Улстөр нийгэм
Төрийн банк: “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна
Төрийн банк байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах нөгөө талаас иргэдийн байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилго бүхий “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
Бид дундаж давхаргыг дэмжигч банк байхаар зорихын зэрэгцээ гадагшаа болон дотооддоо чиглэсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээ Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан нийт харилцагч, ажилтнуудын хамтаар байгаль орчин, нийгэмд ээлтэй, эерэг нөлөөллийг үзүүлэхэд анхаарал хандуулсаар ирсэн билээ.
Тогтвортой хөгжилд чиглэсэн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэн харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тогтмол сайжруулах замаар байгаль орчин нийгэмд ээлтэй байдлыг манлайлан ажиллах зорилтынхоо дагуу бизнес эрхлэгч, хэрэглэгчийг холбох гүүр нь болж энэ төрлийн үзэсгэлэн худалдааг салбартаа анхлан санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар эрчим хүчний хэмнэлттэй эко амины орон сууц, тээврийн хэрэгсэл, цахилгаан бараа, тоног төхөөрөмж гэх мэт хэрэглэгчдийн гарт шууд хүрэх бэлэн бүтээгдэхүүнүүд борлуулагдах бөгөөд харилцагч та дараах зээлүүдийг шуурхай шийдүүлэн авах боломж бүрдэнэ. Үүнд:
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл;
- Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн зээл;
- Эко бохирын систем, дулаалгын материалын зээл;
- Эко тээврийн хэрэгслийн зээл;
- Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан барааны зээл;
- Унадаг дугуй, скүүтерийн зээл;
Мөн энэ удаагийн үзэсгэлэн худалдаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан нийт оролцогчдын 30-аас багагүй хувийг эзэлсэн байхаар зорин ажиллаж байна.
Хэзээ: 2024 оны 04-р сарын 22-28-ныг дуустал долоо хоногийн турш өдөр бүр 11:00-19:00 цагт
Хаана: МҮЭСТО
Эрхэм харилцагч таныг “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаагаар зочлон байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
