Цаг үе
Эрүүл шүд гоо үзэмжийн илэрхийлэл
Бүсгүй хүнийг инээмсэглэлгүй төсөөлөхийн аргагүй. Сайхан шүдтэй эмэгтэйн инээмсэглэл ямагт хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Ихэнх ард түмэн харьцангуй том, тэгш хэмтэй дээд шүд, хэт ялгараагүй соёог сайхан шүд гэж үздэг байна. Доод шүд дээдэхээс жижиг байдаг. Гэхдээ мөн тэгш хэм, хэмжээ нь хоорондоо адил байх ёстой.
Зарим ард түмэн шүдний талаар өвөрмөц ойлголттой. Эртний Перуд удам залгамжилсан төрийн эрх баригч, дээдсүүд шүд зохих ёсоор сайхан цагаан биш гэж үзэн, нүхэлж, алтаар нөхөөс тавьж, эсвэл гөлийтөл өнгөлсөн үнэт эрдэнийн чулуугаар чимдэг байжээ. Одоо хиймлээр шүд хийх их "мода"-нд тооцогдож байна.

Шүдээ зохих ёсоор янзалж, дараа нь фотополимер нунтаг материал тавихад тусгай гэрлийн чийдэнгийн үйлчилгээгээр тэр дорхноо хатуурч, залуу сайхан шүд болно. Ийм шүд хэдэн жилийн настай. Шүд цагааруулах ажиллагаа ердөө 30 минут орчим үргэлжилдэг, огт өвддөггүй. Энэ нь мөн ариун цэврийн ач холбогдолтой, шүдний чулуу, давсны хуримтлал, тамхи татсаны дараа үлдсэн өнгөрийг арилгадаг. Орчин үед тусгай аппаратаар шүдийг ойртуулах, холдуулах, ломбо тавьж, шүдний хэмжээг томруулах замаар хоорондын зайг нь багасгаж байна.
ЗӨВЛӨГӨӨ:
-Өдөрт 2 удаа ялангуяа орой шүдээ цэвэрлэхээ мартаж огт болохгүй. Шүдийг 3 минутаас доошгүй хугацаанд зажилдаг хэсэг төдийгүй дотор талыг цэвэрлэх хэрэгтэй. Дээд шүдээ шүдний угаас доош чиглэлтэй, доод шүдийг угаас дээш чиглэлтэй угааж цэвэрлэх ёстой.
- Шүдний оо аятайхан амттай, фтор агуулсан байх ёстой. Нэртэй сайн фирмийн оог худалдан авах хэрэгтэй. Хэрэв таны шүдний паалан эмзэг, мэдрэмтгий бол зөөлөн үстэй сойз хэрэглэ. Харин хэвийн бол хатуу сойзоор шүдээ цэвэрлэж сур. Жинхэнэ үсээр хийсэн сойз бүү хэрэглэ, учир нь тийм үс дотроо хөндий бөгөөд шүдэнд хортой нөлөөлдөг бичил орчин үүсгэдэг.
Амаа сэргэг сайхан үнэртэй байлгая гэвэл амандаа ус балгаж, сайн зайлаад нулим. Устай хамт хоолны үлдэгдэл гадагшилж, шүлс ялгарах процесс түргэснэ. Амтат жүрж, эсвэл цоохор майлзийн иш зажил. Эдгээр нь тэжээллэг төдийгүй шүлс ялгаралтад сайнаар нөлөөлдөг. Кофены үр эсвэл аньс, корица, шинэ гаа /мята/-ны навчийг зажил. Гэхдээ шүдний эмчид байнга очиж байхаа бүү мартаарай.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
