Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу шууд нислэгтэй болох талаар санал солилцов

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөрБүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхари Готсурветай уулзлаа.
Уулзалтын эхэнд дэд сайд Л.Халтар "Монгол, Энэтхэг улсууд хоорондоо алс хол зайтай оршдог ч олон жилийн түүхэн харилцаатай. Одоогоор Монголын хувийн агаарын тээврийн компаниуд 10 гаруй удаагийн захиалгат нислэг хоёр улсын хооронд үйлдсэн.
Монгол, Энэтхэгийн хооронд аялж байгаа зорчигчид Энэтхэгийн талаас газрын тос, мэдээлэл технологи зэрэг салбарт ажиллах мэргэжилтнүүд олноор ирж байгаа бол Монголоос Энэтхэг улс руу эрүүл мэндийн үйлчилгээ авах, шашны зан үйлийн арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор аялдаг. Тиймээс цаашид шууд нислэг эхлүүлэх тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаа"-гаа илэрхийллээ.
Мөн Монгол, Энэтхэгийн хооронд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тохиромжтой хувилбаруудыг судлах, туршилтын тээвэр хийх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон.
Монгол Улсад шинээр төмөр зам барих ажил эрчимтэй явагдаж, ойрын хугацаанд зүүн болон баруун босоо тэнхлэгийн төмөр замын коридорыг барьж байгуулахаар ажиллаж байна. Төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хөрш орнууд болон Бүгд Найрамдах Энэтхэг Улс зэрэг гуравдагч зах зээл руу экспортлох саналтай байна гэдгийг онцоллоо.
Ингэснээр Тавантолгойн коксжих нүүрсийг Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу экспортлох боломж нэмэгдэх юм.
Элчин сайд Атул Малхари Готсурвегийн зүгээс хоёр улсын зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж, шууд нислэгтэй болж, зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн Монгол Улсаас импортлох сонирхолтой байгаагаа хэллээ.
Ташрамд дурдахад, 2010 онд Монгол Улсын Энержи Ресурс компани коксжих нүүрсийг Алс Дорнодоор дамжуулан Энэтхэг улс руу тээвэрлэх туршилтын тээвэрлэлтийг хийж байсан. Тээврийн зардал өндөр байсан тул цааш үргэлжлэлгүй зогссон байгаа юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Орон сууцны үнэ өссөн байна
Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
-
Улстөр нийгэм2020/12/01
УИХ-ын байнгын хороо, ажлын хэсэг цахимаар хуралдана
-
Улстөр нийгэм2024/11/14
"К-Смарт авто замын цахим удирдлагын төсөл" хэрэгжиж байна
-
Цаг үе2019/08/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Цаг үе2023/03/02
Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчтэй уулзлаа