн алдагдал санхүүжүүлсэн хэрэг биш гэдгийг онцолж, Засгийн газар анх 8.8 их наяд төгрөгийн буюу 12 хувийн алдагдалтай төсөв хүлээн авснаа одоо 2.8 хувь болтол бууруулж чадсан гэлээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэв. Тэрбээр, Ирээдүйн өв санд нийт 5.4 их наяд төгрөг цугларснаас одоо 2,7 их наяд төгрөг хадгалагдаж байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6.3.1-д, сангийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, арвижуулна гэж заасан боловч харамсалтай нь арвижаагүй, үнэ цэнээ алдсан. Үүнд хариуцсан хүмүүс нь санаачлагагй ажиллаж байна, төрийн мөнгө учраас эзэнгүй байна хэмээн шүүмжилсэн юм. Тэрбээр хуулийн заалтууд хэрэгжээгүй талаар нэг бүрчлэн танилцуулаад, тус сан ажиллаж, өгөөжөө олох боломж байсан гэдгийг онцолж, хөрөнгийг Монголбанканд хадгалж байхаар нийслэлээс гаргах жилийн 17 хувийн өгөөжтэй бондод оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр гадаад улсуудын баянгийн сангуудыг жишээлэн ярьж, 2025 он хүртэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй тул Ирээдүйн өв сангийн удирдлагыг төрийн сангаас тусгаарлах хугацааг эргэн харж, үр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийж өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэлээ.
Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасүрэн тайлбар хэлэв. Тэрбээр, Ирээдүй өв сангийн хөрөнгөөс Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу нэмзэг бүлгийн хүүхдийн мөнгийг олгоод, үлдсэнийг нь бүх хүүхдүүдэд хадгаламж хэлбэрээр олгох нь зүйтэй гэсэн өөрийн хувийн болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн саналыг хэлэв. Энэ нь төсөв тэлэлттэй, инфляцыг магадгүй гэсэн үндсэн дээр нийт эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чухал үр дүнтэй гэж тус зөвлөл үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Баялгийн сантай байхаар, түүний хуримтлалын дийлэнхийг ард түмэнд олгоно гэж заасан хэмээн тэрбээр дурдаад, Баялгийн сангаа бий болгож түүнээсээ Ирээдүйн өв сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын хуулийн заасан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 2.0 хувиар бүрдүүлэх Тэтгэврийн нөөц сангийн дутагдах хөрөнгийг Баялгийн сангаас санхүүжүүлж иргэддээ хадгаламжтай болгох нь зүйтэй гэсэн юм. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн байгалийн баялгийг ирээдүй ба өнөөгийн үеийнхэнд тэгш, хүртээмжтэй, шударга хуваарилна гэсэн зарчимд нийцнэ гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас 2020 онд өргөн мэдүүлж, батлуулах хуваарьтай байсан боловч одоо болтол өргөн баригдаагүй байгааг сануулсан юм. Тэрбээр, алдагдсан боломжийн өртөг гэж тооцвол маш өндөр тоо гарч магадгүй хэмээгээд, энэхүү хуримтлалын сангийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, ирээдүйн үеийнхэнд зориулагдсан байгалийн баялгийн сан маань ямар байдалтай болчихсон бэ гэдэгт дүгнэлт хийвэл зохино гэлээ. Энэ талаар Төсвийн байнгын хорооноос хийсэн судалгааны тайланг ойрын хугацаанд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхийг тэрбээр тус Байнгын хороонд зөвлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
-
Цаг үе2021/01/27
Ховд аймагт "Ковид-19" халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдлээ...
-
Улстөр нийгэм2025/05/21
Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна
-
Улстөр нийгэм2020/09/17
Сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзав
-
Улстөр нийгэм2023/04/26
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
