Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, хууль, тогтоолын төслийг эцэслэн баталлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд хот байгуулахтай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх, Хархорум хотын байгуулалтад аялал жуулчллын чиглэлийг хэрхэн тодотгосон талаар тодруулсан. Анх удаа хотыг төлөвлөж, байгуулахаар санаачилсан гэдгийг онцлоод Хархорум хотын захиргааг байгуулсан талаар мэдээллийг өгсөн. Тус захиргаанаас өнгөрсөн хугацаанд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад архитектур, хот төлөвлөлтийн олон улсын компаниуд саналууд ирүүлсэн хэмээн Монгол Улсын сайд Н.Учрал хариуллаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр тооцож, Гаалийн тарифын тухай хуульд өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийх тохиолдолд татваруудаас чөлөөлдөг, хойшлуулдаг энэ эрх зүйн орчныг нь бүрдүүлэх юм байна. Хархорин нь Их Монгол Улсын нийслэл байсан төдийгүй олон улсын худалдааны зангилаа төв байсныг тэрбээр дурдаад, Орхоны хөндийд одоо ч гэсэн жилд 40-50 мянган жуулчин очдог учраас хот байгуулахдаа эдгээрийг тооцсон болохыг тайлбарласан. Түүнчлэн Их Монгол Улсын нийслэлийн туурийг сэргээж, музей хэлбэрээр ажиллуулах, монгол залуусын виртуал орчинд бүтээсэн эртний Хархорум хотыг олон улсад сурталчлах боломжтой хэмээн үзснийг тэрбээр хариултдаа дурдсан. Шинэ хот байгуулах санхүүжилтийн талаар тодруулахад “Нэн тэргүүнд дэд бүтцийг нь шийдэх шаардлагатай. Улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын санхүүжилтээр дэд бүтцийг нь бүтээн байгуулахаар төлөвлөөд, ажиллаж байна. Тийм учраас энэ хуулийн төслийг дагалдуулаад хууль, тогтоолын төслүүдийг  өргөн мэдүүлсэн. Эдгээр нь батлагдвал Хархорин хот бие даасан статустай болоод, Захирагчтай болоод бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ” гэж Н.Учрал сайд хариулсан. Хот байгуулах мэргэжил ашиглалтын өмнөх захиргааг яаралтай байгуулж, ажилд нь оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг А.Ганбаатар гишүүн илэрхийлээд, төмөр зам, агаарын тээвэр, хурдны зам, метро, хурдны галт тэрэг зэргийг байгуулах, мөн засаг, захиргааны байгууллагуудаа төвхөнүүлж, сургууль, эмнэлэг, соёл, спортын байгууламжуудаа байгуулчихвал хүмүүс аяндаа шилжин суурьшиж, төвлөрөл бий болно хэмээсэн.


Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл иргэншлийн цөм, архелоги антропологийн дурсгал ихтэй өлгий нутаг гэдгийг Ж.Баярмаа гишүүн дурдаад, бүтээн байгуулалт өрнүүлэхдээ архелоги, антропологийн судалгааг хамт хийсэн эсэхийг лавлав. Ажлын хэсгээс хариулахдаа “Газар доор нь монгол угсаатны 5 нь нийслэлийн туурь байгаа учраас 2004 онд Орхоны хөндийг ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Хархорум хотыг барих газрын байршил нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн дэлхийн соёлын өвийн газар дээрээ давхцаж болохгүй учраас хот байгуулахад тохиромжтой, зэрэгцээ 183 га газрыг Засгийн газар тусгай хэрэгцээнд авсан” гэв.  Түүнчлэн хот бүхэлдээ төлөвлөгдсөн байх учраас энэ дагуух хөрөнгө оруулалт, түүнийг дагасан газар олголтын шийдвэр гаргах болно гэдгийг ажлын хэсэг тайлбарлав. Хархорум хотын хөгжлийн бүтээн байгуулалтын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэдэг байр суурийг С.Эрдэнэболд гишүүн илэрхийлээд энэ чиглэлээр ямар төлөвлөгөөтэй байгааг тодруулсан. Хот төлөвлөлтийн нарийвчилсан стратегийг боловсруулж, дэд бүтцийг орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу бүтээн байгуулах, ногоон байгууламжийг тэргүүн эгнээнд тооцож, төлөвлөдөг, иргэдийн   оролцоог хангах зэрэг хотыг сэргээх олон улсын жишиг байдгийг Н.Учрал сайд дурдаад “Хархорум хот анх 1220 онд байгуулагдсан. Тухайн орчин нь газарзүйн байршил, цаг уур, орчин нөхцөл, байгалийн хувьд нэн таатай, даацын хувьд хангалттай учраас хот байхад зөв байршилтай. Тэр ч утгаараа хотыг сэргээн байгуулахдаа түүхэн дурсгалт газрыг нь сэргээж, орчин үед нийцүүлэх нь чухал гэж харж байна. Тийм ч учраас Хархорум хотын тэргүүлэх чиглэл нь түүхэн аялал жуулчлал байж, бүтээн байгуулалтыг үүнд чиглүүлэн, брэндинг бүрдүүлж, дэлхийд таниулах ёстой гэж үзсэн” гэв. Б.Батбаатар гишүүнийн тодруулсны дагуу өнөөдрийг хүртэлх ажлуудын талаар ажлын хэсгээс мэдээлэл өгөв. Урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 26.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байж 500 мянган хүн амьдрах хот болох боломжтой, үүний 70 хувийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төр-хувийн хэвшлийн түншлэлээр хийх шаардлагатай ажлуудыг ч тодорхойлсон байгаа гэв. Хархорум хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих чиглэлээр Засгийн газрын санаачилгын үр дүнд Турк Улс түүх, археологийн олдворыг сэргээх төсөл дээр хамтрах, Арабын улсууд Хархорум хотын эрчим хүч, инженерийн дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллах, Австрали Улс цэвэр усны шугам, хоолой, ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төслийг хамтран хэрэгжүүлэх, Болгар Улс орон сууцын төслүүд дээр ажиллах, БНХАУ хотын ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүчний төслийг хамтарч хэрэгжүүлэх, ОХУ барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийн төсөл дээр, БНСУ Хархорум хотын түүх археологийн олдворыг олон нийтэд таниулах дээр хамтарч ажиллах саналуудаа илэрхийлээд байгаа талаар Н.Учрал сайд мэдээлэл өгөв. Олон улсын хөрөнгө оруулалт татах том төсөл учраас хууль гаргах нь чухал байгааг тайлбарлаад, Ерөнхийлөгчийн институц, гүйцэтгэх засаглал хөрөнгө оруулалтыг татах ажлуудыг хийнэ гэлээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, П.Ганзориг, Д.Жаргалсайхан, Г.Лувсанжамц, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Сангийн сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсны дараа А.Ундраа, С.Эрдэнэболд нарын гишүүд үг хэлсэн. Орхоны хөндий нь эртний Их Монгол Улсын нийслэл төдийгүй түүнээс өмнөх олон мянган жилийн туршид хэд хэдэн эзэнт гүрний нийслэл байрлаж асан түүхт газар нутаг гэдэг утгаараа шинэ нийслэлээ төвхнүүлэх нь Монгол Улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой, улсын хөгжлийн нэгэн түлхүүр гэж үзэж буйгаа А.Ундраа гишүүн илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад хууль хоорондын нийцлийг хангах чиглэлээр чамбай ажиллах шаардлагатай гээд, төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэхүү төсөл нь монголчуудын үндэсний эв нэгдэл, оюун санааны дархлааг хатамжлан баталгаажуулах үйл хэрэг хэмээн С.Эрдэнэболд гишүүн онцлон тодотгоод төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бие даасан зохицуулалт бүхий эрх зүйн гаргалгаатай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх, ард түмний дунд санал асуулгыг явуулж угсаатны зүй, гүн ухаан, монголчуудын өвөрмөц онцлог, түүх соёл, өнөөгийн технологи гээд олон талыг нэгэн зэрэг агуулсан мэдлэгийн иж бүрдлээр энэ хотыг стратегийг тодорхойлох, 2030 оноос цааших хүн төрөлхтний өмнө тулгарах асуудлуудад шинэ хот бэлтгэлтэй байх буюу дасан зохицох чадвартай, ногоон, сэргээгдэх эрчим хүчинд суурилсан байх ёстой гэдэг саналуудыг илэрхийлсэн.


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, шинэ Хархорум хотыг байгуулах ажил ийнхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэснээр гараагаа эхлүүлж буйг тэмдэглээд Улсын Их Хурлын зүгээс онцгой анхаарал хандуулан, өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, эрчимтэй ажиллах нөхцөлөөр хангана гэлээ. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг түр хойшлуулж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулав. Байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалгахгүйгээр гүйцээн боловсруулах чиглэл өгч Байнгын хороонд шилжүүлсэн зарчмын зөрүүтэй 7 саналын томьёололыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулсан байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй 3 саналын томьёололыг дэмжжээ. Иймд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж, тогтоолын төслийн эцсийн хувилбар болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг бэлтгэсэн байна.


Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан намын бүлэг болон бүлэгт харьяалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан, Д.Энхтүвшин, Д.Ганбат нар асуулт асууж, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан сайд нараас хариулт авсны дараа Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 3 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Дараа нь Байнгын хорооны саналаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 65.4 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа.


Үргэлжлүүлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Хархорум хотын бүтээн байгуулалт хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулав.  Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв. Мөн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 80 гишүүн дэмжсэн юм.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм.
Эхэнд нь тэрбээр цахим шилжилтийн талаар, өнөөдөр хоёр сая орчим хэрэглэгчид 1263 үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлж эхлээд байгаа талаар мэдээлэл өгөв. E-Mongolia дөрвөн удаа шинэчлэгдсэн бөгөөд цаашид төрийн байгууллагууд нэгдсэн цахим шуудангаар хоорондоо харилцдаг болох, төр иргэн хоорондоо мэдээлэл солилцдог болох, шаардлагатай мэдээллийг иргэн цахим хаягнаас татаж авдаг байх, банкны салангид төлбөрийн системүүд хоорондоо солилцдог болох чиглэлд хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сантай сүүлд уялдуулсан нь ч хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх давхар зорилготой байсан гэв.
Е-Mongolia төслөөс гадна shilen.gov.mn цахим хуудсыг нээж, төрийн байгууллагуудын худалдан авалт, сангуудын зарцуулалтыг ил тод болгож, яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагын 970,355 мэдээллийг ил болгож, зарим мэдээлэл нь жагсаалтын түвшинд, зарим мэдээлэл нь Улсын Их Хуралд нээлттэй сонсголын хэлбэрээр зохион байгуулагдаж түвшинд очсон нь тухайн үед нийгмийг бухимдуулсан ч иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашдын алдааг засах, мөн 2023 онд Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих хөрсийг бүрдүүлсэн гэв. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу 2 жил 7 сарын хугацаанд тус хуульд байнга нээлттэй байхаар заасан 5 чиглэлийн 68 төрлийн мэдээллийн ил тод байдалд “Шилэн индекс”-ийн үнэлгээ хийхэд, мэдээлэл хариуцагч 564 байгууллагын дундаж үзүүлэлт 67 хувьтай гарсан байна.


Энэхүү мэдээлэлд тулгуурлан Засгийн газраас Төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд энэ намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ төсөл батлагдвал олон улсын байгууллагуудын олон жил Монгол Улсад зөвлөсөн зөвлөмж бодит ажил болж, төрийн өмчит компани 40 орчим хувиар багасаж, ашиг орлоготой компаниуд нэгдсэн корпорацын зарчмаар ажиллах юм байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн төсвийн байгууллагын 1511 нь мэдээллээ нээлттэй байршуулсан бол төрийн өмчит 119 компанийн ашиг, алдагдлын мэдээлэл нийтэд ил болоод байгаа аж.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Засгийн газраас цахим өгөгдөлд тулгуурлаж, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг хөрөнгө оруулалтын хуультай хамтад нь өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа хэмээлээ. Хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын  өргөн төлөөлөлтэйгээр олон жил үргэлжилж буй энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газрын мега төслүүд амжиж хөдлөх нь суурь тоонуудыг тооцоход нэн чухал байгаа хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Эрх зүйн дээрх реформыг ирэх хаврын чуулгандаа багтааж хийж чадвал 2025 оны улсын төсвийг их өгөгдөлд үндэслэн төлөвлөх боломж бүрдэх бөгөөд  зөөлөн дэд бүтцийн хөгжил рүү чиглүүлэхээр тооцож байгаагаа мөн нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
2028 онд ДНБ-ийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ-ийг одоогийн ханшаар 10.0 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шинэ эдийн засгийн бүтцийг бий болгох гурван шилжилтийг зайлшгүй хийх шаардлагатай гэв.


Монгол Улс хөгжлийн хурдтай хөл нийлүүлэхийн тулд AI хиймэл оюун ухаан, өндөр технологийн; ногоон хөгжлийн; хүний нөөцийн гэсэн гурван шилжилтийг бүх салбарт хийх шаардлагатай хэмээн энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулаад цахим шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг хүссэн юм.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан, Улсын Их Хурлын гишүүн, ХҮНамын төлөөлөл П.Ганзориг, Улсын Их Хурлын гишүүн, Үндэсний эвслийн төлөөлөл А.Ундраа, Улсын Их Хурлын гишүүн, ИЗННамын төлөөлөл Б.Батбаатар нар үг хэлсэн. Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл, Б.Батбаатар нар Ерөнхий сайд болон ажлын хэсгийн гишүүдээс  асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Төр данхаж, олон эрх мэдлийг хуримтлуулснаараа авлигын суурь шалтгаан болж буйг Ж.Баярмаа гишүүн хэлсэн бол О.Цогтгэрэл цахимжилт нь төрийн албыг цомхон болгохгүй байгаа шалтгааныг тодруулав. Төрийн жинхэнэ албан хаагч 20 мянга байгаа гэдгийг Н.Учрал сайд хэлээд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдахаар төрийн албан хаагчдын өсөж байгаа тоон мэдээлэл харагддаг гэдгийг тайлбарлав. Ирэх онд бол БНСУ-ын сайн туршлагад үндэслэн боловсруулсан төрийн албаны шинэчлэлийг Засгийн газраас хийхээр төлөвлөсөн байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Б.Батбаатар гишүүний тодруулсан авлигыг бууруулах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, цахимжилтийн үр нөлөөний талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд хариулт өгсөн.
Монгол Улсын Ерөнхий сайдын авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд хийгдсэн “Шил” ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссны дараа баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов.
“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хууль, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хууль, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг тус бүрд нь сонссоноор өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.

Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.

Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн  тоглолтоо толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.

Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.

Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.

Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм17 цаг 31 минут

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ17 цаг 40 минут

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе17 цаг 43 минут

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе17 цаг 51 минут

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ18 цаг 11 минут

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм18 цаг 19 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе20 цаг 10 минут

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм20 цаг 14 минут

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох