Улстөр нийгэм
ЗАСГИЙН ГАЗАР: “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болж “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр:
- Мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхи нь сайжирч, залуу халааг бэлтгэнэ
- Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлэн, чанарын үнэлэмжтэй болно
- Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлж, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуй тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөл сайжирна
- Уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхи сайжран, төсөл, хөтөлбөр хэрэгжинэ
- Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалт идэвхжиж, нутаг орондоо ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгаа сайжирна гэж тооцоолжээ.
Хөтөлбөрт:
- Малын ашиг шимээр өрхийн үндсэн орлогоо бүрдүүлж, жилийн турш өөрийн малаа маллаж байгаа 16-аас дээш насны малчин
- Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин
- Суурин болон хагас суурин аж ахуйд мал бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу төрөлжсөн мал тэжээж, арчилж, маллаж байгаа малчин, саальчин
- Сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах хэлбэрээ харилцан тохиролцож баталгаажуулсан малчдын бүлэг хамрагдах юм.
Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшил 30, гадаадын төсөл, олон улсын байгууллагын санхүүжилтээс 45, орон нутгийн төсвөөс 40, улсын төсвөөс 135, нийт 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Улстөр нийгэм2021/02/18
Эхний ээлжийн вакциныг энэ сарын 22-нд авчирна
-
Шударга мэдээ2024/03/05
Монголбанк хоёрдугаар сард 1281 кг үнэт металл худалдан авлаа
-
Шударга мэдээ2023/10/16
Олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ
-
Үзэл бодол2023/05/16
Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхий...