Цаг үе
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2024 оны арваннэгдүгээр сарын 04-нөөс арваннэгдүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 06-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 07-нд Алтайн салбар уулсаар, 08-нд баруун аймгуудын нутгаар, 09,10-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө -2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 9, 10, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 9, 10-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9, 10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 9, 10-нд хүйтэрч шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
Цаг үе
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурлаа.
Уг хэлэлцээр нь манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай" хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Ингэснээр, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тос, шатахууны урьд өмнө байгаагүй үнийн өсөлтийг бууруулах талаар ажиллах, хангамжийг тогтворжуулах чухал ач холбогдолтой юм.
Цаг үе
Татвар төлөгч 28.879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.
2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-ноос шилжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр шилжүүлж дууслаа. 2025 оны жилийн эцсийн тайлангаар 28,879 татвар төлөгч иргэн 57.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахаар тайлангаа ирүүлсэн юм. Тодруулбал, шинээр орон сууц худалдан аваад анх удаа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа 7,527 иргэнд 28.5 тэрбум төгрөг, үргэлжлүүлэн хамрагдаж байгаа 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, хуульд заагдсан бусад нөхцөлөөр 12 иргэнд 30 орчим сая төгрөгийн буцаан олголтыг олголоо.
Банкны болон татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцаагдсан иргэдийн мэдээллийг харьяа татварын албаар дамжуулан дахин засварлаж, гүйлгээг ойрын өдрүүдэд хийнэ.
Ташрамд, Хувь хүний орлогын албан татварын орлого нь орон нутгийн төсвийн орлогын томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Жил бүрийн нийслэлийн төсөвт Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвлөн, баталдаг. 2026 онд 63.0 тэрбум төгрөгийг татвар төлөгч иргэдэд буцаан олгохоор баталсан юм.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

