Шударга мэдээ
“Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног”-ийг 6-9 дүгээр сарын хооронд зохион байгуулна
Дэлхийн 70 гаруй улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 11 жил болж байна.
Энэ хүрээнд НЗДТГ-аас нээлттэй засгийг дэмжих, авлигатай тэмцэх, засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог дэмжих ерөнхий чиглэлээр “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног” арга хэмжээг 2024 оны зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.
Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бэхжүүлэхийг зорьж олон нийт болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаанд суурилдаг.
Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлд нэгдсэнээс хойш Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн удаа хэрэгжүүлсэн бөгөөд 2024-2027 оны үйл ажиллагааны Үндэсний V төлөвлөгөөний төслийг боловсруулж, дараах есөн зорилтыг дэвшүүлсэн байна. Үүнд:
- Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг сайжруулах;
- Мэдээллийн ил тод байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар төрөөс мэдээлэл авах иргэдийн эрхийг баталгаатай хангаж, төрийн ил тод байдлыг сайжруулах;
- Иргэний нийгмийн орон зай, төлөвшил, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжиж, хараат бусаар, бие даан, өөрийгөө удирдан явуулах боломжийг бүрдүүлсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
- Ардчилсан ёсыг бэхжүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах;
- Улсын төсөв, төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх;
- Нийгмийн бүх бүлэгт төрөөс үзүүлэх үйлчилгээг оновчтой болгох;
- Ардчилсан нийгэмд нээлттэй өгөгдлийн соёл цогцлоох;
- Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдийн сэтгэл ханамжаар тогтмол дүгнэж, оролцоог нэмэгдүүлэх;
- Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлсэн аж.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Шударга мэдээ2023/05/01
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг уриалж байна
-
Цаг үе2023/10/30
Мод, нүүрсний захуудад хяналт шалгалт хийлээ
-
Цаг үе2021/12/07
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Цаг үе2026/01/14
Түрээсэлсэн автомашинаа бусдад зарсан үйлдлийг илрүүлжээ
