Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

АБГББХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Огноо:

,

Улсын  Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Н.Номтойбаяр нар санал хэлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Б.Энхбаяр нар ажлын хэсэг хуулийн төслийг нухацтай ярилцах шаардлагатай гэж үзэн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Иймд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлын даргын 2024 оны 233 дугаар захирамжаар тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Анар, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Ж.Баясгалан, Н.Номтойбаяр, Б.Уянга, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан гэв.

Мөн ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 6, 12-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёолол 8, төслийн бүтэц, нэр, томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх, нэг саналын томьёоллыг хэлэлцэн дэмжиж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг Монгол Улсад үр өгөөжтэй байх хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болох, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн гэлээ.  

Мөн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг тус тус танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Дам.Цогтбаатар, П.Наранбаяр, С.Ганбаатар, П.Сайнзориг, Н.Наранбаатар, Б.Ганбат, Г.Дамдинням, Б.Энхбаяр Э.Болормаа, О.Батнайрамдал, Х.Тэмүүжин нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 0-130 ам.доллараар ангилж, 0-9 хувь хүртэл тооцно гэсэн агуулгатай заалт тусгасныг дурдаад үнэ 130 ам.доллароос дээш хүрсэн нөхцөлд хэрхэн зохицуулах талаар лавлав. 

Ажлын хэсгээс, Хуулийн төсөлд тусгаж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн хүснэгтэд  хэмжих нэгжийг фунтээр тооцсон. Тэгэхээр гишүүний дурдсан 2007 онд 300 орчим ам.доллар байсан үнийг фунтээр тооцвол 140 ам.доллар болох жишээтэй. Олон улсын цөмийн энергийн институтээс гаргасан үнийн төсөөллийн судалгаанд ингэж тооцсон байсан. Бидний хувьд үнэ өснө гэсэн төсөөлөлтэй байгаа бөгөөд 2035 онд 130 ам.доллар хүрээд цаашаа тогтмол өсөх төлөвтэй байгаа. 130 ам.доллароос дээш өсвөл 19 хувийн АМНАТ-өө төлөөд явна гэх тайлбарыг өгөв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Цөмийн энергийн тухай хууль нь Монгол Улсын эдийн засаг, валютын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгоход маш чухал хууль тул зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд төслийн 1/4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Гадаад улсын цацраг идэвхт хаягдал ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно” чухал заалт оруулсан байсан. Уг заалттай холбоотойгоор маргаан байгаа эсэхийг тодруулахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Техник, технологийн хэлтсийн дарга Г.Намчинсүрэн, Үндсэн хуулийг дагаж гарах холбогдох хууль тогтоомжид гишүүний танилцуулсан заалтыг Цөмийн энергийн тухай хуульд тусгахыг даалгасан байсныг дурдаад дээрх заалттай холбоотой ямар нэгэн маргаан байхгүй гэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Бид хувьцаа авна гэхийн оронд АМНАТ-төө ач холбогдол өгөх нь зүйтэй гээд хууль батлагдахаар энэ нь цаашдаа олон гэрээнүүдэд үйлчлэх тул хугарлын цэгийг тооцсон эсэхийг тодруулав.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн хариултдаа, Нийт гурван төрлийн АМНАТ байгаа. Суурь, өсөн нэмэгдэх АМНАТ нь хуульчлагдаад, цаашдаа жигд үйлчлээд явна. Харин тусгай АМНАТ-ийн хувьд тухайн ордын онцлогоос хамаараад Улсын Их Хурал тухай бүрд нь тогтооно гэв. Мөн тэрбээр, Бид компанитай хийж байгаа хэлэлцээрийн хүрээнд 1 фунт нь 52 ам.доллар байхад төсөл өөрөө үр ашиггүй болно гэсэн хугарлын цэг тавьсан. Энэ үүднээс өсөн нэмэгдэх АМНАТ-ийн тооцогдож эхлэх нь 50 ам.доллар. 50-аас доош бол өсөн нэмэгдэх байхгүй гэсэн байдлаар оруулж ирсэн бол урьдчилан тохирсон тусгай АМНАТ-ийн хувь хэмжээ 50-аас доош бол 5 хувь буурахаар оруулсан гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ашигт малтмалын нөөцүүдийг ашиглах нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал бөгөөд шар нунтаг нь эрчим хүчний хамгийн том эх үүсвэрүүдийн гол түүхий эд. Бидний хувьд шар нутгийг зөвхөн олборлож экспортод гаргах асуудал байгаа. Харин  баяжуулснаас үүсэх хог хаягдлыг Монгол Улс авахгүй гэдгээ олон улсын  конвенцоороо ч баталсан, боломж ч байхгүй. Иймд дэлхий нийт ураны олборлолтод АМНАТ-ийг 3-5 хувиар ногдуулж байхад бид 14 хувь, үнэ өсвөл бараг 19 хувийг авна гэх нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэггүй гэсэнтэй адил хэмээгээд энэ асуудалд ажлыг хэсэг тодорхой хариулт өгөх шаардлагатай гэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Суурь АМНАТ-ийг 9 хувь болгосон тохиолдолд төсөл зогсоно. Хөрөнгө оруулалтын гэрээ цаашаа явах боломжгүй хэмээн хариулав.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Засгийн газрын өргөн барьсан төслийн 1/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар гэсэн нэр томьёог ажлын хэсэг Монгол Улсад үр өгөөжтэй байх гэж өөрчлөхөөр болжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2-т Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх гэсэн агуулгатай хэр нийцэж буйг тодруулж байлаа.

Ингээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ

Огноо:

,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болж, улсын төсвийн 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
 
Шав тавих ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар болон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
 
Төслийн хүрээнд 5 блок бүхий цогцолбор эмнэлэг баригдаж байгаа бөгөөд А блокт амбулаторийн кабинетууд,
 
В блокт рентген, компьютер томографийн оношилгоо болон лабораторийн тасгууд,
 
С блокт хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд,
 
D блокт хэвтэн эмчлүүлэх нэмэлт ор, тасгийн хэсэг,
 
Е блокт шарил хадгалах байр (морг) тус тус байрлахаар төлөвлөгджээ.
 
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Өгөөмөр баян дэнж" ХХК ажиллаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү цогцолборыг 2026–2027 онд үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийгдэж байна.
 
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор оношилгоо, эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж өргөжин, Булган аймгийн эрүүл мэндийн салбарын чадавх шинэ түвшинд хүрнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

2026.06.11 /Пүрэв гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
15
Хэлэлцэх асуудал: 15
 
  1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  2. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  7. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  8. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  11. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  12. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  14. “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  15. Бусад
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо

Огноо:

,

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

  • Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
  • Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
  • Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
  • Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
  • Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
  • Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
  • Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
  •  

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох