Улстөр нийгэм
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд “Чингис хаан” үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн ХХ зууны эхэн хүртэлх хаад, монголын түүхийг өгүүлсэн үнэт үзмэрүүдийг үзэж сонирхлоо.
Мөн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо 250 мянга гаруй хүнд толилуулсан “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг үзлээ. Энэ үзэсгэлэнг Луврын музей, Францын Үндэсний архив, Севрийн Үндэсний керамикийн музей, Чимэглэлийн урлагийн музей болон Швейцарын Рийтбергийн музейтэй хамтран гаргаж байгаа юм.
Үзэсгэлэнг хоёр орны төрийн тэргүүний тохиролцсоны дагуу ирэх оны 10 дугаар сараас 2026 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд Швейцарын Цюрих хотын Рийтберг музейд дэлгэнэ.
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд мөн “Чойжин ламын хийд музей”-д зочиллоо. Энэ хийдийг 1908 онд наймдугаар Богд Жавзандамба хутагт төрсөн дүү, олноо “Чойжин лам” хэмээн алдаршсан Лувсанхайдавтаа зориулан бүтээсэн түүхтэй.
Хийдэд 1936 оныг хүртэл хурал ном хурж байсан бөгөөд 1941 оны 11 сарын 13-ны өдрийн Ардын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар түүх, соёлын тэргүүн зэргийн дурсгал болгожээ.
Улстөр нийгэм
Орон сууцны үнэ өссөн байна
Орон сууцны үнийн индекс есдүгээр сард 1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Улстөр нийгэм
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна. Мөн хугацаат цэргийн албанд тэнцсэн залуусаас санал авч мэргэжил эзэмшүүлнэ.
Тодруулбал, барилгын засал, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлийг эзэмших боломжтой. Харин тухайн мэргэжлээрээ ажиллаж байсан бол ахисан шатны сургалтад хамруулах аж.
Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Өмнөх жилүүдэд цэргийн алба хааж буй залууст англи хэл, жолооны курсийн сургалтыг цэргийн эрдмийн хичээлтэй хавсарч олгосон нь үр дүнтэй байсан. Тийм учраас цэргийн алба хаах хугацаанд нь тухайн орон нутгийн МСҮТ-тэй хамтарч мэргэжил эзэмшүүлнэ.
Ингэхдээ цэргийн албанд тэнцсэн залуусаас ямар мэргэжлээр суралцах хүсэлтэй байгаа талаар нь санал авна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ямар түвшинд байгааг тогтоох дүн шинжилгээ хийнэ. Энэ хүрээнд БЗД-ийн хэмжээнд цэрэгт татагдах насны 2000 иргэнийг эрүүл мэндийн цогц шинжилгээнд хамруулна. Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно” гэлээ.
Цэрэг татлагын байранд очихдоо:
- Иргэний үнэмлэх
- Цэргийн үүрэгтний үнэмлэх
- Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
- Сургууль төгссөн бол диплом зэрэг бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
Цэцэг татлагыг дараах есөн байршилд зохион байгуулна.
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн - 14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн - 3 дугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн - 83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн - 5 дугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн - 34 дугаар сургууль,
- Налайх дүүргийн - Налайх политехник коллеж,
- Багануур дүүргийн - Гүн галуутай цогцолбор сургууль,
- Багахангай дүүргийн - Хангай цогцолбор сургууль дээр тус тус зохион байгуулна.
Улстөр нийгэм
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Сүүлийн жилүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг залилсан санхүүгийн гэмт хэрэг нэмэгдэх болсон. Иймд Санхүүгийн зохицуулах хороо иргэд, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн ил тод, хариуцлагатай орчныг бүрдүүлэх, тэр дундаа орон нутагт хууль бус санхүүгийн үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр санхүүгийн хяналтыг орон нутагт сайжруулж, иргэдийн эрх ашиг бодитойгоор хамгаалагдах, хууль бус үйл ажиллагаанд өртөх эрсдэлээс сэргийлэгдэх боломж бүрдэхийн зэрэгцээ санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинд ажиллах, хариуцлага нэмэгдэх давуу талтай. Мөн иргэдэд зориулсан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа илүү хүртээмжтэй, бодитой болох, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих давуу талтай.
Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран улсын байцаагчийн эрхтэй 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх зүйн байдал, зөрчлийн хэрэг маргаан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой чиглүүлэх, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эдгээр улсын байцаагч холбогдох хууль тогтоомж, хяналт шалгалт, гарсан зөрчлийг хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх чадамжаар хангагдах, орон нутгийн түвшинд хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай шуурхай тэмцэх нөхцөл бүрдэх юм.
Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч улсын байцаагч нартай байнга хамтран ажиллаж, мэргэжлийн чадавхыг нь нэмэгдүүлэх, хууль бус санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
-
Цаг үе2025/05/16
Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
-
Шударга мэдээ2025/07/01
Ой, хээрийн 2 түймрийг бүрэн унтраалаа
-
Шударга мэдээ2023/06/13
Ходоод ба дээд гэдэсний бусад өвчний тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын санг...
-
Шударга мэдээ2022/02/14
Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгалаа