Шударга мэдээ
Нийслэлийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоов
Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох асуудлыг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцлээ.
Хамгаалалтын бүсийн саналын тухайд Туул голын тэжээгдлийн дотоод муж болох Баянгол, Сэлбэ, Улиастай голуудын урсац бүрэлдэх эхийн салбар голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтооно. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 50-р тогтоолоор батлагдсан усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсийг 23104.0 га, энгийн хамгаалалтын бүсийг 37585.9 га хэмжээтэй байхаар санал боловсруулжээ. Усны сан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг голын голдирол, татмын хэмжээгээр 343 байршилд тодруулж, боловсруулалтын ажлуудыг хийсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бааст нэртэй усан сан бүхий газар бүртгэгдээгүй, Төв цэвэрлэх байгууламжийн ус гаргалгааны сувагт усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоосон байна. Иймд уг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хээрийн судалгаа хийж, ус гаргалгааны сувгийн хамгаалалтын бүс тогтоох ажлын хүрээнд хамгаалалтад авах саналтай байгаа талаар тус тус танилцуулсан юм. Цаашид усан сан бүхий газарт цэнгэг усны орд, рашаан булгийг тусгай хамгаалалтад авах, хамгаалалтын бүсэд оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах аж.
2016 оны Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор 50 дугаар тогтоолыг баталж, Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон. Гэвч уг тогтоолыг Хууль зүйн яам бүртгэж аваагүйгээс эрх зүйн нэгдсэн акт болж чадаагүй. Улмаар үүнээс үүдэлтэйгээр хамгаалалтын бүсэд суурьших нөхцөл бүрджээ.
Мөн 50 дугаар тогтоолд Багахангай, Багануур дүүрэг болон Улаанбаатар хотын зарим хэсэгт урсац бүртгэж аваагүй байсан аж. Хамгаалалтын бүс дотор байгаа өмчүүдийн талаарх шийдвэр Засгийн газраас гарах аж. Ажлын хэсгийн урьдчилсан судалгаагаар онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд багтаж байгаа бүх айл,өрх, ААН-үүдийг нүүлгэн шилжүүлэхэд 2.9 их наяд төгрөг шаардлагатай. Мөн нийслэлээс энэ бүсэд байсан 370 гаруй нэгж талбарын зөвшөөрлийг хүчингүй болгож, 21 айлыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн цаашид энэ хэсэгт газар олгох, бүртгэж авах боломжгүй байдлаар газрын нэгдсэн системд оруулжээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга “2016 оны НИТХ-ын 50 дугаар тогтоолыг “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэж аваагүй Хууль зүйн яам үер усны гамшигт өртсөн, эд хөрөнгө болон бусад зүйлсээрээ хохирсон иргэд, ААН-ийн өмнө хариуцлага хүлээх үү. Эсвэл Хууль зүйн яам бүртгээгүйг нь далимдуулж хамгаалалтын зурваст газар олгосон Засаг дарга нартай асуудал ярих уу. Би Зөвлөлийн хурал дээр энэ талаарх мэдээллийг улам дэлгэрэнгүй танилцуул гэж хэлээд байсны учир энэ. 2021 онд байгуулагдсан Ажлын хэсэг ажиллах хугацаанд хичнээн газрын зөвшөөрөл олгогдож, хэдэн их наядын хөрөнгийн асуудал яригдаж байна. Иргэд нүүж ирээд суурьшчихсан, барилга байшин барьж, томоохон обьектууд баригдсан байна. Одоо энэ асуудлыг хэрхэн шийдэхээ тодорхой болгох ёстой. Нутгийн удирдлагын байгууллагаас гаргасан шийдвэрийг өөр нэг төрийн байгууллага бүртгэж аваагүйгээс ийм хэмжээний алдаа завхрал үүсчихлээ гэдэг тайлбар хэлэх нь утгагүй” гэсэн юм.
Улаанбаатар хотын ерөнхий менежер 20-30 жилийн дараа нийслэл усны хомсдолд орох хэмжээний нөхцөл байдал үүссэн энэ үед усны дэд эх үүсвэр болон хар усан тохойн орчимд 3-4 орон сууцны хотхон баригдсан. Улаанбаатарын иргэд хоногт 145-160 мянган м/куб ус хэрэглэдэг. Тиймээс өнөөдрийн энэ асуудлыг яаралтай баталж, нөхцөл байдал улам дордохоос өмнө усан сан бүхий газруудыг хамгаалж чадна. Энэ тогтоолыг батлахгүй байх сонирхол олон хүнд, тэр тусмаа нийслэлийн дунд шатны албан хаагчдад байгааг тодотголоо.
Ийнхүү хэлэлцсэний эцэст Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоов гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2023/08/04
"Монгол-Хятадын экспо" дөрөв дэх удаагийн арга хэмжээг зохион байгуула...
-
Цаг үе2021/04/30
"Ковид-19"-ийн эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдэд өг...
-
Улстөр нийгэм2022/11/25
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2023/08/07
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
