Цаг үе
Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барих гэж буй аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд олгосон газар олголтыг яаралтай цуцалж, барилга барих ажлыг зогсоох үүргийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн. Тэгвэл өнөөдөр Хотын дарга тухайн байршилд ажиллан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагатай уулзлаа.
Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байна.
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал:
-2005 онд тус барилгын суурийг цутгасан бөгөөд 2023 он хүртэл ямар ч ашиглалтгүй, балгас болсон байсан. 2023 оны зургаадугаар сараас “Мөргөл Уул” ХХК “Бид өөрсдийн газар дээрээ барилга барина” гэж манай эмнэлэгт амаар мэдэгдсэн. Манай эмнэлэг 1000 гаруй ажилтан, албан хаагчтай, мөн амбулаториор өдөрт дунджаар 3000 хүн, хэвтэн эмчлүүлэх 500 хүн үйлчлүүлдэг бөгөөд тэдгээр иргэдийн гэр бүл ирдэг. Мөн АШУҮИС-ийн оюутнуудын суурь бааз манай эмнэлэг дээр ажилладаг. Тэгэхээр өдөрт дунджаар 5000-6000 хүний хөдөлгөөний эрчим, машины урсгал явагддаг гэсэн үг. 2019 оны зун нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто зогсоолын тохижилт хийж өгсөн. Манай эмнэлгийн ажилчид эмнэлгийн зогсоолд автомашинаа тавьдаггүй хэдий ч иргэдэд зогсоол хүрэлцдэггүй. Эмнэлгийн зүгээс тус газрын асуудлаар НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, БХБЯ, ОБЕГ-т бичиг албан бичиг хүргүүлээд байгаа.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Өдгөө эмнэлгийн авто зогсоолын хүчин чадал хэтэрчихсэн байхад дахиад 20 давхар контор, орон сууцны зориулалттай барилгын оршин суугчид авто машинаа хаана шингээх юм бэ. Бид олон жилийн өмнөх газар олголтын алдааг шүүн тунгаах гэсэн юм биш. Гол нь эмнэлгийн хашаан дотроос газар эмтэлж аваад, орон сууц барих нь зохимжгүй зүйл. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн тус аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулах хэрэгтэй. Мэдээж хувийн аж ахуйн нэгжийг хохироож болохгүй тул дэд төвүүдийн хүрээнд газрыг нь нөхөж олгох зохицуулалт хийх боломжтой. Нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж, захиргааны актыг цуцалж болно. Уг газрын эрхийг цуцалбал дахиж барилга барихгүй, авто машины зогсоол байгуулах хэрэгтэй.
Ийнхүү Нийслэлийн Засаг дарга тухайн газар эзэмшигч “Мөргөл Уул” ХХК-д мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагаа явуулах, харилцан тохиролцох үүргийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өглөө.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.