Шударга мэдээ
Хиймэл оюуны эрчим хүчний хэрэгцээг цөмийн реактораар хангана
"Google" нь хиймэл оюуны нөлөөгөөр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд жижиг модульчлагдсан реакторуудаас (SMRs) цахилгаан худалдаж авах дэлхийн анхны гэрээнд гарын үсэг зурсан.
Технологийн компани "Kairos Power"-тэй байгуулсан гэрээ нь Кайросын анхны жижиг модульчлагдсан реакторыг 2030 он гэхэд онлайн болгох, дараа нь 2035 он гэхэд нэмэлт суурилуулалт хийх зорилготой.
Тус компани 6-7 реактороос нийт 500 мегаватт эрчим хүч худалдаж авахаар болсон нь өнөөдрийн цөмийн реакторуудын гаралтаас бага аж. "Google"-ийн Эрчим хүч, цаг уурын асуудал хариуцсан ахлах захирал Майкл Террелл “Цөмийн эрчим хүч нь бидний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж чадна. Уламжлалт реакторуудаас жижиг боловч эдгээр SMR нь Google-ийн цэвэр, найдвартай эрчим хүчний зорилгод нийцэж байгаа. Энэхүү төслийн хүрээнд АНУ-ын Цөмийн зохицуулах хороо болон орон нутгийн агентлагуудаас зөвшөөрөл авах шаардлага бий” гэж онцолжээ.
Хиймэл оюуны нөлөөгөөр сүүлийн арван жилд анх удаа эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж, технологийн компаниуд цөмийн эрчим хүчний компаниудтай энэ онд хэд хэдэн гэрээ байгуулсан. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сард Amazon.com (AMZN.O), Talen Energy (TLN.O)-аас цөмийн эрчим хүчээр ажилладаг дата төвийг худалдаж авсан. Мөн өнгөрсөн сард Майкрософт (MSFT.O) гэрээ байгуулав.
АНУ-ын дата төвийн статистикаас харахад, эрчим хүчний хэрэглээ 2023-2030 оны хооронд ойролцоогоор гурав дахин нэмэгдэнэ. Улмаар байгалийн хий, салхи, нарны эрчим хүчийг нөхнө гэж харж байна. Өсөн нэмэгдэж буй хэрэглээнд 47 гигаватт шинэ үйлдвэрлэлийн хүчин чадал шаардагдах аж.
"Кайрос" өнгөрсөн оны сүүлчээр Теннесси мужид реактор барихаар барилгын зөвшөөрөл авчээ. Бага оврын модульчлагдсан реакторуудын барилгын зардлыг бууруулахын тулд газар дээр нь биш үйлдвэрт баригдсан эд ангиудыг өнөөгийн реакторуудаас жижиг хэмжээтэй болгох зорилготой юм. Ингэхдээ реакторыг нэг нэгээр нь худалдаж авахын оронд урт хугацааны томоохон хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
"Кайрос" компанийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Майк Лауфер “Энэхүү шинэ арга барил нь манай төслүүдийн өртөг зардал, хуваарийн дагуу хэрэгжих хэтийн төлөвийг сайжруулна гэдэгт бид итгэлтэй байна” гэлээ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Цаг үе2024/09/18
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэл...
-
Цаг үе2019/10/18
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
-
Цаг үе2020/05/19
Украины дэд сайд агсны хэргийг хэрэгсэхгүй болгожээ
-
Улстөр нийгэм2022/04/20
Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо Ажлын хэсгийн мэдээлэл сонслоо
