Цаг үе
“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээг сайжруулах нь” эрдэм шинжилгээний хурал болов
Нийгмийн эрүүл мэндийн жил болон нийслэлийн 385 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тулгамдсан асуудлаа тодорхойлон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, судалгааны ажлын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хариу арга хэмжээг сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.
Тус эрдэм шинжилгээний хуралд дархлаажуулалт бүхий халдварт өвчин, зонхилон тохиолдох болон зоонозын халдварт өвчин, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ сэдвийн хүрээнд эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд судалгааны ажлаа танилцуулсан юм.

Хурлын үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Нийгмийн эрүүл мэндийн нэн чухал ажил бол халдварт өвчин, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, хянан судлах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа юм. Сүүлийн жилүүдэд нийслэл хот коронавируст халдварын цар тахал, томуу, томуу төст өвчин, улаан бурхан өвчний дэгдэлт, үерийн гамшиг, шалтгаан нь тодорхойгүй химийн хордлого, угаарын хийн хордлогын нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зэрэг сорилттой тулгарсан хэдий ч амжилттай даван гарсан.
Дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй цар тахал, шинэ болон сэргэж буй халдвар ихсэх хандлагатай байгаа өнөө үед халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх, сургалт, судалгаа, хүний нөөцийн тогтвортой хөгжил, чанар аюулгүй байдлыг тасралтгүй хангах асуудал чухлаар тавигдсаар байна” гэлээ.
Эрдэм шинжилгээний хурлыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ, Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит анагаах ухааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Цаг үе2019/10/14
“Шинэ Хөдөө” төслийн хүрээнд Түлүүгийн даваанд худалдааны цэг байгуу...
-
Шударга мэдээ2022/10/24
ХЭҮК-ын гишүүд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллалаа
-
Улстөр нийгэм2022/08/17
"Solarcity" болон "Hyperloop" төслүүдийг Монгол Улсад хэрэгж...
-
Цаг үе2026/04/15
Хотын дарга Х.Нямбаатар Хүүхдийн урлан бүтээх төвд ажиллалаа
