Шударга мэдээ
"Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Welcome to Mongolia болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр "Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөрийг энэ оны 4 дүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэллээ.
БНСУ-ын зах зээлд ажилладаг "Хадат тур”компани 2024 оны эхний жуулчдаа хүлээн авсан ба өнөөдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн малчин Б.Цогтгэрэлийнд түр буудаллаж, хонийг нь зүсэлж өгөв.
Хоньтой болсон жуулчид хүсвэл хонио гарган төхөөрөх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь "Own liveStock" апп-ээр тогтмол харах боломжтой бөгөөд орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэлээ. Хонь авсан жуулчдын сэтгэл ханамж өндөр байсан ба Монгол орон, монгол хүнтэй илүү дотно, ойр танилцах боломж бүрдлээ гэв.
Энэ мэт "Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөрт хамрагдсан малчид жуулчдад зөвхөн хонь өгөөд зогсохгүй, Монгол орны нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлтой танилцуулж, өглөө, өдөр, оройн хоол, морь унах үйлчилгээ, нутгийнхаа байгалийн цогцолборт газраар аялуулах, хөтөч хийх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлснээр төлбөр авах юм.
Уг арга хэмжээг БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, "Хөх сүрэг" ХХК, БНСУ-ын зах зээлд ажиллаж буй тур, оператор компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2020/09/15
УОК-ын дарга Я.Содбаатар сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ
-
Улстөр нийгэм2023/04/17
Засгийн газраас "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл"...
-
Улстөр нийгэм2023/09/07
Арьс, ширний салбарт байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх төслийн судалгааны дүн...
-
Цаг үе2023/10/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
