Улстөр нийгэм
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж буй төслүүд манай хотын дэд бүтэц, нийтийн тээвэр, агаарын чанар болон бусад олон салбарт эерэг өөрчлөлт авчирч байгаад бид талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газраас хоёр талт түнш, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөгжлийн санхүүжилтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2024 оны байдлаар хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 3, нийт 13 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 3 төсөл, хөтөлбөр, мөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 3 төсөл, хөтөлбөр бий. Эдгээрээс Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл болон Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл хийх төслийг үр дүнтэй хэрэгжүүлж байна” хэмээн хэллээ.
Эдгээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор барьж, Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх суурь нөхцөлийг бий болгож байна. Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хороололд эко хороолол бүхий орлогод нийцсэн ногоон орон сууц, нийгмийн дэд бүтцийг шийдэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор төслүүд амжилттай хэрэгжиж буй билээ.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд:
- Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөнийг сайжруулах төсөл
- Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх
- Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2021/12/01
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, бага зэрэг дулаарна
-
Цаг үе2021/05/17
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Улстөр нийгэм2021/09/01
Өнөөдрөөс 50 автобус нэмж үйлчилгээнд гаргана
-
Цаг үе2021/04/06
Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн ба...