Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Либери улсын сангийн сайд асанг баривчлах шүүхийн шийдвэр гарчээ

Огноо:

,

Либери улсын сангийн сайд асан Самуэл Тве 500 сая долларын (389 сая фунт) авилгын хэрэгт холбогдож, түүнийг баривчлах шүүхийн шийдвэр гарчээ.

Самуэл Тве болон Ерөнхийлөгч асан Жорж Веагийн засгийн газарт ажилладаг байсан гэх дөрвөн албан тушаалтнууд нь ажиллаж байх хугацаандаа засгийн газраас хулгай хийсэн хэргээр буруутгагдаж байна.

Өмнө нь авлигын хэргээр АНУ-аас шийтгэл хүлээж байсан ноён Тве тус яллах дүгнэлтийг өөрт нь болон бусад албан тушаалтнуудын эсрэг явуулж буй "улс төрийн зорилготой ан" хэмээжээ.

Зургаан жилийн эрх мэдэл нь нэгдүгээр сард дуусгавар болсон Веагийн засгийн газар нь авлига болон санхүүгийн буруу менежменттэй холбоотой хэргүүдээс болж ихээхэн зовинолтой байдаг байв.

Ерөнхийлөгч Жосеф Боакай ажлаа хүлээж авахдаа авлигатай хатуу тэмцэнэ хэмээн амлаж байсан.

Өнгөрсөн даваа гарагт дээрх таван албан тушаалтнуудыг эдийн засгийг сүйтгэсэн, төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, гэмт хэргийн хуйвалдаан зохион байгуулсан болон бусад хэрэгт буруутгажээ. Үүний дараагаар Монровиа хотын шүүхээс тэднийг баривчлах шийдвэр гарав.

Тэдгээр хүмүүсийн гурав нь болох Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жефферсон Кармох, Улсын яллагч Ньенати Туан, Санхүүгийн тагнуулын газрын (“FIA”) нягтлан бодох бүртгэлийн дарга Мозес Купер нар батлан даалтад гарах боломжгүй байсан тул Либерийн төв шоронд саатуулагдаж байна.

Одоогоор тэдгээр албан тушаалтнууд болон тэдний хуулийн төлөөлөгчид уг хэргийн талаар одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Харин Ноён Тве болон “FIA”-гийн дарга асан Стэнли Форд нар одоог хүртэл баривчлагдаагүй ба цагдаа нар тэдний яг хаана байгааг мэдэхгүй байна.

Энэ хэрэг нь Экс сангийн сайдын авлигын хэрэгт буруутгагдаж байгаа анхны тохиолдол биш бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-аас түүнийг болон хоёр сенаторыг "хээл хахууль авах, санал болгох зэргээр албан тушаалаа урвуулан ашигласан" хэргээр шийтгэж байсан.

Ноён Тве энэ мэдээллийг тухайн үед үгүйсгэсэн бөгөөд даваа гаригт гарсан ялын дүгнэлтийн хариуд өөрийн Фейсбүүк хуудсандаа “Өнөөдөр миний эсрэг улс төрийн зорилготой ангуучлал эхэллээ, Сүүлийн зургаан жилийн хугацаанд би улс төрийн гол бай болж, худал хуурмаг буруутгалуудтай их тулгарсан.” хэмээжээ.

Ерөнхийлөгч Боакай өнгөрсөн нэгдүгээр сард сонгуульд ялалт байгуулсны дараа албан тушаалдаа томилогдож авлигатай тэмцэхийн тулд хөрөнгөө мэдүүлж, ерөнхийлөгчийн тамгын газарт аудит хийхийг тушаажээ. Үүний үр дүн нь хараахан гараагүй байгаа ба тэрээр Аудитын ерөнхий хороо болон Авлигатай тэмцэх хороог чадавхижуулан ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: https://www.bbc.com

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Дунд гол орчмын хог хаягдлыг долоодугаар сарын 24, 25-нд цэвэрлэнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, хот орчмын Туул, Сэлбэ, Дунд, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг голын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх үүрэг даалгаврыг өгсөн.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд болон цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниуд хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд голыг цэвэрлэнэ.

Ингэхдээ, 

  • Дүүргийн 26-р хороо буюу Энхтайваны гүүрний доороос “Нарны хороолол”, 24-р хороо буюу “Алтай хотхон”-ы урдуур урсдаг Дунд голын ай савыг,
  • Дүүргийн 20-р хороо буюу “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд хэсэг, Сонсголонгийн гүүр орчимд Дунд гол Туул голтой нийлдэг хэсгийг самнаж цэвэрлэх юм.

Цэвэрлэгээг дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагууд гаргасан хуваарийн дагуу цэвэрлэх бол “Баянгол Шинэ Өргөө” хог тээвэрлэлтийг бүрэн хариуцаж ажиллана. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АТГ: Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.

Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Улаанбаатар хотод нийгмийн хамгааллын тусгай үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр БНСУ-ын талтай хамтарч ажиллана

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг БНСУ-ын “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын ерөнхийлөгч Нам Гүнг Ван нар харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн М.Намсрайхүү нээж, Улаанбаатар, Намъянжү хотуудын хамтын ажиллагааны талаар үг хэллээ. Улаанбаатар, Намъянжү хотууд 1998 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш боловсрол, соёл, урлаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж ирсэн түүхтэй.

БНСУ-ын Намъянжү хотын захиргаанаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ тус хотын төлөөлөгч Нам Гүнг Ваны санаачилгаар Улаанбаатар хотод хандив өгөх, цаашид гэр оронгүй эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсний дагуу тус арга хэмжээг зохион байгуулаад байна.

Харилцан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд дараах 3 чиглэлд урт хугацаанд хамтран ажиллана.

  1. Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн боловсрол, хамгаалалд дэмжлэг үзүүлэх,
  2. Хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлд мод тарих, ойн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлт, сайн дурын их цэвэрлэгээ хийх,
  3. Монгол, Солонгос хоёр улсын харилцан соёл, туршлага судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

Түүнчлэн Солонгосын талаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын удирдлагууд, гишүүд нийлсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаадугаар сарын 29-нөөс долоодугуур сарын 3-ны өдрүүдэд айлчлал хийж, Нийгмийн хамгааллын тусгай төв, тус төвийн өргөтгөл буюу Сургалт хөгжлийн цогцолбор төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагааг тохиолдуулан “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлэгч иргэдэд зориулан 33 хайрцаг нийт 367ш хувцас (өвлийн куртик-302, хүүхдэд зориулсан таеквондогийн өмсгөл-65ш) хандивлаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, санаачилгуудын талаар харилцан санал солилцов.

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох