Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам хоолойг шинэчилж байна

Огноо:

,

Энэ онд нийслэлийн 13 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр найман байршилд ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэж байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар доорх найман байршлын дөрвөн байршилд 3000 метр шугам сүлжээний ажил хийж, нийт 80 орчим худгуудыг суурилуулсан.

  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн байрны урд талын туслах авто замын борооны ус зайлуулах худгуудын шинэчлэлт;
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Механик, тээврийн сургуулийн арын уулзварын зүүн талын ус тогтдог хэсгийн авто замын шугамын шинэчлэлт (Хараагүйчүүдийн байрны урд зам);
  • Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Номин их дэлгүүрийн урд талын шугам, худгийн өргөтгөл;
  • Баянгол дүүргийн 12 дугаар хороо Хасбаатарын гудамж, Хүрээ дээд сургууль орчмын шугам, худгийн өргөтгөл;
  • Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн урд хаалга орчмын зам талбайн шугамын шинэчлэлт;
  • Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Таван буудал орчмын авто замд шүүрт худаг нэмэх;
  • Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхон, Петровисын шатахуун түгээн станц орчмын авто замын борооны ус зайлуулах шугам, Энхтайваны гүүрэн доорх гаргалгаа шугамын өргөтгөл;
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 16 дугаар сургуулийн хажуугийн авто замын борооны yc зайлуулах шугамын шинэчлэлтийг хийж байна.

“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Манай шугам угсралтын бригад борооны улирлаас өмнө ажлуудаа нарийн зохион байгуулж  24 цагаар ажиллаж байна. Тодруулбал, Дарь-Эх орчмын шугам сүлжээний угсралтыг хийхэд газар доор нь холбооны шугам, цахилгааны кабель, дулаан, бохир, цэвэр усны хоолой зэрэг бүх л төрлийн шугам сүлжээ бий. Үүнийг гараар ухаж гаргах нарийн түвшний ажил хийж буй учир учир цаг их орж байгаа юм. Мөн хуучин шугамыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор бүрэн шинэчлэн хоолойны доор 80-90 см-ийн лаг тунгаах хэсэг хийж өгсөн. Ингэснээр тухайн хэсгийн ус тогтох асуудал бүрэн шийдэгдэж буй юм” хэмээлээ. 

Ташрамд, үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд борооны усыг зайлуулах шугам сүлжээ, хоолойн шинэчлэлтийг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолойгоор хийж байгаа бол төвийн шугамуудыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор хийж байна. Ган хоолойг бодвол хуванцар, төмөр бетон хоолой нь зэвэрдэггүй, насжилт өндөртэй буюу 50-аас дээш жилийн насжилттай байдгаараа онцлогтой аж. Мөн шинэчлэлийн хүрээнд лаг тунгаах хэсэг хийж буй нь цэвэрлэгээ, арчилгааг хөнгөвчилж буй. Түүнчлэн төмөр бетон хоолойд халдаг утас гүйлгэх шинэ шийдэл нэвтрүүлсэн нь цаг агаар хасах хэмтэй үед хоолойг гэсгээж байнгын урсацтай байх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох