Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төрийн банкныхан 15 жилийн ойгоо угтан бяцхан Зүрхнүүдэд амьдрал бэлэглэлээ

Огноо:

,

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкны хамт олон үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 4000 гаруй ажилтныхаа дунд “Өгөх өдөр” хандивын аяныг зохион байгуулж цугларсан 50,555,000 төгрөгийг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлалаа.

Тэдний амьдрал бэлэглэсэн бяцхан зүрхнүүдийн нэг төлөөлөл нь П.Дөлгөөнзаяа охин юм. Тэрээр “Зүрх мартахгүй” төслийн багийн хамт олон Баянхонгор аймагт үзлэг хийхээр очих үед оношлогдсон бөгөөд яаралтай хагалгаанд орох заалттайгаар энэ оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод ирж эмчлүүлэн, хагалгаа амжилттай болж дахин нэг гэр бүлийн нүүрэнд инээмсэглэл тодорлоо.

Дэлхий дахинд түгээмэл тохиолддог эмгэгүүдийн нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд 1000 орчим төрдөг гэсэн судалгаа бий. Тэдгээр хүүхдүүдийн  дийлэнх нь бүрэн эмчлэгдэх боломжтойгоос гадна яаралтай мэс засалд орох шаардлагатай байдаг аж. 

“Зүрх мартахгүй”, “Хязгаараас чинад” төслийн багийнхан хамтран Монгол орны өнцөг булан бүрд мөн ОХУ, Тува, Афганистан улсын төрөлхийн зүрхний гажигтай хүмүүсийг үзлэгт хамруулан шаардлагатай тохиолдолд хагалгаанд оруулж энэхүү нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа олон улсын шинж чанартай болгон цар хүрээгээ жилээс жилд өргөжүүлэн тэлж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар тэд дотооддоо болон хилийн чанадад 90,000 километр замыг туулан  40,322 хүнд эмчийн үзлэг үнэгүй хийж, нийт 1280 гаруй зүрхийг авраад байна.

Банк санхүүгийн салбарынхан тэр дундаа Төрийн банкныхан өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 онд “Зүрх мартахгүй” төсөлд хандив өгч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулж байсан бол энэ удаа 15 жилийн ойгоо тохиолдуулан орон даяарх салбар нэгжийн бүх ажилтан тус аянд оролцсоноороо онцлог болжээ. 
Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад манлайлагч болохын хувьд 2022 оноос

“Эрүүл иргэн” хадгаламж, картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж иргэдийг эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах дадалд суралцуулах зорилго тавин ажиллаж буй. Цаашид Тогтвортой хөгжлийн томоохон зорилтуудын нэг болох Эрүүл мэндийг дэмжих, эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэн бий болгох төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, санаачлан зохион байгуулах тал дээр олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. 

Итгэл төгс Ногоон ирээдүй

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох