Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцээрийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцууллаа.

Монгол, Япон хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь айлчлал солилцоо, цэргийн сургалт, бэлтгэл, хуурай замын цэрэг, агаарын цэрэг хоорондын хамтын ажиллагаа, инженерийн цэрэг болон цэргийн эмнэлгийн чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан сургалт, дадлагад оролцох зэрэг өргөн хүрээтэй хөгжиж ирснийг сайд танилцуулгынхаа эхэнд онцолсон.

Тэрбээр танилцуулгадаа, Хоёр улсын Засгийн газар хооронд 2015 онд “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаварыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”, Батлан хамгаалах яамд хооронд 2012 онд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулж, 2024 оны 02 дугаар сард Батлан хамгаалахын сайдын Япон Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр уг санамж бичгийн шинэчилсэн баримт бичигт гарын үсэг зурсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчалын үеэр байгуулсан “Монгол Улс, Япон Улсын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрт “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулах асуудал тусгагдсан. Үүнийг хэрэгжүүлэх зорилгоор 2023 оны 03 дугаар сард Гадаад харилцааны яамнаас чиглэл авч, хоёр талын ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Хоёр талын ажлын хэсгийн бэлтгэл уулзалтыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр цахимаар зохион байгуулсан ба хэлэлцээрийн албан ёсны зөвшилцлийг эхэлж, талууд 2024 оны 2, 3, 5, 6, 7 дугаар саруудад хэлэлцээрийн төслийг харилцан солилцсон. Хоёр талын ажлын хэсгийн уулзалтыг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин цахимаар зохион байгуулж, хэлэлцээрийн төслийн агуулгыг эцэслэн тохиролцсон.

Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлыг Засгийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх, холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтсон.

Уг Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангагдаж, батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэрэг-техникийн хамтын ажиллагаатай орны тоо нэмэгдэж, Япон Улсаас орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэн авах, Монгол Улсын Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой юм гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Наранбаяр, С.Эрдэнэболд, Н.Батсүмбэрэл ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Н.Батсүмбэрэл нар хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад хэрэгжиж байгаа гэрээ, хэлэлцээрийн талаар мэдээлэл авах, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд энхийг дэмжих ажиллагаанд манай цэргийн албан хаагчид амжилттай оролцож байгаа талаар дурдаж, хэлэлцээрийн хүрээнд авах техник, тоног төхөөрөмж нь цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцэх эсэх, энэ талаар тодорхой мэдээллийг Батлан хамгаалах яамнаас танилцуулж байх талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох