Цаг үе
“Шүд эрүүл бол бие эрүүл” аян эхэллээ
“Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Шүд эрүүл бол бие эрүүл” арга хэмжээ “Блю скай” зочид буудлын “Даймонд” танхимд боллоо.
Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, ЭМЯ, БШУЯ, Боловсролын ерөнхий газар, НЭМҮТ, АШУҮИС, ЕБС-ийн болон цэцэрлэгийн эмч нар оролцов.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг өргөжүүлэх, хүүхдийг бага наснаас нь амьдралын зөв хэв маягт сургах, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн болгож төлөвшүүлэхээр тусгасныг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Засгийн газрын гишүүд онцлон дурдсан.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсын Засгийн газраас шүд, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн “Амны хөндийн эрүүл мэнд-1, 2”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл хүүхэд” аяныг тус тус зохион байгуулж, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн гээд эдгээр арга хэмжээний үр дүнд шүд, амны хөндийн эмгэгийн тархалтыг бууруулж, бодлого, эрх зүйн орчныг сайжруулж, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, эмч мэргэжилтний тоо нэмэгдсэн хэдий ч шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааг хэлж байлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан уг арга хэмжээг цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой ажил болж байгааг онцолсон. Тэрбээр, бусад улс орнуудтай харьцуулахад монгол хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн асуудал яаралтай арга хэмжээ авах түвшинд хүрсэн. Амны хөндий нь хүний биеийн эрүүл мэндийн асуудалтай шууд хамааралтай учраас анхаарал хандуулж ажиллах нь маш олон эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хүүхдийн өсөлт, хөгжилд эерэгээр нөлөөлнө гэв.
Хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85 хувиас буураагүй, эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшөөгүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин нь бүрдээгүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болж байна.
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв нь улсдаа төрөлжсөн нарийн мэргэшлийн үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц төрийн өмчит байгууллага гэдгийг Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн албаны дарга Б.Эрдэнэ-Сайхан хэлсэн. Тус байгууллага нь иргэдэд харьяалал харгалзахгүй нүүр ам судлал болон шүд, гажиг засал, согог заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилдээ 100 гаруй мянган хүнд амны хөндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, сургалт явуулдаг аж.
Сургууль, цэцэрлэгийн орчинд зарагдаж байгаа хямд, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр худалдан авдаг, 2 хүүхдийн 1 нь чихэрлэг ундааг, 5 хүүхдийн 4 нь чихэрлэг хүнсийг өдөр бүр хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоосон. 2022 оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан 0-17 насны 3 хүүхэд тутмын 2-т нь 1-ээс дээш шүд цоорсон байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 51-р цэцэрлэгийн эмч Н.Цэцэг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл харьцангуй нэмэгдсэн. Уг асуудалд цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байсаар ирсэн төдийгүй хүүхдүүдэд үзлэг хийхэд 1-12 шүд өвчлөлтэй гарсан тохиолдол ч бий. Мөн амны хөндийн эрүүл мэнд муу байгаагаас шалтгаалж гэдэс, ходоодны хямрал түлхүү илэрч байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэлээ.
Иймд Монгол Улсын Засгийн газрын хүн амын амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг хэлэлцэж “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” 322 дугаар тогтоол баталж, Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг үүрэг болгосны дагуу сайд нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний хамтарсан тушаалаар 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.
“Эрүүл шүд” арга хэмжээ нь нийт 6 зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлснээр шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой болно.
Түүнчлэн ЭМЯ-наас шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 0-18 насны хүүхдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа орох эрх зүйн орчныг бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25,000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр, шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60,000 төгрөг, орон нутагт үүнээс 1.5 дахин их буюу 90,000 төгрөг болгосон нь орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй авахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг дэд сайд хэлсэн.
“Шүд эрүүл бол бие эрүүл” аяны үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх хүрээнд сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан шүд, амны хөндийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрүүл ахуй, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зохистой хооллолтын талаарх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 200 эмч танхимаар, хөдөө орон нутгийнхан цахимаар оролцож, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Амны хөндийн эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдсан асуудлууд”, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Боловсролын хуулийн шинэчлэл, эмчийн ажиллах чиг үүрэг”, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Б.Эрдэнэсайхан “Шүд, амны хөндийн эрүүл ахуйн асуудлууд”, АШУҮИС-йн Нүүр ам судлалын сургуулийн ахлах багш Ж.Дэлгэрцэцэг “Шүд амны хөндийн эмгэг, урьдчилан сэргийлэлт”, НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа “Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих асуудлууд”, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Баясгалан “Эрүүл зөв хооллолт” сэдвээр мэдээлэл хийлээ.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
