Үзэл бодол
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Шинэ он гарах баярт агшныг сэтгэл догдлон хүлээн суугаа Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.
Улиран одож буй 2024 он Монгол Улс болон дэлхий дахинаа онцлог үйл явдлаар дүүрэн өндөрлөж байна. Дэлхийн олон оронд парламентын сонгууль болж, парламентат ёс, ардчиллын хөгжилд ололт, сорилтын аль алиныг үлдээлээ.
Монголчууд бид Улсын Их Хурлын болон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулиа амжилттай зохион байгуулж, эрх зүйт ёс, ардчиллын төлөө байгаагаа олон улсад дахин нотлон харуулснаараа бахархах учиртай.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор Та бүхэн анх удаа 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэндээ нэгэн шинэ хуудас нээлээ.
Шинэ парламент улс төрийн таван нам, эвсэл болон нийгмийн олон бүлэг, салбарын төлөөллөөс бүрдэж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь Та бидний хамтын ололт, амжилт юм. Энэ үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Олон нийтийн өргөн хэлэлцүүлэг, улс төрийн намуудын удаа дараагийн нээлттэй зөвшилцөл зэрэг олон талт механизмыг ашиглан энэхүү дэвшилд хүрч чадсан. Нийгмийн зөвшилцөл, ойлголцол бол Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд чухал зарчим мөн гэдгийг онцлон тэмдэглэе.
Энэ удаагийн парламентын үнэт зүйл мөн үүнд чиглэж байна. Улсын Их Хурал ирэх дөрвөн жилийн стратегиа баталж нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа. Тиймээс цаг үеийн шаардлагад нийцүүлэн хуулийг цаг алдалгүй, чанартай баталдаг болох, хууль ба журмын заагийг тодорхойлж зохистой харьцааг хангах, хуулийн биелэлтэд тавих хяналтыг тогтмолжуулах, парламентын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зэрэг олон чухал ажил биднийг хүлээж байна. Үүний гол зорилго бол хуулийн дор хүн бүр эрх тэгш байхад оршино.
Эх орон, элэг нэгт Монголчууд аа,
Манай ард түмэн амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн ерөөдөг билээ. Шинэ оныг угтах мөчид хүн бүр өөдрөг сайхан хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, гэрэл гэгээгээр дүүрэн байдаг нь энэ баярын гайхамшиг юм.
Та бүхний ерөөл биелж, хүн бүр эрүүл энх байж, хүүхэд багачууд элбэрэл хайраар бялхаж, өргөө гэр нь аз жаргалаар дүүрэн, ажил үйлс нь амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе. Айлчлан ирж буй 2025 оны шинэ жилийн баярын мэндийг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Шударга мэдээ2023/08/16
УБТЗ ХНН: Үерт угаагдаж болзошгүй газруудад ус өнгөрүүлэх хоолой нэмж барина
-
Шударга мэдээ2022/02/09
Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол болов
-
Улстөр нийгэм2023/08/17
Хууль эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиг...
-
Улстөр нийгэм2024/12/30
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуул...