Цаг үе
Энэ онд 200 гаруй автобусны дулаан гарааш ашиглалтад орно
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчмын 9.8 га газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн авто бааз байгуулж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт орчимд байгуулж буй “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус бүтээн байгуулалтуудын явцтай танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Морингийн даваа орчимд байгуулж буй авто баазын бүтээн байгуулалтын хүрээнд автобусны дулаан зогсоол, авто угаалга, засварын төв, гадна засварын байгууламж, агуулах, уурын зуух, төрийн үйлчилгээний төв, удирдлагын нэгдсэн төвийг барихаар төлөвлөсөн. Гүйцэтгэгчээр “Улз буянт пропертиз” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлжээ. Нийт 110 автобусны багтаамж бүхий дулаан гараашны ажлыг энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байна. Гарааш болон халаалтын зуух ашиглалтад орсноор үйлчилгээнд явж буй автобуснууд дулаан гараашт байрлах боломж бүрдэх юм.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат:
-Морингийн давааны авто баазын бүтээн байгуулалтад хүндрэл гараагүй. Энэ оны дөрөвдүгээр сард тендер нь зарлагдсан бөгөөд ажлын графикийн дагуу бүтээн байгуулалт үргэлжилж байна. Тахилт дахь авто баазын хувьд багагүй асуудал үүссэн. Тус авто баазын ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд 11 аж ахуйн нэгж 13 ажлыг хуваан хэрэгжүүлж байгаа. Аж ахуйн нэгж хоорондын ажлын уялдаа хамаарлаас үүдэн хүлээгдэж буй ажлууд бий. Мөн зарим аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байдлаас үүдэн хугацаа алдсан асуудал ч байгаа. Тахилт орчимд байгуулж буй тус дулаан гарааш нь 110 автобусны багтаамжтай. Эхний ээлжид буюу энэ онд багтаан 55 автобусны гараашийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх онд үлдсэн 55 автобусны гараашийн ажлыг дуусгана. Гараашнаас гадна автобус угаалгын төв, засварын төв зэрэг объектыг барьж байгаа бөгөөд одоогоор 28 автобусны угаалгын болон засварын төв ашиглалтад ороод байна. Ийнхүү энэ онд Морингийн даваа болон Тахилт орчимд байгуулж буй автопаркийн эхний ээлжийн объектууд ашиглалтад орсноор ойролцоогоор 200 гаруй автобусыг дулаан гараашт байрлуулах боломж бүрдэнэ. Шинэ автобуснууд орж ирэх гэж буйтай холбогдуулан автобусны гарааш, халаалтын зуухыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагыг гүйцэтгэгчдэд тавьж байгаа. Тус хоёр байршил дахь авто баазын ажил ирэх онд бүрэн дуусна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд тодорхой хугацаа өгсөн бөгөөд заасан хугацаанд ажлаа бүрэн дуусгаагүй бол гэрээг цуцалж байгаа хэмээлээ.

Шинээр орж ирж буй автобуснуудыг хотын төв болон баруун, зүүн талд хуваарилан байрлуулахаар төлөвлөсөн. Хотын баруун болон зүүн зүгт холын чиглэлийн автобуснууд явдаг бөгөөд голчлон дунд болон их багтаамжийн автобуснуудыг хуваарилдаг байна.

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар:
-Манай байгууллагад 170 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. 2018 онд эхэлсэн авто баазын бүтээн байгуулалт удааширснаас үүдэн стандартын бус байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл нийт автобусныхаа 50 орчим хувийг дулаан гараашт байрлуулж, үлдсэнийг нь гадаа зогсоон, хүнд нөхцөл байдалтай байна. Стандартад нийцсэн дулаан гарааш, авто баазууд ашиглалтад орсноор ажилчдын ажиллах нөхцөл сайжрахаас автобуснууд иргэдэд үйлчлэхдээ дулаан зогсоолоос гарах зэрэг ач холбогдолтой гэв.

Эхний ээлжийн автобуснууд арванхоёрдугаар сарын 29-нд ирэх тул авто баазуудын ажлыг шуурхай гүйцэтгэн, дулаан гараашийг яаралтай ашиглалтад оруулахыг Хотын дарга холбогдох албаныхан болон гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.

Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Урлаг спорт2023/09/26
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүд эхний хожлоо авлаа
-
Цаг үе2020/10/13
Л.Мөнхгэрэл: Ойн далбига мөөгийг хорт хавдар, вирусийн эсрэг үйлчлэлтэй болохыг ...
-
Улстөр нийгэм2025/12/25
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
-
Цаг үе2021/07/23
Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын 22 цэг ажиллана
