Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Ян Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Миний бие Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох бүрдээ НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг Монголын нэрт уран бүтээлчийн бүтээсэн “Ухамсар” хэмээх баримлыг зорин очих дуртай байдаг.

Энэхүү баримал дээр очих бүрд бид бүхэн хүн төрөлхтний түүх, ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлагатай, ухамсартай, нэр төртэй байх ёстой гэдгийг эргэцүүлэн бодох гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг юм.

Гүн утга төгөлдөр энэхүү баримлыг дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийг баталсан, Парисын уур амьсгалын хэлэлцээр хэмээх зорилтыг дэвшүүлсэн түүхэн цаг үеийн бэлгэдэл болгон бүтээсэн.

Энэ удаа очиход энэхүү гайхамшигт бүтээл Та бидний ирээдүй хойч үеийнхээ төлөө дэвшүүлсэн зорилт, амлалтын хариуг нэхэх мэт дүнсийн зогсож харагдлаа.

Харамсалтай нь, бид бүхний баталсан эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэх цаг хугацаа хаяанд ирчихээд байхад Та бидний хийсэн ажил, олсон ололт, хүрсэн үр дүн хангалтгүй хэвээр байна.

Энэхүү бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг санаачлан зохион байгууллаа.

Хоёрхон хоногийн өмнө болсон энэхүү дээд түвшний уулзалтаар тогтвортой хөгжил, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэлийн асуудлаарх бидний бодлого зорилт, хамтын ажиллагааны чиглэл, хамрах хүрээг хэлэлцэн тогтоолоо.

Уулзалтаар хэлэлцэн батлагдсан “Ирээдүйн төлөө гэрээ”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” зэрэг баримт бичгийг боловсруулахад Монгол Улс идэвх санаачилгатай оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Харин одоо эдгээр санал санаачилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн төлөө Та бид хичээн зүтгэж, дэлхийн улс орнууд хамтран ажиллах шаардлагатай байна.

Үүнийг улс орнуудын төр, засгийн тэргүүн, төлөөлөгчид гүнээ ухамсарлан дэмжиж, энэхүү хүндэт индрээс үзэл бодол, байр сууриа илэрхийлж буйд баяртай байна.

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эдүгээ хүн төрөлхтний амьдрал техник, технологийн дэвшил, цахим хөгжлийн эринд асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, харилцан хамааралтайгаар хөгжин дэвжиж байна.

Гэвч хэт явцуу ашиг сонирхол, хэт туйлширсан үзэл суртал, үл итгэлцэл, үл ойлголцол, үл хүндлэл оршин буйгаас дэлхий ертөнцийн олон газар зөрчил тэмцэл, зэвсэгт мөргөлдөөн, дайн тулаан тасрахгүй, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсээр байна.

Монгол Улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг.

Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоохын тулд эрин үеийнхээ өөрчлөлт, хэмнэлийг мэдэрсэн зөв зүйтэй шийдлийг олж, бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлага олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө зүй ёсоор тавигдаж байна.

Энэ жил дэлхийн 60 гаруй улс оронд ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явагдаж, дэлхийн хүн амын бараг тал хувь нь сонголтоо хийсэн их сонголтын жил болж байна.

Монгол Улсад ч гэсэн парламентын ээлжит сонгууль хуулийн хүрээнд амжилттай сайн явагдсаныг дотоод, гадаадын ажиглагчид, олон улсын байгууллагууд сайшаан дүгнэснийг дурдахад таатай байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн нийтийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулахыг ямагт зорьж ирлээ.

Энэ хүрээнд Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улс орнуудтай дипломат харилцаа тогтоосон бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.

Тиймээс манай улс аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхгүй байх тухай НҮБ-ын дүрмийн зарчмыг хэлбэрэлтгүй сахиж, санал зөрөлдөөн, зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхдээ сөргөлдөөн бус дипломат яриа хэлэлцээ, дайсагнал бус эв нэгдэл, талцал хуваагдал бус хамтын үзэл санааг чанд баримтлан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг дэлхийн улс, үндэстнүүдэд уриалж байна.

Монголчууд бид аливаа асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхийг эртнээс эрхэмлэж, бас эрэлхийлж ирсэн түүхтэй ард түмэн билээ.

Олон зууны тэртээгээс Их Монгол Улс хөрш зэргэлдээ, хол ойр, холбоотон, сөргөлдөгч аль ч улстай харилцахдаа элч төлөөлөгч илгээх, хүлээн авах, гэрээ хэлэлцээр байгуулах, найрамдах, зөвшилцөх зэрэг улс төр, дипломатын аргуудыг хэрэглэж, асуудлыг эвээр зохицуулахыг эрмэлздэг байсан нь эдүгээ ч Монголын төрийн гадаад бодлогын гол зарчим хэвээр байна.

Үүний түүхэн нотолгоо бол элч төлөөлөгчийн итгэмжлэл, өнөө цагийн дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ” байсан бөгөөд монголчууд бидний өвөг дээдэс тэртээх XIII зуунаас улс хоорондын харилцаанд анх удаа хэрэглэж ирсэн түүхтэй.

Энэхүү түүхэн “Гэрэгэ” өнөөдөр ч НҮБ-ын төв байранд түүхэн үнэт дурсгал болон хадгалагдаж байгаа бөгөөд 2000 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан хэлэхдээ “Гэрэгэ бол монголчуудаас дэлхийн хамтын нийгэмлэгт өгсөн үнэт өв юм. Монголчуудын өвөг дээдсийн мэргэн ухаанаас өнөөгийн бидэнд суралцах зүйл их байна” хэмээн үнэлсэн байдаг.

Манай өвөг дээдсийн эв эеийг сахин, эв найртайгаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг энэхүү үзэл санаа нь өнөөгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг илтгэж байна.

Эдүгээ цаг үед дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал гүнзгийрч, дайны гал дүрэлзэж, цөмийн зэвсгийн аюул занал сэргэж, сэдэрч болзошгүй байгаа нь хүн төрөлхтнийг ихээхэн түгшээж байна.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг өргөжүүлэх чиглэлд гаргасан дэлхийн улс орнуудын хамтын хүчин чармайлт талаар өнгөрөх учиргүй.

Монгол Улс цөмийн аюулыг зайлуулахад бодит хувь нэмэр оруулж, цөмийн зэвсэггүй статусаа олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн бөгөөд цөмийн зэвсгээс ангид байх бодлого, үйл ажиллагааг цаашид ч тууштай даган мөрдөж, дэмжихээ дахин нотолж байна.

Манай улс энх тайван, тогтвортой байдлыг хангах, ялангуяа цөмийн аюулаас ангид ертөнцийг бий болгохын төлөө бүх улс орон хамтран ажиллахыг уриалж, уг асуудлаар НҮБ-ын хүрээнд тусгай чуулга уулзалт зохион байгуулахыг санал болгож байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Дэлхий нийтийн энх тайван аюулгүй байдлын төлөө амь биеэ үл хайрлан хүчин зүтгэж байгаа НҮБ-ын энхийг сахиулагч “цэнхэр дуулгатнуудын” үүрэг оролцоог Монгол Улс өндрөөр үнэлж, энэ үйлсэд бодит хувь нэмрээ оруулж ирлээ.

Олон улсын терроризм, хэт даврагчдын хэрцгий үйлдэл, дүрвэгсдийн тооны өсөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж цэнхэр дуулгатнууд улам бүр хүнд хэцүү нөхцөлд, нарийн төвөгтэй үүрэг даалгавар биелүүлэх боллоо.

Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулагч, цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүн, энгийн ажилтнууд зэрэг 4,370 гаруй хүн үүрэг гүйцэтгэх явцдаа амь насаа алдсаныг бид огт мартаж болохгүй.

Монгол Улс харьцангуй цөөн хүн амтай хэдий ч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагч цэрэг дайчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж ирлээ.

Тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөрийн дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд эдүгээ манай энхийг сахиулагчдын дунд эмэгтэй алба хаагчдын тоо 11 хувийг эзэлж байна.

Энэхүү санаачилгыг НҮБ-ын Энхийн ажиллагааны газар болон бусад цэрэг хандивлагч улс орнууд бүх талаар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга, хүндэт зочид төлөөлөгчид өө,

Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил эрс хурдсаж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэв маягт мэдэгдэхүйц нөлөөлж, цаашид соёл иргэншлийн хөгжлийг сууриар нь өөрчилж болзошгүй хүчин зүйлд тооцогдох боллоо.

Үүнтэй уялдуулан олон улсын тавцанд мэдээлэл, харилцаа холбооны технологи, хиймэл оюуны талаар эрчимтэй хэлэлцэж эхэлсний дотор бидний саяхан баталсан “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” цаг үеэ олсон, чухал алхам боллоо.

Манай улс мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн явахыг зорьдог бөгөөд уг асуудлаарх НҮБ-ын тогтоол, баримт бичгүүд, олон улсын эрх зүйн бусад хэлэлцүүлэгт чухал ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна.

Энэ оны гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей анх удаа хиймэл оюуны найдвартай, аюулгүй байдлыг хангахыг гишүүн орнууддаа уриалсан тогтоол баталсан нь нэн чухал алхам болж байна.

Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд эдийн засгийн төрөлжилт, эрчим хүч ба цахим шилжилтийг дэмжих бодлого баримтлах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох чадварыг сайжруулах, нийгмийн суурь үйлчилгээ, тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүлж, ажил эрхлэлт, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд түлхүү анхаарал хандуулж байна.

Нөгөө талаас дэлхий нийтийн өрийн хуримтлал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, хөгжиж буй орнуудын өрийн үйлчилгээний төлбөр нь авч буй зээлийн хэмжээнээсээ хэтэрч, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх төсвийн орон зай улам хумигдсаар байна.

Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгуудын хүрээнд зөвхөн өрийн тогтвортой байдлыг хангах бус, олон улсын санхүүгийн тогтолцоог уг үндсээр нь шинэчлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг бүрэн дэмжиж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

XXI зууны эхний жилүүдэд дэлхий дахиныг бүхэлд нь хуваасан үзэл суртал, системийн зөрчил түүх болж, цэрэг дайны уламжлалт аюул занал алсран холдож, харин уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, терроризм, цахим гэмт хэрэг, дүрвэгсдийн асуудал зэрэг уламжлалт бус аюул занал анхаарал татах хандлагатай байлаа.

Гэвч энэ нөхцөл байдал сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөн, уламжлалт аюул занал урьдын адил дахин сэргэж, дэлхий нийтийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх боллоо.

Өөрөөр хэлбэл аюул заналын уламжлалт болон уламжлалт бус төрлүүд давхцан, хамрах хүрээ нь нэмэгдэж буйд дэлхийн улс орнууд онцгой анхаарч, хамтын хүчин чармайлтаа улам илүү бэхжүүлэх шаардлагатай болж байна.

Ялангуяа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль, цаг уур, эдийн засгийн хүрээнээс хальж хүний нийгмийн эмзэг асуудал, нөөц баялгийн төлөөх маргааныг хурцатгах, шилжилт хөдөлгөөнийг өдөөх зэргээр олон тооны шууд ба дам аюул, эрсдэл дагуулах боллоо.

Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл хүн төрөлхтөнд хөгжих, эс хөгжихийн тухай бус, харин орших, эс оршихын сонголт тулгарахыг үгүйсгэх аргагүй.

Тиймээс та бид нөхцөл байдалд нухацтай дүгнэлт хийж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асуудал, сорилтуудыг даван туулахдаа эрин үеийнхээ дэвшилд суурилсан ухаалаг шийдэл, шинэ технологийг нэвтрүүлж, сайн туршлагаа харилцан хуваалцаж, хамтран ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монголчууд бид нүүдэлчдийн үр сад бөгөөд энэ онцлог өв соёл, уламжлалаа өнөө ч хадгалж, эрхэмлэн дээдэлж ирсэн.

Нүүдлийн соёл иргэншлийн эх сурвалж нь чухамдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, үр шимийг нь зөв зохистой хүртэх, хүн байгалийн зүй тогтлыг хадгалан хамгаалах ногоон хөгжлийн үзэл санаа юм.

Энэ нь ногоон хөгжлийн ирээдүйн талаар монголчууд бидэнд уламжлалт арга ухаан, санал санаачилга багагүй байна гэсэн үг юм.

Тиймээс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, чиглэлдээ нийцүүлэн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал,” “Эрүүл монгол хүн”, “Цахим Монгол” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Эдгээр нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд олон улс, бүс нутгийн түвшинд бидний оруулж буй хувь нэмэр гэж үзэж болно.

Мөн энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилээр зарлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байна.

Олон улсын хамтын нийгэмлэг, гишүүн улс орнууд биднийг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Манай улс Төв Азийн өндөрлөгт орших өвөрмөц байрлал, эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй орны хувьд ижил төстэй байрлал, нийтлэг сорилт бүхий улсуудын асуудалд онцгой анхаарч, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэхэд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Монгол Улс 2023-2024 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх Засгийн газар хоорондын хороог Австри Улсын хамт даргалж, төгсгөлийн баримт бичгийн төслийг гишүүн улсуудаар амжилттай хэлэлцүүллээ.

Ирэх 12 дугаар сард Ботсвана Улсад болох бага хурлаар батлагдах Үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь ДГХБО-ын хөгжлийг дараагийн 10 жилд залж чиглүүлэх тодорхой зорилго, арга хэмжээнүүдийг тусгасан шинэлэг агуулга бүхий баримт бичгийн төсөл болсонд баяртай байна.

Иймээс бид ДГХБО-ын НҮБ-ын Гуравдугаар бага хуралд дээд, өндөр түвшинд оролцож, тус бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх санал, санаачилгаа бүтээлчээр хэлэлцэхийг ДГХБО-ууд болон транзит улсууд төдийгүй НҮБ-ын нийт гишүүн улсууд, хөгжлийн түншүүдэд уриалж байна.

Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Бээжин хотноо 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудлаарх НҮБ-ын IV бага хурлаас “эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх, хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх” хэмээн тунхаглаж, хүйсийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан билээ.

Монголчууд бид эртнээс эмэгтэй хүнийг хайрлан хүндэтгэдэг соёл, уламжлалтай бөгөөд монгол хатад, эмэгтэйчүүд улс орныхоо төр, нийгмийн үйл хэрэгт чухал оролцоотой явж ирсэн түүхтэй билээ.

Энэ сайхан уламжлал, түүх соёлын улбаа улам бэхжин хөгжиж, Монгол Улс хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Ази тивдээ тэргүүлэгчдийн нэг байсаар ирлээ.

Монгол Улс анхдугаар Үндсэн хуульдаа эмэгтэйчүүдийн тэгш эрх, сонгох, сонгогдох эрхийг Ази тивдээ анхлан баталгаажуулсан бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн үндэсний хэмжээний байгууллага байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ түүхэн ойн босгон дээр 2023 онд нийгэм, улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэл хийсэн.

Үүний үр дүнд саяхан болсон парламентын ээлжит сонгуулиар нийт гишүүдийн 25.4 хувь нь эмэгтэй гишүүд сонгогдож, Ази тивийн дундаж үзүүлэлт болох 21.2 хувийг давлаа.

Мөн манай улс нийслэл Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг НҮБ-тай хамтран “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор амжилттай зохион байгууллаа.

