Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр 23:00 цагт ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж ажиллалаа. Тэрбээр энэ үеэр нийслэлийн иргэдийн өмнө тулгардаг  хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүргийг хүлээн камерын тусламжтайгаар хянан ажилладаг  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажилтан албан хаагчид, операторуудтай уулзан тэдний ажиллах орчин, ажлын ачаалал, иргэдээс ирэх дуудлагын агуулга, тоо хэмжээ, иргэнд очиж үйлчлэх хугацаа, техникийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын  талаар албан хаагчидтай ярилцаж, дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдон санал бодлыг нь сонсож ажиллалаа.

Тус төвийн хувьд Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, Яаралтай тусламжийн төвийн мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, цахим мэдээллийн болон яриа, хяналтын камерын бичлэгийн сан бүрдүүлэн ашигладаг бөгөөд, GIS, GPS, TRS технологийн тусламжтайгаар авто объектууд, эргүүлийн цагдаа нарын байршил, хөдөлгөөнийг шууд хянан, удирдлагаар хангах зорилгоор анх 2007 онд “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” нэртэйгээр байгуулагдсан бол хожим 2010 онд Монгол улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төв, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газар болон Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зохицуулалт хариуцсан зарим нэгж, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн зохицуулагч, оператор, инженерийн албадыг нэгтгэн бүтэц, орон тоог баталж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулагдсан түүхтэй аж.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээллийг хүлээн авах, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн хөдөлгөөнт хэсэг, бүлгүүдийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулах, төрийн зохих байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Хотын дарга С.Амарсайхан тус төвийг үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 10 гаруй жил ажиллаж байгаа цагдаагийн ахмад Д.Лхагвадуламтай ажил үүргийн нь талаар ярилцлаа.

Тэрбээр “Баасан гарагт манай төвд хандан ирэх дуудлагын тоо харьцангуй ихэсдэг. Учир нь ажлын сүүлийн өдөр гэдгээр иргэд баяр тэмдэглэх, архидан согтуурах, үүнээс үүдэн олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал цөөнгүй бий. Одоогоор 103 буюу  яаралтай түргэн тусламжийн дуудлагад 37 машин гарчихсан явж байна. Эдгээр машинуудын хаана явж байгаа байршлыг GPS систем ашиглан харж болдог. 102 буюу Цагдаагийн дуудлагыг бид тухайн дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбосноор цагдаагийн машин харьцануй түргэн очдог бол 103, 105-ын автомашинууд замын ачаалал түгжрэлээс хамааран 20-30 минутын дараа очих тохиолдол гардаг гэдгийг Хотын даргад тайлбарлав.

Хотын захирагч С.Амарсайхан “Иргэдийн зүгээс дуудлага ирэхдээ удаан байна, дуудлагаар ирсэн боловч шаардлагатай эмч тариа хийхгүй байна, бүрэн гүйцэт арга хэмжээ авч чадахгүй байна, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхгүй байна, эмч ажилтнууд харилцааны соёл муутай байна” гэх зэрэг олон  гомдлыг бидэнд мэдэгддэг. Мэдээжийн хэрэг дуудлагын эмч, цагдаа, онцгойгийн ажилтнуудын хувьд ажлын  ачаалал ихтэй байдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ иргэд яарсан, эмчилгээ үйлчилгээ түргэн хийлгэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, бухимдсан, сандарсан хүмүүс байгааг та бүхэн анхаарч мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, сэтгэл зүйн хувьд хүлээцтэй, тэвчээртэй байх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй” гэдгийг онцлон хэллээ.

Мөн Хотын дарга яаралтай түргэн тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй холбогдон “Та дуудлага өгсөн юм байна. Хотын дарга С.Амарсайхан тантай ярьж байна. Би өнөөдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төв дээр ажиллаж байгаа, тус байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийн талаар газар дээр нь ирж ажиллаж байгаа юм. Та 22:30 цагт та дуудлага өгсөн юм байна. Одоогоор дуудлага очоогүй байгаа юу. Өвчтөний биеийн байдал ямар байна. Замын ачааллаас болоод дуудлага жаахан саатсан бололтой. Удахгүй очно гэлээ. Та санал хүсэлтээ хэлээрэй” гэлээ.

Энэ жил яаралтай тусламж үйчилгээний автомашины парк шинэчлэлтэд анхаарна

Хотын даргын тус төвд ажиллаж байгаа тухай мэдээллийг аваад тус төвийн удирдлагууд хүрэлцэн ирж, хамтдаа ажлын ширээний хойно сууж, ажил хэргийн асуудлаар санал солилцлоо. Тус уулзалтад ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн, тус төвийн Захиргааны хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаяр, Шуурхай удирдлагын хэлтсийн 103 төвийн дарга, цагдаагийн хошууч Т.Бат-Идэр,  Шуурхай удирдлагын хэлтсийн 102 төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Хишигбаатар оролцлоо.

Хурандаа О.Зоригт   “Бид дуудлагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 2020 оны 01 сараас эхлэн дуудлага өгсөн иргэнд эргээд мессэжээр хариу өгдөг зохицуулалтыг туршилтаар хэрэгжүүлээд явж байна. Удахгүй техник технологийн асуудлаа шийдээд дуудлага өгсөн бүх иргэдэд өгсөн дуудлага нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг өгдөг болно” гэв. Хотын захирагч С.Амарсайхан “Та бүхний ажлын онцлог, ачааллыг бид сайн ойлгож байгаа. Улсын хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор  шийдвэрлэх олон асуудал бий. Түүний нэг бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах төдийгүй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх асуудал. Иргэд яарч, сандарсан, өвдөж зовсон үедээ эмнэлэг, цагдаа,  онцгойгийнхонд ханддаг. Тиймээс бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг энэ гурван байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Тийм ч учраас бид оны өмнө Нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэлтэд зориулж туулах чадвар сайтай 19 автомашиныг шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг дэлхийн стандартад хүргэхийн тулд 180 гаруй автомашин байх ёстойгоос өдгөө  45 автомашин үйлчилгээнд явж байгаа. Тиймээс цаашид түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийн асуудлыг судлан шийдвэрлэхийг зорьж байна. Мөн дуудлага шуурхай очдог болохын тулд хотын хаягжилтыг тодорхой болгох ажлыг хэрэгжүүлнэ. Мөн Улаанбаатарын камержуулалтыг сайжруулах асуудлыг бид Засгийн газар, салбарын яам, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт “Хотын зүгээс хөдөлгөөнт эргүүлүүдэд олгосон Лада маркийн шинэ машинууд гэр хороололд явахад зам голохгүй үнэхээр тохиромжтой байгааг Хотын даргад уламжилж, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, техникийн шийдлийг боловсронгуй болгоход анхаарахаар болсонд талархал илэрхийлээд албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийн өөрсдийн боломжоор  хэрэгжүүлэхийг зорьж байгаа, энэ асуудлын хүрээнд тулгараад байгаа  газар болон бусад асуудалд анхаарч өгөх”-ийг хүссэнээр ажил хэргийн уулзалт өндөрлөлөө.

Дашрамд дурьдахад иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр үүрэг гүйцэтгэж байгаа 103,  Цагдаа, Онцгой, гал командын автомашинд зам тавьж өгөөрэй гэдгийг хүсэх байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох