Улстөр нийгэм
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадын 259 ажиглагч, 27 сэтгүүлч ажиллана

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ.
Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгнө.
Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хороо нь сонгуулийн үйл ажиллагааг эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар ажиглахаас санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, санал тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглана. Улмаар санал авах өдрийн дараа урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтлэх аж.
Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлсэн гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улс дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын 68 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах юм.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт дотоодод төдийгүй гадаад улсуудад бүрэн нээлттэй. Энэ удаагийн сонгуулийн гадаадын болон олон улсын хэвлэл мэдээллийн 12 (Kyodo News, CCTV, Bloomberg TV, Thomson Reuters, Schweizer Radio und Fernsehen, The Sankei Shimbun, Asahi Shimbun, Xinhua News Agency, Буриад ТВ, Nikkei, the Guardian, Agence-France-Presse) байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч сурвалжилж, олон улсад мэдээлэхээр Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, үнэмлэх авчээ гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2020/06/29
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/04/05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гар...
-
Улстөр нийгэм2023/09/11
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацорт БНХАУ-ын Жинжөү боомтод очиж ажиллалаа
-
Цаг үе2020/07/01
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан