Шударга мэдээ
Хог хаягдлыг шатаан, эрчим хүч гарган авах үйлдвэр байгуулахаар судалж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү нар Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн нөхцөл байдлыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Улаанбаатар хотод хог хаягдал хүлээн авах гурван цэг бий. Тодруулбал,
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Нарангийн энгэрийн хогийн цэгт нийт хог хаягдлын 50 хувь
- Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цагаан давааны хогийн цэгт нийт хог хаягдлын 35 хувь
- Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгт нийт хог хаягдлын 15 хувь тээвэрлэгдэн ирдэг. Мөн тухайн байршилд хатуу хог хаягдал хүлээн авч, боловсруулах үйлдвэрийг байгуулж байгаа юм.

Тухайн цэгүүдэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн болон нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хүлээн авдаг бөгөөд өдөрт дунджаар 3000-4000 тн хог хаягдал төвлөрдөг байна. Төвлөрсөн хог хаягдлыг 2020 оноос эхлэн ландфил технологи буюу хөрсөөр хучиж даран, талбайг нь нөхөн сэргээж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 36 га талбайг нөхөн сэргээгээд байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Хог хаягдлыг дарж булах буюу ландфил технологийг халж, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэчлэх шаардлагатай байна. Ингэхдээ хог хаягдлыг ангилж хүлээн аван, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулахаар судалж байгаа. Морингийн даваанд зөвхөн барилгаас гарсан хатуу хог хаягдлыг хүлээн авна. Хог хаягдал шатаах үйлдвэр байгуулах санал өмнө нь хувийн хэвшлийн байгууллагуудаас гарч байсан. Гэвч тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй бол ашиггүй байдаг учраас уг ажил гацдаг байсан юм. Иймд энэ тал дээр эдийн засгийн судалгааг мөн хийж байгаа” гэлээ.

Түүнчлэн хогийн цэгүүдийн автопүү буюу хог хаягдлын жинг хэмжих, тооцох, тээврийн хэрэгслийн дугаарыг таних системийг шинэчилж, боловсронгуй болгох шаардлага тулгараад буй юм. Системд нэмэлт хөгжүүлэлт хийхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү нар холбогдох албаныханд даалгалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2025/12/09
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Урлаг спорт2020/02/17
Энэ сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно
-
Шударга мэдээ2024/01/25
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг ан...
-
Улстөр нийгэм2025/12/25
Монголоос өөр хэл дээр нэрлэгдэж буй газар зүйн нэрийг шинэчилж батлуулна
