Цаг үе
Мөнгөн ус асгарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ
Мөнгөн ус агуулсан халууны шил хагарсан тохиолдолд цэвэрлэгээ хийхдээ анхаарах зүйлс:
Мөнгөн усны уураар амьсгалахаас сэргийлж маск зүүнэ.
Мөнгөн усаар бохирдсон хувцсыг устгах шаардлагатай тул хуучин, муу хувцсаа өмсөх хэрэгтэй.
Мөнгөн ус нь металлтай амархан нэгдэж урвалд ордог тул гарын хуруу, бугуйн дах үнэт эдлэлээ тайлж тавина.
Хагарсан халууны шилийг цэвэрлэх арга
Цэвэрлэгээ хийхийн өмнө хуучин хувцас, резинен бээлий өмсөж, маск зүүнэ.
Мөнгөн ус асгарсан талбайг чөлөөлөх: Өрөөнд байгаа хүмүүсийг гарган, хаалгыг хаана. Мөнгөн усны уур өрөөгөөр тархахаас сэргийлэн агааржуулч, халаагчийг унтраана.
Мөнгөн ус асгарсан талбайн бүтцийг тодорхойлох: Модон, хулдаасан, пильтан гадаргуу нь цэвэрлэхэд хялбар байдаг. Харин хивс, даавуу, хөшигний гадаргууг цэвэрлэж болохгүй учир хуулж, өрөөнөөс гаргана.
Резинен бээлий өмсөнө. Шилний хагархай, үзүүртэй зүйлсийг болгоомжтой цуглуулж цаасан алчуурт боон түгжигддэг гялгар уутанд хийж мөнгөн усаар бохирдсон зүйлс гэж хаяглана.
Мөнгөн усны дуслуудын байрлалыг тогтоож, цуглуулах: Мөнгөн усны бүх дуслуудын байрлалыг тогтоосны дараа гялгар гадаргуутай хөзрөөр цуглуулна. Мөнгөн усны дусал тархахаас сэргийлж маш зөөлөн хөдөлгөөнөөр болгоомжтэй хамна. Жижиг дуслуудыг гар чийдэнгийн тусламжтайгаар байрлалыг нь тогтооно. Харанхуй өрөөний шал руу бага зэргийн өнцөг гарган гэрлийг тусган харахад шалны гадаргуу дээр мөнгөн усны дусал гялалзаж харагдана. Мөнгөн усны дуслууд нь хатуу гадаргуу дээгүүр их хол зайд тархдаг тул өрөөг бүхэлд нь сайтар шалгах хэрэгтэй.
Нүдний дусаагуур ба наадаг цаас хэрэглэх: Мөнгөн усны дуслуудыг соруулахын тулд зүүгүй тариур эсвэл нүдний дусаагуур хэрэглэнэ. Соруулсан мөнгөн усыг агаар үл нэвтрүүлэх тагтай, хагардаггүй хуванцар саванд аажмаар хийж сайтар таглан түгжигддэг гялгар уутанд хийнэ. Уутны гадна талд мөнгөн ус агуулсан зүйлс гэж хаяглана.
Том хэмжээний дуслуудыг зайлуулсны дараа, наадаг цаасаар мөнгөн усны жижиг дуслуудыг цуглуулна. Наадаг цааснуудыг түгжээтэй гялгар уутанд хийнэ. Нунтаг хүхэр эсвэл цайр нь мөнгөн усыг хар өнгөтэй болгох ба энэ нь жижиг дуслуудыг харахад хялбар болгоно. Эдгээр нунтгаар амьсгалахгүй байх хэрэгтэй.
Эцсийн устгал: Цэвэрлэгээнд хэрэглэгдсэн бээлий болон бүх материалуудыг шингэн нэвтэрдэггүй уут, хуванцар саванд хийж, лацдан тодорхой хаяглана. Ус нэвтэрдэггүй уутанд хийсэн мөнгөн усаар бохирдсон зүйлсийг орон нутгийн эмнэлгийн хорт бодис цэвэрлэх үйл ажиллагаа хариуцсан менежерт хүлээлгэн өгч эцсийн устгал хийнэ.
Агааржуулалт хийх: Цэвэрлэгээг хийж дуусгасны дараа өрөөний цонхнуудыг онгойлгон 24 цагийн турш сайтар агааржуулна. Мөнгөн усанд хордсон шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх хэрэгтэй гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Урлаг спорт2022/09/09
Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадам амралт...
-
Цаг үе2021/07/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Улстөр нийгэм2023/09/08
Лаг дахин боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэллээ
-
Улстөр нийгэм2023/06/12
УИХ: Байнгын болон дэд хороод энэ долоо хоногт...
