Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, дүгнэлт гаргав

Огноо:

,

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг угтан 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгууллаа.

Чуулга уулзалтыг Улсын нээж хэлсэн үгэндээ Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгох “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг онцолсон юм. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хууль зүйн үр дагаврыг тодорхойлох, түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг бие даасан, хараат бус байгууллагыг Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд татан оролцуулахаар тусгасан тухай танилцууллаа. Мөн тэрбээр, Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг заавал хэлэлцэх, шаардлагатай бол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, цөөнхийн бүлэг төсвийн хяналтын сонсголыг санаачлах, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос явуулсан хяналтын сонсголын тайлан, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах зэрэг зохицуулалтыг хуульд тусгаснаар Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд системтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн, хангалттай бүрдсэн гээд парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чуулга уулзалт чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Мөн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Феликс Гленк чуулга уулзалтын эхэнд Монгол, Германы ард түмнүүд ардчилал, үнэт зүйлээрээ нэгдмэл байдгийг онцлон дурдаж, Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага учир парламентын хяналт нь ард түмний хяналтыг хэрэгжүүлэх тухай асуудал юм гэлээ. Иймд парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх талаар хоёр тал хамтран ажиллаж, тус тусын ардчиллыг улам бэхжүүлэхийг уриалав.
Чуулга уулзалт “Парламентын хяналтын тогтолцоо”, “Парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэх, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгүүдээр үргэлжилсэн юм. “Парламентын хяналтын тогтолцоо” сэдвийн хүрээнд хоёр панел хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд эхний хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар тавив.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа илтгэлээрээ өнгөрөгч долоо хоногт баталсан “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа. Тэрбээр, стратеги төлөвлөгөөг боловсруулах хүрээнд 2020-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, гадаад орнуудын парламентын стратеги, төлөвлөгөөний бүтэц, загварыг судалж өөрийн орны онцлогтой нийцүүлсэн болон шинээр бүрдсэн 126 гишүүн бүхий Улсын Их Хурлаас иргэд, олон нийт ямар хүлээлттэй байгааг судалсан талаар тухайлан танилцуулж, Монголын парламентын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс болон таван зорилго, 16 зорилт, тэдгээрийн хүрэх үр дүнгийн талаар товч дурдсан юм. Харин Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат илтгэлдээ эдүгээ бүрдэж бий болоод байгаа парламентын хяналтын тогтолцоо, түүний эрх зүйн орчны талаар нэгтгэн өгүүлсэн юм. Үүндээ тэрбээр Монгол Улсын Их Хурлын хяналтын тогтолцоог АНУ, Их Британи, ХБНГУ зэрэг гадаад улсуудын тогтолцоотой харьцуулан авч үзсэнээ дурдаж, Монгол Улсын 1924, 1940, 1960 болон 1992 оны Үндсэн хуулиудад хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналттай холбоотой чиг үүрэг тодорхой тусаж ирсэн болон энэхүү чиг үүргийн хэрэгжилт хангалтгүй явж ирснийг тэмдэглэв. Эдүгээ Монгол Улсын Их Хурал хяналт шалгалтын чиг үүргээ Улсын Их Хурлын гишүүний асуулт, асуулга, төсвийн хяналт, Ерөнхий сайдын мэдээлэл, үр дагаварын үнэлгээ, хяналтын сонсгол, түр хороо байгуулах зэрэг долоон хэрэгслээр хэрэгжүүлж буйг тэрбээр танилцуулаад, эдгээр арга хэрэгслүүдийг хэрэглэх явцад гарч буй дэвшилттэй болон дутагдалтай талуудын талаар ярив.

Үндсэн илтгэлүүдийг панел хэлэлцүүлгээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку нар оролцож, Улсын Их Хурлын даргын зөвлөх, доктор Т.Алтангэрэл хөтлөн явуулсан юм. Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар төсвийн болон бодлого, үйл ажиллагааны хяналтад сөрөг хүчний үүрэг оролцоо тэргүүлэх байр суурьтай байгааг дурдаж, хэдийгээр Засгийн газарт МАН, АН, ХҮН хамтарсан ч гэлээ парламентын хяналтыг бүдгэрүүлэх ёсгүй гэж үзэж байгаагаа онцолсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар тус тусын байгууллагын үйл ажиллагаа, хяналт, зохицуулалтын талаар танилцуулсан бол Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Тиласони Бэнжамин Мусуку, Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн бол ардчилал улам бэхжиж байгаа жишээ болохыг дурдаад, парламентын хяналтыг бэхжүүлэхэд Улсын Их Хурлаар удирдлага нь томилогддог хяналт, зохицуулалтын байгууллагуудын чадавх, оролцоо, бие даасан байдлыг сайжруулах асуудал чухал гэдгийг хэлэв. Чуулга уулзалтын ороцогчид Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгах, улс төрийн болон мэргэжлийн байгууллагын харилцааг нарийвчлан тогтоох, мөн парламентын хяналтын асуудлыг хариуцлагын тогтолцоотой хамтад нь авч үзэх ёстойг онцолж байгаа.
Парламентын хяналтын тогтолцооны талаарх дараагийн хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурал дэлхийн хүчтэй парламентуудын тоонд ордгийг дурдаад, өмнөх Улсын Их Хурлуудад 15 хувиас доошоо орж байгаагүй сөрөг хүчний хувь хэмжээ өнөөдрийн 126 гишүүнтэй Улсын Их Хуралд 10 хувиас доош орсныг анхаарууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг тэрбээр жишээлж, Засгийн газрын өргөн мэдүүлснээр улсын төсвийг ДНБ-ий 70 хувьтай тэнцэх хэмжээгээр тэлж баталсан нь парламентын хяналтын механизм ажиллахгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм. Мөн тэрбээр, хяналтгүйгээр ямар ч ажлыг хийх боломжгүй гэдгийг онцлоод, Монгол Улсын хамгийн том мега төсөл бол ардчилал өөрөө юм гэлээ.

Хүний эрхийн хяналтын асуудлаарх энэ хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид, Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар ороүлцож, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хөтлөн явуулав. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин парламентын хяналт бол төрийн хяналт биш гэдгийг чухалчлан дурдаж, Улсын Их Хурал өөрийн дотоод бүтцээр баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтийг хянах ёстой гэсэн юм. Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг хяналтын байгууллагууд Улсын Их Хурлаас давсан эрх мэдэл хэрэгжүүлэх ёсгүйг анхааруулав. Засгийн газрын хамгийн хүчтэй эрх мэдэл болох хүнийг яллах, шийтгэх эрх мэдлийг хянах нь парламентын хяналтын хамгийн гол чиг үүрэг байх ёстойг тэрбээр дурдаж, Монгол Улсын Их Хуралд өнөөдрийн байдлаар энэ хяналтыг хэрэгжүүлэх бүтэц байхгүй байна гэсэн юм. Иймд тэрбээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дэргэд Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хороог байгуулах тухай хуулийн төсөл санаачлаад байгаагаа танилцуулав. Уг төсөлд, парламентын бие даасан прокурор, шинжээчдийг томилох, тэдгээр эрх бүхий албан тушаалтнууд Улсын Их Хурлаас хүртэл нууцалсан далд мэдээллийг нээн илрүүлж, парламентад авчирч өгөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Хүний эрхийн Үндэсний комиссын дарга, доктор Д.Сүнжид Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийн гол чиглэл нь хүний эрх гэдгийг тэмдэглээд, энэ талаарх төрийн хяналтын системийн голлох бүрэлдэхүүн хэсэг бол дотоодын хяналтыг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид гэдгийг онцоллоо. Төрийн байгуулал нэн тэргүүнд өөрөө өөрийгөө хянах нь чухал гэдгийг тэрбээр анхааруулж, хөндлөнгийн хяналтанд шилжихээс өмнө урьдчилан сэтгийлэх, таслан зогсоох нь хүний эрхийг хамгаалахад онцгой үүрэгтэйг дурдсан юм. Монгол дахь НҮБХХ-ийн төслийн менежер Д.Нинжин, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал нар парламентын ил тод байдал, төсвийн хяналт, Улсын Их Хурлын эрх зүй болон эрх мэдлийн чадавхтай холбоотой асуудлыг хөндөж, эдгээртэй холбоотой судалгаа, кейс шинжилгээний үр дүнгүүдээс танилцууллаа. “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлээгүй нь энэ талаарх хуулийн зохицуулалт хоёрдмол агуулгатайгаас болсныг шүүмжлэв. Хэлэлцүүлгийн болон чуулга уулзалтын оролцогчид хүний эрхийн талаарх парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ талаарх чиг үүрэг бүхий институциудын уялдаа, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг болон сөрөг хүчний эрх, үүргийг нэмэгдүүлэх, хариуцлагын механизмыг тодорхой болгох, чангатгах асуудлуудыг онцолж байв. “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал М.Энхбадрал Монголын парламент Засгийн газрын хууль баталдаг нэгж шиг ажиллаж байгааг шүүмжилж, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралдааныг ил тод, нээлттэй болгох шаардлагатай гэлээ.
Дараагийн хэлэлцүүлгээр парламентын хяналтын дэлхийн жишиг болон чиг хандлагын талаар ярилцав. Энэ хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүдийг МУИС-ийн хүндэт доктор, профессор Ян Зиков, ХБНГУ-ын Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, өмгөөлөгч Фредерике Витте нар Бундестагийн жишээгээр олон нийтийн хяналт болон парламентын хяналтыг сайжруулах, бэхжүүлэх боломж, шийдлийг талаар тавив. Профессор Ян Зиков цахимаар тавьсан илтгэлдээ парламентат ёс өндөр хөгжсөн орнуудын жишээгээр парламентын хяналтыг явуулж буй арга туршлагуудаас дурдаж, ХБНГУ-ын парламент болон төрийн институциудын үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн оролцоог Үндсэн хуульд тухайлан заасан болон сүүлийн жилүүдэд үүнд технологийн дэвшил, цахим шийдлүүдийг түлхүү ашиглах болсныг танилцуулсан юм. Ардчилсан засаглалын хяналт, тэнцвэр гэдэг бол зөв хянах, зөв хүндлэх харилцаа болохыг тэрбээр дурдав.
Хатагтай Фредерике Витте Холбооны Канцлер болон түүний танхимыг томилох Бундестагийн эрх, түүний хүч чадлыг тайлбарлаж, итгэл үзүүлэх эсэх асуудлаарх конструктив санал хураалтын дэгийг товч танилцуулсан юм. Тэрбээр, Засгийн газарт тавих парламентын хяналт нь мэдээлэл авах эрхэд тулгуурлаж буйг онцлоод, асуулга тавих, сэдэвчилсэн мэтгэлцээн, хяналтын хороо байгуулах зэрэг Бундестагийн хяналтын механизмуудыг танилцууллаа.
Дээрх илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Анар хөтөлж, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, С.Зулпхар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Отгончимэг, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нар оролцов. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа парламентад мэдээллийг заавал үнэн зөв гаргаж өгөх, буруу мэдээлэл өгсөн бол маш хатуу хариуцлага тооцдог байх зарчмыг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Монголын парламентын хяналт, шалгалтын эрх зүйн орчин хангалттай бүрдсэн болон судалгаа, нотолгоонд суурилж ажиллах зарчим, соёлыг төлөвшүүлэх явдал учир дутагдалтай байгааг дурдсан юм. Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Отгончимэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтаас гадна хууль батлахаас өмнө тавих урьдчилсан хяналт чухал болохыг онцолж, Улсын Их Хурал төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулиудыг урьдчилан баталж буй нь энэ хяналтын механизмын зүйл мөн боловч манай парламент энэхүү эрхээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна гэлээ. Мөн тэрбээр, Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтэд таван жил тутам тогтмол үнэлгээ хийж, үр дүнг хэлэлцэж байх нь чухал үр нөлөөтэйг анхаарууллаа. Тус хэлэлцүүлгийн болон чуулга уулзалтын оролцогчид хууль тогтоох болон парламентын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх процесс ажиллагаа, энэ талаарх парламентын соёл болон чадавхын асуудлыг нарийвчлан ярилцаж, Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр авах хариуцлагын асуудлыг онцлон хөндөж байлаа.
“Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтад оролцогчдын асуулт, санал, байр суурийг нэгтгэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва танилцуулж, үг хэллээ. Тэрбээр, чуулга уулзалтаар парламентын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудлууд, гарц, шийдлийг олон талын оролцоотойгоор тал бүрээс нь бүтээлчээр хэлэлцсэнийг сайшаан онцлоод, хэдийгээр эрх зүйн орчин бүрдсэн ч түүнийг нутагшуулах, нэг мөр болгох, зохицуулалт хоорондын уялдааг хангах, хуульд заасан байнгын тогтолцоог бүрдүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг тогтмолжуулах шаардлагатай байгааг дүгнэв. Цаашид парламентын хяналтын хүрээ, талуудын оролцоог тодорхойлж, давхардлыг арилгах, хяналтын процесс болон соёл, механизмыг төлөвшүүлэх, мөн парламент болон Засгийн газрын хяналтын чиг үүргүүдийг зааглах, эдгээрийн хэрэгжилтийн механизмыг тодорхой, ил тод болгох, хууль тогтоомжийг сайжруулах ажлыг тухайн хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнд үндэслэх, бодлогын үр дүнгийн хяналт болон үр дүнд суурилсан төсвийн хяналтыг уялдуулж, иргэд, олон нийтийн оролцоог хангах, түүнчлэн парламентын хяналтын дунд, урт хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх асуудлуудад анхаарч ажиллах нь зүйтэй гэж дүгнэж буйг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ

Огноо:

,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болж, улсын төсвийн 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
 
Шав тавих ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар болон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
 
Төслийн хүрээнд 5 блок бүхий цогцолбор эмнэлэг баригдаж байгаа бөгөөд А блокт амбулаторийн кабинетууд,
 
В блокт рентген, компьютер томографийн оношилгоо болон лабораторийн тасгууд,
 
С блокт хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд,
 
D блокт хэвтэн эмчлүүлэх нэмэлт ор, тасгийн хэсэг,
 
Е блокт шарил хадгалах байр (морг) тус тус байрлахаар төлөвлөгджээ.
 
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Өгөөмөр баян дэнж" ХХК ажиллаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү цогцолборыг 2026–2027 онд үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийгдэж байна.
 
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор оношилгоо, эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж өргөжин, Булган аймгийн эрүүл мэндийн салбарын чадавх шинэ түвшинд хүрнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

2026.06.11 /Пүрэв гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
15
Хэлэлцэх асуудал: 15
 
  1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  2. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  7. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  8. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  11. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  12. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  14. “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  15. Бусад
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо

Огноо:

,

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

  • Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
  • Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
  • Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
  • Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
  • Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
  • Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
  • Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
  •  

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох