Шударга мэдээ
Могойн голын нүүрсний уурхайгаас эхтэй Овоот төслийн луйвар

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд “Могойн голын нүүрсний уурхай гэж том уурхай бидний багад байлаа. Могойн голын чулуун нүүрсний орд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт Мөрөн хотоос баруун зүгт 223 км зайтай оршдог. Ордыг Хөвсгөл аймгийн геологи хайгуулын анги 1967-1978 онд Улаанбаатрын геологийн экспедицийн IX анги нарийвчилсан хайгуулаар 15508.6 мянган тонн нүүрсний нөөцтэй хэмээн тооцож, ОХУ-ын стандартаар "Ж” маркад хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Могойн голын ордын нөөцийг нарийвчлан тооцсоноор танилцуулбал, A+B-1,16 сая тонн, С1-2,89 сая тонн, А+В+С1-4,06 сая тонн. Энэ нь үйлдвэрлэлийн аргаар ашиглах боломжтой бодитой нөөц юм. Цаашид хайгуулыг үргэлжлүүлэн хийж, нөөц батлах шаардлагатай таамаг нөөцийг С2-11,44 сая тонн гэж тог тоож байжээ. Хожим нь 1992 онд уг орд газарт дахин хайгуул судалгааны ажил хийгдэж, Могойн голын ордын зүүн талын үргэлжлэл дээр үеийн суналын дагуу нүүрсний нөөц байгааг тогтоосон байдаг аж. Ийнхүү Могойн голын ордыг 1971 онд ашиглалтанд оруулж, орон нутгийн чанартай уурхайг байгуулсан байдаг юм. Уурхай орды үндсэн талбайд 66 мянган га газрыг эзэлдэг бөгөөд тухайн үед дундаж ашиглалтын насыг 30 жилээр тооцож байжээ. Хөвсгөл аймгаас гадна Могойн голын ордоос Завхан аймгийн нүүрсний хэрэгцээг бүхлээр нь хангах тооцооллыг хийсэн байдаг.
Хөвсгөл аймаг болон Завхан тэргүүтэй баруун аймгуудад нүүрс нийлүүлдэг энэ уурхай 1970-аад оноос үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчдэд нүүрс нийлүүлсээр ирсэн. Мод голдуу түлдэг, нүүрс гээч зүйлийг хэрэглэж мэддэггүй, “өмхий үнэртэй нүүрсийг зөвхөн уурын зууханд л шатаадаг” гэсэн ойлголттой Хөвсгөлчүүд за зээл эхэлсний дараа ч Могойн голын нүүрсний уурхайн талаар бараг мартсан гэхэд болно. Гэвч эзэд нь мэдээгүй суухад энэ уурхай нэг л мэдэхэд хувьчлал нэрээр бусдын гарт орсон байв. Гэхдээ тус уурхайн 51 хувийг орон нутгийн өмчид үлдээн, 49 хувь нь бусдын гарт оржээ.
Одоогоос яг 10 жилийн өмнө Засгийн газрын хурал дээр тун сонирхолтой асуудал хэлэлцэгдэж маргаан тарьж байв. Энэ бол Могойн голын асуудал. Тухайн үед Хятад-Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Шинэ Азиа Майнинг” групп өөрийн 100 хувийн хөрөнгөөр дулааны станц барина. Үүнийхээ шанд ордын 51 хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлж өгнө гэсэн тэмдэглэлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн нь олны гайхшийг барж, Хятадын хөрөнгө оруулалттай "Шинэ Азиа Майнинг” гэгч компани уурхайн дэргэд цахилгаан станц байгуулах гэрээг Засгийн газартай хүртэл байгуулсныг иргэд хэзээ хойно мэдсэн. Үүний дараа УИХ-ын сонгуулийн өмнөхөн Могойн голын нүүрсний уурхай дээр дулааны цахилгаан станц барих нээлт болж, тууз хайчилжээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү нээлтэд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр, Д.Балдан-Очир, Ц.Дашдорж,Ө.Энхтүвшин, Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав тэргүүтэй дарга нар ирж оролцох нь тэр.
Асар их мөнгөтэй хятадууд ирж, Монголд том хөрөнгө оруулалт хийж, Могойн голын нүүрсний уурхай дээр цахилгаан станц барих хүлээлт үүсээд удаагүй байтал өнөөх хятадуудынх нь “но” илэрчээ. "ШИНЭ АЗИА МАЙНИНГ” групп тухайн үед Төрийн банкнаас 1 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 500 000 ам.долларыг сарын 1 хувийн, жилийн 12 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлээд зээлийн гэрээгээ зөрчиж, мөнгөө төлөхгүй, тэр ч бүү хэл бүүр нэрээ сольж, “Шинэ азиа групп” ХХК болон өөрчилж, Дээд шүүх хүртэл заргалдаад авчээ. Шүүхээс “Шинэ азиа групп” ХХК –ийг 707 сая төгрөг төлөх шийдвэр гаргасан ч энэ мөнгө одоо хүртэл төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй байна.

ЗАВХАНЫГ ТОЙРОН ЭРГЭЛДЭХ ХЯТАД НОЁД

Хариу албан бичигт Б.Батхүү “Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулдаг “Могойн гол” хувьцаат компанийн нүүрсний уурхай болон Могойн голын эзэмшлийн талбайтай давхцаж буй тул олгох боломжгүй” гэсэн байна. Орон нутгаас ингэж хариу өгсөн ч үүнийг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын лиценз олгодог албан тушаалтнууд тоосонгүй. 2008 оны арваннэгдүгээр сарын 21-нд тухайн үеийн АМГТХЭГ-ын ГУУКГ-ын даргын шийдвэрээр улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод, давхардуулан, хууль зөрчин хайгуулын тусгай зөвшөөрлийг “Хургатай хайрхан” компанид олгосон байна.
Ингэж Могойн голын орд газарт “Хургатай хайрхан” компани Овоотын ордын лицензийг эзэмшдэг болсон түүх эхэлжээ. Харин өнгөрсөн жилээс лиценз цуглуулах тэдний ажил үндсэндээ дуусч, Хөвсгөлийн хамаг лицензийг гартаа оруулсан Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг Лимитэд” компанийн нийт хувьцааны 51 хувийг “Жем интернэшнл” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмших болсон гэдгээ ил тод зарлаж эхлэв.
-Бүрэнтогтох, Төмөрбулаг сумын Харгуйт гэх газарт ХV 014499 лицензээр тус бүр хоёр,
-Бүрэнтогтох сумын Нурамт гэх талбайд ХV 014973 тоот лиценз,
-Цахиурт гэх талбайд ХV 014636 тоот хайгуулын лиценз эзэмшигч болсон байна.
Жагсаалт үүгээр дуусахгүй. “Аспайр майнинг лимитед”-ийн Монгол Улсад бүртгэлтэй охин компани “Хургатай хайрхан” нь Могойн голын хөндийд 5758 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэ нь нөгөөх ашиглахаар зэхээд буй “Овоот” гэж нэрлэсэн орд. Бас эл компани Хуримтын хөндийд “Хуримт-1” гэсэн нэртэй, 5551 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. “Аспайр майнинг лимитед” нь “Овоот коал майнинг” гэх охин компаниараа дамжуулан Могойн голын хөндийн ойролцоо 1800 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл мөн авчээ. Бас “Блэкрок” компанийг худалдан авч, Мөрөн хотоос урд зүгт 20 орчим км-ийн зайд, Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг Төмөртийн аманд 860 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсон. Бас тэнд 210 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ингээд тооцоолохоор тус компанийн хайгуул болон ашиглалтын талбайн нийт хэмжээ 15 мянга орчим га болж байна...
Өнөөдөр яг ийм асуулт тулгараад байна. Учир нь “Аспайр Майнинг Лимитэд” компанийн хувьцааны 51 хувийг эзэмших болсон Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг ТУЗ-өө шинэчилж, компанийнхаа Ерөнхий захирлаар томилогдсон Д.Ачит-Эрдэнэ гэгчийн томилжээ. Тэрээр хэвлэлд “Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг жил гаруйн өмнө компанийн 12.0 хувийг эзэмшиж байгаад 2018 оны наймдугаар сард 27.5 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ жил дахин хөрөнгө оруулж 51 хувь болголоо. Хамгийн гол нь “Аспайр майнинг лимитэд” компанийн хийхээр бэлтгэж байгаа “Овоотын баяжуулах үйлдвэр”-ийн цогц бүтээн байгуулалт маш ирээдүйтэй, улс орны эдийн засагт чухал байр суурь эзлэх төсөл юм. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоот орд өндөр чанарын коксжих нүүрстэй... Түүнчлэн эхний ээлжинд тусгай зориулалтын хүнд даацын хатуу хучилттай авто замыг Овоотоос Эрдэнэт хот хүртэл нийт 560 км татаж тээвэрлэлтээ хийнэ” хэмээн мэдэгджээ.
Б.Цоож
Шударга мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Шударга мэдээ
Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “ТҮХТ нь нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт нийт 176 мянган өрхөд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах мэдээлэл өгч ажилладаг. Мөн өрхүүдийн яндан, зуухны битүүмжийг шалгаж, засвар үйлчилгээ үзүүлж байна. Хяналтын төвийн хувьд айл өрхүүдийн агаарын чанар муудсан, угаарын хий илэрсэн мэдээллийг хүлээн авч тухайн айл, иргэнд сэрэмжлүүлдэг. Айл өрхүүд зуухаа удаан галлаагүй байснаас үүдэн яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг” гэлээ.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дэлгэцийн оператор Д.Сувд “Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш дөрвөн ээлжээр ажиллаж, өрхүүдийн угаар мэдрэгчийг хянадаг. Өдрийн 12 цагийн хугацаанд нэг хүн 300–350 өрхийн дуудлагад хариу өгч, нийт 1200–1300 дуудлага хүлээн авч ажиллаж байна. Хүйтний улирал болж, галлагаа эхэлснээр түлшний таталт, утааны дуудлагууд их ирж байна. Тиймээс засварын дуудлагууд ч мөн давхар нэмэгдэж байгаа. Угаар мэдрэгч нь гэрийн агаарыг хянаж, түвшин ихсэхэд дуут дохио өгдөг. Зарим иргэд шөнийн цагаар дохио дуугарахад төвөгшөөгөөд унтрааснаас болж хяналтын төвд дохио ирэхээ больдог. Ингэснээр тухайн өрх угаартах эрсдэлтэй тул угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно. Угаарын хий үнэргүй, харагддаггүй тул иргэд өөрсдөө мэдэх боломжгүй. Иргэд угаар мэдрэгчийн дуут дохио ирэхэд утсаа авахгүй байх, эсвэл хяналтын төвийн дугаарыг блок хийх тохиолдол гарч байна. Тиймд, иргэд 70119410 гэсэн дугаараас залгасан тохиолдолд заавал утсаа авах шаардлагатай гэдгийг анхааруулж байна” гэв.
“Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын өрхийн зуухны инженер П.Анхбаяр “Угаар мэдрэгчийн баталгаа таван жил, тасралтгүй ажиллуулахад гурван жилийн баталгаатай. Ихэвчлэн механик эвдрэл болон хэрэглэгчийн хайхрамжгүй байдлаас угаар мэдрэгчийн гэмтэл үүсдэг. Төхөөрөмжийг монгол инженерүүд зохион бүтээсэн бөгөөд нарийвчлал, мэдрэх чадвар өндөр болсон.
Засвар үйлчилгээний хэлтэс долоон дүүрэгт ажиллаж, шаардлагатай айл өрхүүдийн пийшинг хөөлж, засварлаж байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй дуудлага ирж, 2384 айлд үйлчилгээ үзүүлээд байна. Стандартын шаардлага хангаагүй зуух хэрэглэснээс болж угаарын хий үүсэх тохиолдол ихэссэн. Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна. Жишээлбэл, сайжруулсан түлшний шаталтын хугацаа найман цаг байдаг ч айл өрхүүд 5–6 цагийн дараа гал унтарсан гэж үзэн яндангаа хаадаг. Үүний улмаас угаарын хий үүсэж, хүчилтөрөгчийн дутагдалд ордог.
Угаар мэдрэгчийг тогтмол шалгаж, бат бөх газар байрлуулж, унтраахгүй байх шаардлагатай. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон дуудлага ирж байгаа бөгөөд 15 мянга гаруй угаарын тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 644 өрхөд шөнийн цагаар угаарын түвшин аюултай хэмжээнд хүрч, хяналтын ажилтнууд газар дээр нь очиж, авран хамгаалсан. Нийслэлийн долоон дүүрэгт хариуцсан хяналтын багууд ажиллаж, угаарын хий илэрсэн айлд утсаар болон биечлэн очиж сэрэмжлүүлэг өгдөг. Утас холбогдохгүй бол хажуу айл руу холбогдож, шаардлагатай тохиолдолд жижүүрийн баг очин ажиллаж байна” гэлээ.
Шударга мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.