Улстөр нийгэм
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөртөө амжилттай хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.
Энэ жил АНУ, Австрали, Их Британи, Канад, Герман, Франц, Унгар, Чех, Польш, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Австри, Вьетнам, Казахстан, Куба зэрэг 17 улсын их, дээд сургуульд 245 оюутан суралцахаар явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оюутан залуусыг үдэх ёслолд оролцож, сурлагын өндөр амжилт хүсэн Төрийн далбаа дурсгав.
Тэрбээр хэлсэн үгэндээ, эрдэм ном, хичээл сургуульдаа шамдан суралцаж, эрдэмтэн багш, эцэг эх, гэр бүл, анд нөхдийнхөө итгэл, сэтгэлийг дааж, бэлтгэл хөтөлбөрөө амжилттай дүүргэн, сурч боловсрохын их хүсэл тэмүүллээр жигүүрлэн эрдмийн их аяндаа мордож буй залууст чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.
Дэлхийн түвшний боловсрол эзэмшиж, олон орны залуустай мөр зэрэгцэн суралцаж, хүсэл тэмүүллээ биелүүлэн, амжилтын буухиагаа ахиулах нь гагцхүү өөрийн зүрх сэтгэл, хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарах болно гэдгийг тэмдэглэв.
Эрдэм боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, ажил мэргэжилдээ эзэн болсон ирээдүй хойч үедээ эх орон, ард түмэн, төр засаг нь гүнээ итгэж байгааг хэллээ. “Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 516 оюутан залуус 16 улсын их сургуульд суралцаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зарлиг гаргасан.
Энэ дагуу жил бүр 330 сум, нийслэлийн хороо тус бүрээс нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2022/07/28
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
-
Урлаг спорт2021/01/08
Х.Мандахбаяр: Үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд су...
-
Цаг үе2021/11/08
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
-
Шударга мэдээ2021/06/24
“Гандантэгчэнлин хийд” орчмыг соёл, аялал жуулчлалын бүс болгон хөгж...