Улстөр нийгэм
“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “МПМ” цогцолборт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, эзэнт гүрний их түүхийн өв, өнөөгийн бүсчилсэн хөгжлийн цөм, ирээдүйн Монгол Улсын хөгжлийн төв, нийслэл болох Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж хамтран ажиллах, дэмжихээр хүрэлцэн ирсэн хот төлөвлөгчид, уран барилгачид, инженер, эрдэмтэн судлаачдад гүн талархал илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 онд буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон дэлхийн үнэт өв – Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газар нутагт Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гарган, Засгийн газарт чиглэл болгосныг тэмдэглэв.


Түүнчлэн Улсын Их Хурлаас хоёр удаа тогтоол баталж, Шинэ Хархорум хотыг байгуулахаар сонгосон Улаанбаатар хотоос гурав дахин том хэмжээтэй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, Засгийн газарт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулах чиглэл өгсний дагуу захиргаа байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгааг дурдлаа.
Одоогоос 800 гаруй жилийн тэртээ буюу 1220 онд Их Эзэн Чингис хааны зарлигаар Орхон голын хөндийд байгуулсан Хархорум хот нь зөвхөн Их Монгол Улсын нийгэм, соёлын төв төдийгүй, тухайн үеийнхээ дэлхийн улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг, дипломат харилцаа болон шинжлэх ухаан, шашин соёлын төв, өрнө хийгээд дорно дахиныг холбосон гүүр, тухайн үедээ дэлхийн нийслэлийн хэмжээнд хүрч хөгжсөн, Торгоны замын гол зангилаа хот байсан гэдгийг онцлов.
Өнөөдөр Монгол Улсад тулгамдаад буй хэт төвлөрлөөс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, байгаль экологийн асуудлуудыг шийдвэрлэж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, мөн бүсчилсэн хөгжлийн шинэ төв байгуулах хэрэгцээ шаардлага бий болсныг тодотголоо.

Иймд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д түүхийн өв соёлыг судлах, сурталчлах, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх болон бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор “2021-2030 онд Орхоны хөндийд шинэ хотын байршлыг тодорхойлж, Техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр заасан гэдгийг хэллээ.
Шинэ Хархорум хотыг байгуулж, түүхэн хотоо сэргээснээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бий болсон хэт төвлөрлийг сааруулан, бүс нутаг, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал, шинжлэх ухаан, түүх археологийн дурсгалд түшиглэсэн хөгжлийн шинэ төв бий болж, үндэсний бахархал, нэгдмэл үнэт зүйлсийг бататган бэхжүүлнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.
Шинэ Хархорум хот нь ирээдүйн Монгол Улсын хөгжлийн төв, шинэ нийслэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Шинээр хот байгуулж буй улс орнууд ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн олон улсын шилдэг туршлага, шинэлэг санаа, шийдлийг тусган үзэл баримтлалаа тодорхойлдог олон улсын жишгийн дагуу Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, “Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сард зарласан.
Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцсэн юм. Эдгээр бүтээлийг 07 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд олон нийтэд нээлттэй танилцуулж, саналыг нь авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгчид, шилдэг архитекторууд оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл, танилцуулга хийж байгаа бөгөөд шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шалгаруулах юм.
Тус сонгон шалгаруулалтад оролцогчдын бүтээлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд АНУ, БНСУ, Польш, Герман зэрэг орны шилдэг хот төлөвлөгч, архитектор, мэргэжилтнүүд ажиллаж байна.





Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
