Улстөр нийгэм
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.
Энэ үеэрээ тэрбээр “Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь эдийн засаг, инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад голлон чиглэнэ” гэдгийг онцлов.
Цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан эдийн засгийн хүндрэлийг Монгол Улс амжилттай даван туулж, санхүүгийн зах зээл, эдийн засаг сэргээд байна. Тиймээс энэхүү сэргэлтийг цаашид буюу дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэхээр 2025 оны Үндсэн чиглэлийн төсөлд тусгаад байна. Илүү тодорхой хэлбэл, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулахаар тусгаад байна. Түүнчлэн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтлах, банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэх, банкны салбарын тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлэх, төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн шинэ үйлчилгээг дэмжиж, цаг үедээ нийцсэн хяналт зохицуулалтын уялдааг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох мөн олон нийтийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх стратегийг хэрэгжүүлж, Төв банкны бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэж ажиллах зэрэг зорилтуудыг тусгаад байна.
Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, их сургуулиудын багш, судлаачид, эдийн засагчдын дунд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан юм гэж Монголбанкнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Шударга мэдээ2022/02/01
Халамжийн тэтгэврийн нөхөн олголт хийгдлээ
-
Цаг үе2021/08/06
Эмнэлгийн эм тариатай холбоотой иргэдийн гомдлыг 1111 тусгай дугаарт хүлээн авна...
-
Улстөр нийгэм2021/12/09
Байнгын хороодын хуралдаан болно
-
Улстөр нийгэм2021/03/31
"Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сонсъё" цахим уулзалт боллоо