Урлаг спорт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Хоккейн үндэсний шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Кувейт Улсад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс алтан медаль хүртсэн.
Мөн залуучуудын шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Узбекистан Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хоккейн холбооны удирдлага болон Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч нарт баяр хүргэж, тив, дэлхийн тавцанд Төрийн далбаагаа мандуулсанд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Цаашид бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, зохион байгуулалтаа сайжруулан амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан хоккейн холбоо нь 60 гаруй жилийн түүхтэй гэдгийг дурдаж, Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй Спортын ордон баригдсан үеэс хоккейн спортын хөгжлийн шинэ 60 жилийн түүх бичигдэж эхэлсэн гэдгийг онцоллоо.
Дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс анх удаа алтан медаль хүртэж, III дивизионд тоглох эрхээ авсан нь Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт урам, итгэл өгсөн гэдгийг тодотгов.
Хоккейн үндэсний шигшээ баг нь 17-41 насны тамирчдаас бүрддэг бөгөөд Залуучуудын шигшээ баг 2024 оны 09 дүгээр сард БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах цомын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.
Хоккейн тамирчид Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018, 2018 онд алтан медаль, 2023 онд хүрэл медаль хүртэж байсан юм.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Цаг үе2023/01/09
Хүүхдийн дархлаа сэргээх цэгэн иллэг...
-
Улстөр нийгэм2021/04/14
Ерөнхийлөгчийн хувийн улс төр хэтийдэж, төрийн институтын өмнөөс шүүхэд ханджээ
-
Улстөр нийгэм2021/11/01
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
-
Шударга мэдээ2024/04/02
С.Батсайхан: Суурьшлын бүс учраас суваг татах боломжгүй, усыг соруулж байна