Цаг үе
Замын-Үүдээс даац хэтрүүлэн зөвшөөрөлгүй тээвэр хийвэл 9.0 хүртэл сая төгрөгийн торгуультай
Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг ТАЦ Зам тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулж 2024 оны 08-р сарын 05-ны өдрөөс жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоогоод байна.
Өөрөөр хэлбэл тухайн ТАЦ-аар нэвтэрсэн тээврийн хэрэгслийн зам ашигласны хураамжийг И-Монголиа аппликейшнээр дамжуулж төлбөрийн нэхэмжлэхийг жолоочид хүргэх ба харин тухайн тээврийн хэрэгсэл нь ezam.mn системээр бүх төрлийн банк, төлбөрийн хэрэгсэл ашиглан төлбөрөө төлөх үүрэгтэй. Мөн ebarimt аппликейшний хялбар цэсэд тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр цаашид төлбөр бэлнээр төлөхгүй, татварын буцаан олголтоос суутгуулах боломжтой.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Улс орны худалдаа, эдийн засаг, бүтээн байгуулалтад онц чухал үр нөлөөтэй Замын-Үүдээс ачаа тээврийг ачаалал үүсгэхгүйгээр, түргэн нэвтрүүлэх” чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсний дагуу ийнхүү улсын хэмжээнд 8 дахь иж бүрэн цахим ТАЦ ашиглалтад ороод байна. Замын-Үүдийн цахим ТАЦ-ын хувьд том оврын тээврийн хэрэгсэл ихээр нэвтэрдэг ба жин даацын хяналттай холбоотой ачаалал, маргаантай асуудал маш их үүсдэг. Тэгвэл ТАЦ цахим болсноор тухайн тээврийн хэрэгслийн жин даацын мэдээлэл цахим системд бүртгэгдэж хүний оролцоо бүрэн халагдаж байгаа юм. ТАЦ цахим болсноор жин даацын хяналтыг хүн гүйцэтгэхгүй, тээврийн хэрэгслийг саатуулахгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь зөвшөөрснөөс илүү ачаа тээвэрлэсэн бол Засгийн газрын 2023 оны 222-р тогтоолын дагуу илүү ачааны төлбөрийг тнкм-ээр тооцож авто замд үзүүлсэн шууд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна гэдгийг онцолж байна.
Тухайлбал зөвшөөрсөн даацыг хэтрүүлж, маршрут зөрчин тээвэр хийсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн ачааны хувь хэмжээнээс хамаарч 900.0 мянгаас 9.0 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх ба төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авна. Иймд тээвэрчид, жолооч нар даац хэтрүүлэхгүй тээвэр хийж, авто замаа хамтдаа хайрлан хамгаалж, цахим төлбөрөө төлөн хөгжил дэвшлийг дэмжиж, нутагшуулахад хамтран ажиллахыг уриалж байна.
ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАН ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС
ХЭТЭРСЭН ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВАХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
| Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлсэн хэмжээ (хувиар) | 1 км тутамд оногдох
төлбөрийн хэмжээ (төгрөг) |
| 2<10 (10 орно) | 1500 |
| 11<20 (20 орно) | 2500 |
| 21<30 (30 орно) | 5000 |
| 31<50 (50 орно) | 7500 |
| 51< дээш | 15000 |
| Нам аралтай чиргүүл | 2500 |
| Тусгай зөвшөөрөлгүй тээвэрлэлт гүйцэтгэсэн, тогтоосон маршрут, чиглэл зөрчсөн тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлсэн хэмжээ | Үндсэн төлбөр дээр нэмж тооцох төлбөрийн хэмжээ (хувиар) |
| Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 2-10 хувь (10 орно) | 50 |
| Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 11-50 хувь (50 орно) | 100 |
| Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 51-ээс дээш хувь | 200 |
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Цаг үе2025/04/07
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол бүртгэгдлээ...
-
Шударга мэдээ2022/08/31
“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяны хүрээнд шилдэг хороодыг шалгаруулн...
-
Цаг үе2022/03/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
Улстөр нийгэм2020/12/04
УИХ-ын чуулган өнөөдөр цахимаар чуулна
