Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

С.Пагам-Орлом: Арьс, гоо заслын салбар эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг салбар байх боломжтой

Огноо:

,

Сайхан байх гэдэг хүний төрөлхийн хүсэл тэмүүлэл. Тэрхүү хүсэл тэмүүллийг нь бодит болгоход тусалдаг арьс, гоо заслын салбарын өнөөгийн хөгжил, ирээдүйн талаар бид Монголын анхны арьс гоо заслын эмнэлгүүдийн нэг болох BeauMonde эмнэлгийн захирал Пагам-Орломтой ярилцлаа. Манай улсын арьс гоо заслын анхны мэргэжлийн эмнэлгүүдийн нэг BeauMonde эмнэлэг байгуулагдаад 15 жил болжээ. Өнөөг хүртэл ажилласан туршлагаасаа харахад энэ салбарын хөгжил өнөөдөр манай улсад ямар түвшинд байна гэж та бодож байна вэ?

Анх 2009 онд Шанхайд сурч ирээд Монголдоо анхны IPL лазер эмчилгээг нэвтрүүлэн эмнэлгээ нээж байлаа. Түүнээс хойш дандаа л хамгийн орчин үеийн технологи, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлдэг байхын төлөө 15 жил ажиллажээ. Одоо бол гадаадын аль нэг оронд очихдоо ижил төстэй эмнэлгүүдээр ороход манай эмнэлгүүд ерөөсөө ч хоцрогдоогүй, яг ижил түвшинд явж байгаа нь мэдрэгддэг.

Тэгэхээр бид, бас энэ салбар маань өнгөрсөн хугацаанд чамгүй хөгжжээ. Салбар өөрөө дандаа өндөр технологи ашигладаг учраас тэр хэрээр бид цаг алдалгүй судалгаагаа сайн хийх, эмчилгээ үйлчилгээгээ судлах, нэвтрүүлэх хэрэгцээтэй байдаг нь ингэж хурдацтай хөгжихөд нөлөөлдөг болов уу. Үүнд бас манай Монгол үйлчлүүлэгчдийн шинэ соргог зүйлд тэмүүлдэг, гоё сайхан байх дуртай зан төлөв нь ч нөлөөлж байна. Хүмүүс гадагшаа чөлөөтэй зорчдог болсон болохоор Солонгос, Японд, Америкт очиж ирээд манай Монголын эмнэлгүүд дутахааргүй зарим нэг талаар илүү ч үйлчилгээ үзүүлдэг юм байна гэдгийг ойлгоод ирдэг, хэлдэг юм. Нөгөө талаар арьс арчилгааны технологи хамгийн өндөр хөгжиж байгаа Япон, БНСУ зэрэг орнуудтай манайх ойрхон, харилцаа холбоо сайтай, эмч мэргэжилтнүүд нь хамтран ажилладаг, мэргэжил дээшлүүлдэг болсон зэрэг зүйлс нөлөөлж байна. Арваад жилийн өмнө эмнэлгээ байгуулж байхад тоотой хэдхэн эмнэлэг байлаа. Гэтэл одоо зөвхөн бүртгэлтэй 270- 290 эмнэлэг байна.

No description available.

Дээрээс нь эмнэлгийн тусгай зөвшөөрөлгүй хэр нь эмнэлэгт хийх ёстой үйлчилгээг үзүүлж байгаа гоо сайхны салонууд маш олон болсон. Энэ тоо жишээ нь салбар өөрөө хэрхэн хурдтай өсөж томорч байгааг харуулж байна. Үүнийгээ дагаад сайн муу зүйл олон байгаа ч зах зээлийнхээ зарчмаар шигшигдээд илүү сайжраад явах болов уу. Гол нь хүмүүс маань гоо сайхны салон болон мэргэжлийн эмнэлгийн ялгааг олж харах, өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр нэмэгдэж байгаа зар сурталчилгаанаас үнэн бодит байдлыг нь ялгаж сурах нь чухал юм.

-Сурталчилгаа гэснээс гоо сайхны эмнэлгүүд, бүтээгдэхүүний сурталчилгаа дээр 5 насаар, 10 насаар залуужуулна гэж их бичсэн байдаг. Яг үнэндээ энэ хэр үнэний хувьтай вэ, ийм байх боломжтой юу?

Мэдээж арьсаа арчилсан хүн арчлаагүй хүн хоёрын хооронд ялгаа байна гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ яг ямар технологи, ямар бүтээгдэхүүн онцгой сайн үр дүн харуулж байна вэ гэдэг нь сонин.

Жишээ нь манай эмнэлгээр 10-15 жил үйлчлүүлж байгаа харилцагч нараасаа харж байхад тогтмол давтамжтайгаар, тууштай арьс арчилгаа хийлгээд явдаг хүмүүс яг ижилхэн насны хүмүүсээсээ яах аргагүй 5-10 насаар залуу харагддаг. Тэгэхдээ сурталчилгааны хэллэг шиг нэг удаа аль нэг үйлчилгээнд ороод 5-10 насаар залуужна гэвэл дэгс зүйл. Өөрөөр хэлбэл бид өнөөдрөөс арьсаа арчлаад эхэлж байгаа хүнийг 10 жилийн дараа гэхэд өнөөдөр байгаа арьсныхаа гоо сайхныг хадгалсан байх, хөгшрөлтийг нь удаашруулсан байхыг зорихоос биш одоо 5 насаар залуужуулаад өгнө гэж хэлээд янз бүрийн зүйл шахаад мөнгийг нь үрэх бол ёс зүйгүй асуудал. Нөгөө талаас энэ технологиуд чинь маш олон удаа, шинжлэх ухааны үндэстэйгээр судлагдчихсан, энэ салбарт маш их хөрөнгө оруулалт хийгддэг учраас хуурамч байх, үр дүнгүй байх үндэслэлгүй юм. Гол нь тухайн үйлчилгээ дээр яг шаардлага хангасан аппаратыг нь ашиглаж байна уу, тухайн технологийг ашиглаж байгаа хүн хэр зэрэг туршлагатай, мэдлэгтэй, зөв ашиглаж байна вэ гэдэг чухал. Нөгөө талаас хүн гоё сайхан, залуу байна гэдэг бол дан ганцхан арьс арчилгааны асуудал биш юм. Тухайн хүний сэтгэлзүй, амьдралын хэв маяг, амьдралын чанар, идэж байгаа хоол хүнс, найз нөхдийн хүрээлэл зэрэг маш олон зүйлүүд нийлж байж хүнийг эрүүл, сайхан харагдуулдаг юм болов уу.

No description available.

-Тэгвэл гоо сайхан байх, арьсаа арчилдаг байх, түүнд цаг зав, мөнгөө зарцуулдаг байх нь хүнд яагаад чухал юм бэ?

Би хувьдаа хүн гоё арьстай байх нь амжилттай байх эхний алхам гэж боддог. Энэ нь нэгдүгээрт хүнд өөртөө итгэх итгэлийг бий болгож байдаг. Хүний өөдөөс цэх шулуун хараад бүрэн дүүрэн ярих, өөрийгөө илэрхийлэх тэр итгэлийг өгч байдаг. Тэгэхлээр арьс арчилгаа гэдэг бол тухайн хүний амьдралын чанар, ажил бизнес, нийгмийн карьерын гол үндэс нь. Ямар ч хүн хөөрхөн, сайхан хүнтэй харилцах дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр сайхан арьстай, өөрийнхөө бие галбир царай төрхдөө итгэлтэй байдаг хүмүүсийг амжилт ч мөн дагадаг. Өөртөө тавих анхаарал нэмэгдэхийн хирээр тухайн хүний бизнесийн, улс төрийн карьер өсөж байдаг маш олон жишээ би мэднэ. Манай үйлчлүүлэгчдийн ихэнх нь салбар салбартаа амжилттай яваа улс төрчид бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, эрчүүд байдаг. Тэд маань энэ зүйлийн ямар чухлыг нь, өөрт нь ямар их үнэ цэн авчирдгийг нь мэдэж, мэдэрч байгаа учраас л ингээд тууштай яваад байгаа хэрэг шүү дээ. Тийм ч учраас, бид ч бас анхнаасаа хамгийн сайн, өндөр үр дүнтэй эмчилгээ үйлчилгээг санал болгож, үүнийгээ мэргэжлийн түвшинд үзүүлэх сайн боловсон хүчин, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэнэ, тэгээд үйлчлүүлэгч бүрд хамгийн өндөр үр дүнг гаргана гэдэг л зорилт тавьж ирсэн. Энэ хүрээндээ ч үргэлж сайжирч, туршлагажиж ирсэн байна. Удахгүй бид шинэ эмнэлгээ нээх гэж байна.

No description available.

-Шинээр нээгдэх эмнэлгийн онцлог юу байх вэ?

Гоо сайхны эмнэлэг гэхээр хүмүүс нэг бол иллэг массаж хийдэг газар эсвэл хэдэн хүүхнийг адилхан царайтай болгодог газар гэж ойлгоод байдаг. Гэтэл хүн гоо сайхан байна гэдэг дан ганц арьс арчилгаа биш гэж дээр ярьсан. Тэгэхээр шинээр нээсэн эмнэлэг маань гоо сайхны мэс засал, үсний эмчилгээ, эрүүлжих, тураах үйлчилгээ, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн далд гоо сайхан, шүдний эмчилгээ зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг эмнэлэг байх юм. Энэ бүгд нийлээд тухайн үйлчлүүлэгчид маань системтэйгээр үр дүн өгснөөрөө энэ хүн гоо сайхан болно гэдэг агуулгаар эмнэлгийнхээ концепцийг гаргасан. Салбарынхаа хөгжлийг дагаад мөн олон жил үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийнхээ итгэлтэй газраасаа, нэг дороос бүх үйлчилгээг авдаг байх хүсэл сонирхлынх нь дагуу ийм болгож өргөжихөөс ч аргагүй юм. Хүмүүс цаг хугацаагаа хэмнээд найдвартай газраас нэг дор олон үйлчилгээг авах, гэр бүлээрээ үйлчлүүлэх хэрэгцээтэй болж байна. Түүнд нь нийцүүлсэн үйлчилгээнүүдийг бид үзүүлэхээр төлөвлөсөн. Мэс заслын тухайд бид голчлон нөхөн сэргээх чиглэлд төвлөрнө. Төрсний дараах далд гоо сайхны хагалгаа, хөх томруулах хагалгаа, магадгүй гэнэтийн ослоос ч юм уу хамраа гэмтээсэн бол хамрын гоо сайхны хагалгаа хийх гэх мэт. Шүдний гоо сайхны, нөхөн сэргээх эмчилгээ мөн хийгдэнэ. Сайхан инээмсэглэл чинь хүний хамгийн чухал чимэг. Мөн гэр бүлээрээ үйлчлүүлэхэд боломжтой байх үүднээс өсвөр насны хүүхдүүдэд тохирсон арьс арчилгаа, хүүхдийн шүдний эмчилгээ зөвлөгөө өгөх зэргээр ажиллах юм. Түүнчлэн бид энэ салбартаа олон жил ажилласан туршлагатай эмнэлгийн хувьд салбараа дэлхийн жишигт хүргэчих юм сан гэдэг зорилгоо ч бодсон бусад эмнэлгүүдээ хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, тариа тарилга зэргээр хангадаг ханган нийлүүлэгчээр ажиллаж эхлэхээр болсон. Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн тариа тарилга, дагалдах хэрэгслээ дандаа хамгийн сайн гэсэн үйлдвэрлэгчдээс өөрсдөө захиалж авч хэрэглэж ирсэн. Гэтэл зах зээл дээр тэдгээрийг ганзагаар оруулж ирэх, хувь хүн оруулж ирээд хадгалалт хамгаалалт алдагдах гэх мэт асуудлууд байдаг. Гоо сайхан гэдэг хүний хамгийн эмзэг чухал зүйл учраас бүтээгдэхүүний найдвартай байдал, ариун байдал, чанар гэдэг юу юунаас илүү чухал шүү дээ. Тийм учраас бид дэргэдээ ханган нийлүүлэх байгууллагатай болсон. Түүнээс гадна бид хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор дэргэдээ лаборатори ажиллуулж байна. Энэ давхар өөрсдийгөө ч эрсдэлээс сэргийлж байгаа хэрэг. Ер нь миний хувьд анх энэ салбарт ажиллаж эхлэхдээ л хүнийг гоо сайхан байлгахад туслах бүх боломжийг нэг дор төвлөрүүлсэн, нэг хаалгаар ороод бүх үйлчилгээгээ авч болох тийм боломжийг бүрдүүлэх сэн гэж хүсдэг байсан тэр зорилгоо бодит болголоо.

No description available.

 

Та түрүүнд салбараа дэлхийн жишигт хүргэхийн төлөө ажилладаг гэж ярилаа. Энэ салбар хөгжих нь эдийн засагт болоод улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулах боломжтой юм бэ?

Өнөөдрийн байдлаар манай салбарт 300 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байдаг. Бараг л уул уурхайн салбарын дараа орох байх. Тэгэхээр энэ их мөнгө гадагшаа гараад явчих боломжтой байсан гэсэн үг шүү дээ. Анх бол манайхан гоо сайхны хагалгаа, үзлэг хийлгэж зөвлөгөө авах гэж гадагшаа маш их явдаг байсан. Одоо тэр урсгалын тодорхой хэсэг нь эх орондоо үлдэж байна. Учир нь манай эмнэлгүүдийн хүчин чадал сайжирсан эмч нар маань туршлагажсан. Гоо сайхны хагалгаа гэхэд эмч өвчтөн хоёр маш сайн ойлголцох нь чухал учраас энгийн мэс заслуудыг эх орондоо хийлгэсэн нь илүү дээр болсныг үйлчлүүлэгчид маань ойлгодог болжээ. Тэгэхээр энэ салбар хөгжих тусам гадагшаа гарах мөнгөний урсгалыг эх орондоо үлдээхээс гадна гаднаас мөнгөн урсгал татах боломжтой. Жишээ нь манай эмнэлгийн хамгийн их ачаалалтай сар 6-7 сар байдаг. Энэ нь гадаадад байгаа Монголчууд маань эх орондоо амрах гэж ирэхдээ Монголынхоо эмнэлгүүдэд эмчилгээ үйлчилгээ хийлгээд явдаг үе юм. Тодорхой хэмжээний валютын урсгалыг эх орондоо авчирч байна шүү дээ тэд маань.

No description available.

Түүнээс гадна манай улсад нэмэгдэж байгаа аялал жуулчлалыг дагаад бид нар бүс нутгийн улс орнуудад тухайлбал ОХУ, ӨМӨЗО, Киргизстан, Казакстан зэрэг орнуудаас эрүүл мэнд гоо сайхны аялал жуулчлалыг татах боломжтой. Өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн орнуудаар явж үзэхэд эдгээр орны иргэд Япон, Солонгос руу явахаас арай хямд зардлаар, өөрийн орныхоос илүү өндөр түвшний үйлчилгээг манай улсаас авах боломжтой нь харагдаж байсан. Манай шинэ залуу эмч нар маань бүгд англи хэлтэй төгсөж байна. Тэгэхээр бид бүс нутгийн түвшинд технологи, туршлага аль алинаараа тэргүүлж байгаагийнх эрүүл мэнд, гоо сайхны аялал жуулчлалыг хөгжүүлэх, тухайн улс орнуудад салбар эмнэлгээ байгуулах зэргээр ажиллах бүрэн боломж бий гэж харж байна.

-Тийм юм байна. Тэгэхээр та бүхэн шинэ эмнэлгээ нээж байгаатай холбогдуулаад дахиад шинэлэг эмчилгээ үйлчилгээ нэвтрүүлж байгаа юу?

Шинэ эмнэлэг нээгдсэн, мөн 15 жилийн ой болж байгаатай холбогдуулаад бид PRP эмчилгээний цоо шинэ технологийг Монголд оруулж ирсэн. Энэ нь арьсыг нөхөн төлжүүлдэг PRP технологийг үс ургуулах, үе мөчний эмчилгээнд, чихрийн шижинд хүртэл хослуулж хэрэглэж болох шинэ технологи. Өнөөдөр дэлхий нийтээр гоо сайхны маш олон нэр төрлийн эмчилгээ тарилгууд цаг алдалгүй хөгжиж байдаг. Гэхдээ аль ч үед тухайн хүний өөрийнх нь эд эсээр нөхөн сэргээдэг энэхүү PRP эмчилгээ ердөөсөө моодноос гардаггүй, дагаад л хөгжөөд явдаг хамгийн аюулгүй эрсдэлгүй тэгсэн хэр нь үр дүнтэй байдаг. Тиймээс бид өнгөрсөн жил Америкийн, Холливудын, Дубай, Канадын алдартай эмч нар яг ямар PRP ашиглаад байна вэ гэдгийг багагүй хугацаанд судлаад энэхүү VIRTOUSE брэндийг сонгон албан ёсны түншээр ажиллаж эхлээд байна.

No description available.

Сүүлийн 10 гаран жил PRP эмчилгээ манай гол эмчилгээнүүдийн нэг байсан бас тодорхой хэмжээнд туршлагыг бид хуримтлуулсан байна. Ер нь бол PRP чинь хүнээс өөрөөс нь хамгийн сайн буюу дархлааны эсүүдийг нь сонгомлоор ялгаж аваад бие организмын хаана нь эд эсийн хөгшрөлт явагдаж, асуудал үүсэж байна тэр хэсгийг өөрийнх нь эд эсээр нөхөн сэргээх боломжтой эмчилгээ. Тэгэхээр энэ шинэ PRP-ын онцлог бол өмнөхөөсөө илүү өргөн хүрээнд жишээ нь шүдний буйлыг нөхөн сэргээх, имплант суулгах, хүнд хагалгааны шарх хурдан эдгээж чадахгүй байх үед, мөн дээрээс нь гоо сайхны эмнэлгүүд арьсны эмчилгээ үйлчилгээнд ашиглахаас гадна үс ургуулах, тэр бүү хэл үе мөчний нөхөн сэргээлт, чихрийн шижинд хүртэл ашиглаж болох ийм эмчилгээ юм.

Өмнө нь PRP гэхээр нэг хуруу шилэнд цуснаас сийвэн ялгаад тарьчихдаг гэсэн энэ ойлголтыг эвдээд маш өндөр технологийн аргаар 5-аас 10 төрлөөр бий болгоод үйлчилгээ болгон дээр сонгомлоор ашиглах боломжийг бий болгож өгснөөрөө VIRTOISE онцгой байна. Тэгэхээр дан ганцхан бид нар өөрийнхөө эрх ашгийн төлөө биш нийт хүмүүсийг эрүүл аюулгүй эмчилгээ авахад бас тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байгаа гэж бодож энэ технологийг нэвтрүүлээд ажиллаж байна.

Сүүлийн асуулт. Эмнэлгүүд маань олон болж хөгжихийн хэрээр үнийг дагаад янз бүрийн эрсдэлүүд гарах, үйлчлүүлэгчдийн дунд эргэлзээ үүсэх, мэс засал хийлгэхийн сайн муу тал гээд маш их сэтгэгдлүүд байдаг. Энэ тал дээр танай эмнэлэг хэрхэн ажиллаж ирсэн бэ?

Өнгөрсөн 15 жилийн хугацаанд манай эмнэлэг дээр харьцангуй гомдол санал гарах нь бага байсан. Энэ нь магадгүй манайх мэсийн бус эмчилгээнүүд дээр төвлөрч үйл ажиллагаа явуулж ирсэнтэй холбоотой байх. Гэхдээ ямар ч эмчилгээ үйлчилгээг хийлгэхээсээ өмнө бид нар эрсдэлээ заавал тооцдог байх хэрэгтэй. Эрсдэлийг тухайд хаа ч адилхан шүү дээ. Солонгост жишээ нь бид хамрын хагалгаанд орлоо гэхэд л хагалгааны явцад эсвэл нойрсуулах явцад ямар нэгэн эрсдэл тохиолдоод амь насаа алдлаа гэхэд гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулаад л хагалгаанд оруулдаг. Тухайн хүний биеийн байдал, гэнэтийн ямар ч зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Гол нь асуудал тулгарлаа гэхэд мэргэжлийн ур чадвартай эмч нар яаралтай арга хэмжээ авах боломж, техник хэрэгсэл бүхий найдвартай эмнэлэг, туршлагатай эмчээ л зөв сонгох хэрэгтэй. Энгийн тарилга хийлгэхэд хүртэл арьс руу хатгалт хийгдэнэ гэдэг утгаараа ариутгал, бүтээгдэхүүний найдвартай газарт үйлдвэрлэгдсэн эсэх , зөв тээвэрлэгдсэн үү, хадгалалт ямар горимд байсан, ямар эмчээр хийлгэх вэ зэрэг бүгд чухал.

No description available.

Солонгос бол жишээ нь 40 жилийн өмнөөс энэ салбараа бодлогоор хөгжүүлээд анагаахын сургуулиуд нь пластик гоо сайхны мэс заслын ангиар эмчээ бэлтгэж байна. Манай тухайд дандаа мэргэшүүлэх байдлаар богино хугацааны сургалтуудаар эмч нараа бэлдэж байна. Голцуу хувийн хэвшлийнхэн эмнэлгүүд өөрсдөө эмч мэргэжилтнүүдээ сургалтад хамруулах, гаднаас эмч урьж сургалт авах гэх зэргээр л бэлтгэж ирлээ. Тэгэхээр энэ салбарыг хөгжүүлэх бодлогын түвшинд тар засаг биш юм гэхэд ядахдаа бид холбоогоороо дамжуулаад Америкийн, Солонгосын эмч нараас нэгдсэн байдлаар суралцдаг, хамтдаа хөгждөг байх нь чухал гэж бодож байна. Тэгж чадвал энэ салбар гадагшаа урсаж байгаа олон сая долларыг эх орондоо үлдээх эргээд эх орондоо валютын урсгал татдаг, жуулчдыг авчирдаг, эдийн засагт өндөр хувь нэмэр оруулдаг салбар болж хөгжих бүрэн боломжтой.

Ярилцсанд баярлалаа. Хүсэж төлөвлөж байгаа бүхэнд нь амжилт хүсье.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Огноо:

,

Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.

Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/04/17

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ2026/04/17

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе2026/04/17

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе2026/04/17

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ2026/04/17

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм2026/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе2026/04/17

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм2026/04/17

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох