Цаг үе
“Алтай” хотхонд сургууль байгуулж, орц, гарцыг нэмнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт өнөөдөр Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай” хотхонд байгуулах сургуулийн газар чөлөөлөлт, хотхоны орц, гарцыг нэмэх асуудлаар газар дээр нь ажиллав.
“Алтай” хотхоныг анх 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хороолол нэртэйгээр байгуулсан. Хотхон дотор улсын сургууль, цэцэрлэг, дөрвөн талдаа орц, гарц бүхий авто замтай байхаар төлөвлөсөн боловч харамсалтай нь уг төлөвлөлтийг хийж чадаагүй байна. Өдгөө тус хотхонд 18 мянга орчим иргэн оршин суудаг бөгөөд хотхоны замын урд талын түрээсийн байранд 1200 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа юм.
Хотын дарга уг асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Г.Гангамөрөн, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон “Тайгам-Алтай” ХХК-ийн төлөөлөлтэй газар дээр нь ажилласан юм.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Алтай хотхоны баруун хойд үзүүрээс буюу хуучнаар Мод боловсруулах үйлдвэрийн ойролцоох замыг чөлөөлөн 360 метр чулуун зам тавибал дөрвөн тал руугаа гарцтай болж, хотхон дотроо түгжирдэг асуудлыг шийдэх боломжтой. Мөн тус хотхонд сургууль байхгүй учир нэг га газрыг чөлөөлж, 960 хүүхдийн сургууль байгуулах боломжтой. Сургууль байгуулах газарт өртөж буй дулааны шугам сүлжээ зайлуулахтай холбоотой асуудлыг шийдэн, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх хэрэгтэй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гаргасан алдаа бол орон сууцны хороолол байгуулахдаа сургууль, цэцэрлэг төлөвлөөгүй явдал. Иймээс энэ алдааг засаж, хотхон, хороолол дунд сургууль, цэцэрлэг нэмж барихаас гадна орц, гарцыг нэмэхэд анхаарна. Мөн арванхоёрдугаар сарын 6-наас дүүргүүд рүү худалдан авах ажиллагааны эрхийг шилжүүлэх тул дүүргийн удирдлагууд яаралтай тендерүүдээ зарлан, нэгдүгээр сар гэхэд гэрээгээ хийж, гуравдугаар сард бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байх ёстой” гэв.
Мөн Хотын дарга “Алтай” хотхоны орц, гарцын зураг төсөлд дахин тодотгол хийж, асфальт бетон зам хийлгүй, осол аваар гарсан үед хуулж, засвар хийх боломжтой чулуун зам тавихыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Цаг үе2023/12/27
Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юан...
-
Цаг үе2026/03/04
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад олон түвшний уулзварыг шинээр ба...
-
Цаг үе2022/08/30
Чыби: Шахмал цайг түшиглэн нутгийн иргэдийн орлогыг өсөн нэмэгдүүлж байна
-
Цаг үе2020/12/18
Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр 200 иргэнийг суралцуулахаар боллоо