Энэхүү чуулга уулзалтад таван тивийн улс орнуудын төр, засаг, олон улсын байгууллагын удирдагч, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын манлайлагч эмэгтэйчүүд хуран цуглаж, тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд эдийн засаг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, түүнчлэн боловсрол, спорт, соёл, урлагийн талбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон бүтээлч санал санаачилга дэвшүүлж, туршлагаа хуваалцан, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг цохон тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын мөрөөр болон жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр цаашид ч идэвхтэй ажиллах болно.

Эрхэм хүндэт чуулганы дарга, хүндэт зочид төлөөлөгчид өө,

НҮБ-ын Ерөнхий Ассамблей бол даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үзэл санаа, хүсэл эрмэлзлийн дуу хоолойг түгээх хамгийн чухал, эрхэм хүндтэй индэр юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тэгш шударга төлөөлөлтэй, хүртээмжтэй, ил тод, үр дүнтэй, ардчилсан, хариуцлагатай тогтолцоо болгон шинэчлэхийн төлөөх гишүүн улсуудын хүсэл эрмэлзэл, хүч чармайлтыг Монгол Улс тууштай дэмжсээр ирсэн.

Мөн бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжих болно.

Манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.

Иймд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд төр, засгийн тэргүүн, эрхэм хүндэт төлөөлөгч Та бүхэн онцгой манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.

Мөнх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа.”

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Огноо:

,

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Засгийн газрын гишүүдээ томилж, батламжилсны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр,

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томиллоо.

Манай Засгийн газар нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс Монгол Ардын намаас 16 сайд, ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд тус тус томилогдож байна.

Засгийн газрын гишүүдийн 79 хувь нь өмнө нь Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байсан туршлагатай бол 21 хувь нь анх удаа томилогдлоо.

Дэлхийн геополитикийн хурцадмал байдлын улмаас түлш шатахуун, энергийн нийлүүлэлт тасалдаж, үнэ нь хоёр дахин нугаран өсөж, хомсдол нүүрлэж, инфляц, үнийн хөөрөгдөл үүсэж, дэлхийн улс орнууд онц байдал тогтоосон онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар бүрэлдэж байна. Бүх юмны суурь үнэ болдог, түлш шатахууны үнийн огцом өсөлт инфляцыг хөөрөгдөх, цалин орлогыг үнэгүйдүүлэх, валютын урсгалыг гадагшлуулах, экспортын гол салбар уул уурхай, тээвэр, үйл ажиллагааны зардлыг нэмэх зэрэг ноцтой эрсдэл дагуулж байна. Түлш шатахууны үнийг барих боломжгүй гэдэг үнэнээ дахин хэлээд, гагцхүү тасалдал, хомсдол үүсгэхгүйн төлөө хичээн ажиллах болно. Монгол Улс дэлхийг нөмөрсөн цар тахлын үеийг туулсан шигээ түлш шатахуун, эрчим хүчний хямралыг сөрөх цаг эхэллээ.

Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо дараах хоёр үндэслэлийг харгалзан тооцлоо.

Бидэнд сандал суудал биш санал шийдэл хэрэгтэй. Нүүдэл суудал, байр сав, албан бланк, тамга тэмдэг солих нь хэдэн арван тэрбум болно. Хэдэн сайд цөөллөө гээд мөнгө хэмнэх биш илүү төлнө. Нэг сайд цомхотгоход дагаад төрийн албан хаагчид ажил төрөлгүй болно. Шүүхийн олон зуун хэрэг маргаан үүснэ, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг нь барагдуулна. Төсөв мөнгө, эд хөрөнгө, дунд нь үрэгдэж завшигдах, тамга тэмдэг солигдох гэх мэтэд хоёр өдрийн алга ташилтын төлөө цаг, мөнгө үрмээргүй байна. Цаг, мөнгө алдмааргүй байна.

Түлш шатахууны үнэ, хомсдол бол эдийн засгийн дайны байдал. Байгаа хүчээрээ байлдаанд шууд орно. Хийдэл давхардал, илүүдэл давхцалд иж бүрэн чиг үүргийн шинжилгээ хийж, долоо хэмжиж нэг огтлоод оновчилно. Үсээ засах гээд чихээ огтолж болохгүй.

Судлан тооцоолж үзэхэд одоогоор 3000 сул орон тоо байна. Үүнийг бөглөх шаардлагагүй. Энэ бол 26 яам татан буулгасантай адил хэмнэлт. Бусад зардлыг тооцохгүй, зөвхөн цалингийн сан жилд 7.4 тэрбум төгрөг болно.

Бүтэц цомхон байх нь зөв боловч бүтэц оновчтой байх нь бүр зөв. 12 дэд сайд цомхотгоод, Үндсэн чиглэлийн дөрвөн дэд сайдтай үлдэнэ.

Сайдын алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр үүрэг хариуцлага. Салбартайгаа цоо шинээр дадлагажигч шиг танилцахгүй, танин мэдэхүйн дамжаанд суух шаардлагагүй, мэдлэг, туршлагыг харгалзан авч үзлээ. Хурд гүйцэж ажиллах, галтай ч гашуун шийдвэр гаргах, асуудлыг шийдэл болгох, хариуцсан салбараа манлайлах, удирдан зохион байгуулах чадвартай эсэхийг тооцлоо.

Шинээр томилогдож байгаа хүмүүст ч мэдлэг чадвар нь байгаа эсэхийг харгалзан авч үзнэ.

Олон нам, эвсэл, сонирхлын бүлгээс бүрдсэн УИХ, хүчтэй сөрөг хүчинтэй нөхцөлд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал гэж үзсэн бүрэлдэхүүн гэдгийг нуугаад байх юмгүй шууд хэлье. Түлш шатахуун, тог цахилгааны тасалдал аюул болоод байхад төр засгийн ажил тасалдал болж болохгүй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй байна.

Засгийн газрын гишүүдээс нэгдүгээрт, ажлын гүйцэтгэлийн хариуцлага, хоёрдугаарт ёс зүйн хариуцлага нэхэж ажиллана. Бид дэлхийг өөрчлөхгүй ч дэлхий биднийг өөрчлөхгүйг үргэлж санаж, үйл хэргээрээ эх оронч байж, эвтэй хүчтэй, эрс шийдмэг, илүү хурдтай ажиллах ёстой. Ирээдүй цаг дээр биш энэ цаг дээр ажил, асуудлаа ярьж ажиллана.

Эргэлзээ дагуулсан асуудалд өртсөн бол хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ шалгуулах шаардлага тавина. Эргэлзээг тайлж, өөрсдөө санаачилгаараа шалгуул гэдэг болзол тавьсан.

Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөсөө хамаарах бүхнийг хийх болно. Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. 

“Эрхэм УИХ-ын гишүүд ээ,

Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тн, 2027 онд 3.1 сая тн-д хүрэх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.

Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байна.

Цаашид Ойрх дорнодын мөргөлдөөн энэ хэвээр үргэлжилж, улам хурцдаж “Брент” төрлийн газрын тосны үнэ баррель нь 130 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 1,750   ам.доллар, жижиглэнгийн үнэ литр тутамд 3,296 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 150 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,019 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 4,235 төгрөгөөр нэмэгдэх, тосны үнэ 200 ам.долларт хүрсэн нөхцөлд манай улсад нийлүүлэх дизель түлшний хил үнэ тонн тутамд 2,693 ам.доллар болж жижиглэнгийн үнэ литр тутамд 6,587 төгрөгөөр нэмэгдэн, литр дизель түлшний үнэ 9700 төгрөг болох эрсдэлтэй байна.

Манай улс ОХУ-ын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай хэлцэл хийсний дүнд өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны хил үнийг 2022 оны тавдугаар сараас хойш 705 ам.доллароор тогтворжуулан жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээлээс хамааралтай үнийн өөрчлөлтгүй явж ирсэн. 

Манай улс АИ-92 автобензинийн гаалийн албан татвараас сардаа ес орчим, жилдээ 100 орчим тэрбум төгрөг, дизелийн түлшнээс сардаа 25 орчим, жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн орлого олдог тэр хэмжээгээр төсвийн орлого хасагдах эрсдэлтэй.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор газрын тосны  бүтээгдэхүүний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгосноор, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан шатахууны үнийн хэлбэлзлийг түргэн шуурхай зохицуулах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр боловсрууллаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг алдагдуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье

Огноо:

,

Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ.

Уг бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий эерэг нөлөөлөлтэй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон ТЭЗҮ-ийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан төсөл юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ өнгөрсөн оны зургаадугаар сард батлагдсан. Тус үнэлгээнээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэх зөвлөмж гарсны дагуу 2026 оны хоёрдугаар сард Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдан барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон. Туулын хурдны зам нь долоон орц, гарцтай. Эмээлт болон Дарханы замаас энэ зам руу орох, гарах боломжтой. Ямар нэг гэрлэн дохио байхгүй бөгөөд олон түвшний огтлолцлоор бусад замтай холбогдоно. Эдгээр орц, гарцыг дурдъя. Мянган машины зогсоол буюу Хайрхан худалдааны төвд олон түвшний огтлолцол бий болно. Мөн Сонсголонгийн гүүр, Наадамчдын гүүр, Мишээл экспогийн хойгуур явж байгаа замаас мөн Туулын хурдны зам руу нийлэх боломжтой. Уулын замаас мөн холбогдоно. Түүнчлэн Залаатын амнаас Дүнжингаравын нүхэн гарцтай холбогдох гүүрэн байгууламж болон олон түвшний уулзвартай байх юм. Сүүлийн орц гарц нь Гачууртын уулзварын хойд хэсгээс буюу Налайхын замтай холбогдож байгаа хэсэг дээр тус хурдны замтай холбогдоно. Туулын хурдны зам нь Яармаг болон Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг хуваалцаж, түгжрэлд шууд нөлөө үзүүлнэ. Туул гол дагуу 19 км үерийн далан бий болж байгаа юм. Туулын бургасыг хядлаа гэдэг мэдээлэл гараад байгаа боловч тийм зүйл байхгүй. Хойд хэсгээрээ далан байдлаар ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын Туул голын хамгаалалтын бүс рүү орж байгаа хэсэг дээр гүүрэн байгууламж барих юм. Ингэхдээ 10 метрийн өргөнөөр өрмийн машин явах зориулалттайгаар трассыг гаргаж байна. Туул голын экосистемийг алдагдуулж, бургасыг хядахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ.

ТЭКОЛ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал “Туулын хурдны замыг барихад голын дагуу өртөж байгаа модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцоолсон. Нийт 32 км автозамын трассд 43.2 га талбай өртөнө гэж тооцоолсон. Үүнээс мод, бут таарч байгаа нь 10 га юм. Хохирлын хэмжээг 805 сая төгрөг гэж гаргасан. Тус төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ, зөвлөмжийг дэлгэрэнгүй өгсөн. Байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан. Тус төсөл хэрэгжсэнээр ундны усны эрсдэл учрахгүй” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн "12 дугаар сарын 5-нд Эрдэмтдийн зөвлөлийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдсан. Энэ хүрээнд экологи эдийн засгийн үндэслэл гарсан. Нарийвчилсан үнэлгээний тайланд бидэнд нөхөн сэргээлтийн таван жилийн хугацаа өгсөн. Бид усны газартай хэд хэдэн уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Олон улсын жишигт нийцүүлж, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд гүйцэтгэнэ” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм14 цаг 7 минут

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ14 цаг 16 минут

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе14 цаг 19 минут

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе14 цаг 27 минут

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ14 цаг 47 минут

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм14 цаг 54 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе16 цаг 45 минут

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм16 цаг 49 минут

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох