Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

Огноо:

,

УИХ-ын чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр эхэллээ.

Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийцүүлж тогтоолын төслийн гарчгийг “Засгийн газарт чиглэл өгөх тухай” гэж өөрчлөх, мөн тогтоолын төслийг боловсронгуй болгох чиглэлээр 4 зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн болно гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын А.Ариунзаяа, Засгийн газрын журмаар төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнүүдийн мэндэлсний 100 болон түүнээс дээш жилийг 50 жилийн давтамжтайгаар тэмдэглэхээр заасан. Гэхдээ энэхүү 50 жилийн давтамжит хугацаа хэт хол байна. Тиймээс Засгийн газарт хугацааг өөрчлөх талаар чиглэл өгөхийг дэмжиж байна. Мөн Ж.Самбуу агсны 130 жилийн ойг тэмдэглэхээр санаачилсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд  болон  дэмжсэн гишүүдэд  талархаж байна гэв. Ийнхүү  асуулт, хариулт өндөрлөсний дараа байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Үүний дараа “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдаан үргэлжлэн “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцуулав.

Түүний дараа хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танилцуулсан юм.  Тэрбээр, хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын  гишүүн Д.Ганбат төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, шинэ техник, тоног төхөөрөмж болон технологи эзэмшсэн боловсон хүчний нөөц хэр байгаа талаар, УИХ-ын гишүүн Б.Батбаатар, батлах хамгаалах чиглэлээр гадаадын олон улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүрээнд хийгддэг хээрийн сургуулилт зэрэг үйл ажиллагааны талаар иргэдэд зөв мэдээлэл, ойлголт өгөхөд хэрхэн анхаарч байгаа талаар асуулт асууж, хариулт авлаа гэв.

Хуулийн төслийн танилцуулга болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар, батлан хамгаалах салбарт ирж буй буцалтгүй тусламж хэдий ч зах зээлийн ханш хэд болох вэ, тоног төхөөрөмжийн цаашдын урсгал зардалд тооцоо хийсэн эсэх талаар, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, энэхүү хэлэлцээрт  батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх юм байна. Технологи шилжүүлэх гэдэг агуулгыг тодруулахыг хүсэв. Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, батлан хамгаалах салбарын гадаад харилцааны оновчтой бодлого улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн гэдгийг онцлоод орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглах боловсон хүчнийг бэлтгэх талаар баримталж буй бодлогын талаар асуусан бол УИХ-ын гишүүн Б.Бейсэн хоёр улсын хэлэлцээрийн дагуу манайд нийлүүлэх тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай боловсон хүчинг бэлтгэсэн эсэх талаар асуусан.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хариулахдаа, манайх дэлхийн 39 улстай батлах хамгаалах, таван улстай цэрэг техникийн хамтын ажиллагаатай. Батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхэд зэвсэгт хүчний техник төхөөрөмжийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдрийн ашиглагдаж буй  тоног төхөөрөмжийн суурь дээрээ суурилуулан ашиглаад явах тул нэмэлт зардал гарахгүй. Энэ удаагийн  хэлэлцээрээр  анх удаа техник, тоног төхөөрөмж  хүлээн авч байна. Хоёр талаас санал гаргахгүй бол хэлэлцээр сунгагдаад явна. Хэлэлцээрийн дагуу тоног төхөөрөмжөө дагаад шинэ технологи орж ирэх нь дамжиггүй учраас хэлэлцээрийг ийн нэрлэсэн.  Дэлхийн улс орнууд техник, технологийн дэвшлийг ашиглан батлан хамгаалах үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Бид гадаадын улс орнуудад боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарч ажиллаж байна гэв. УИХ-ын гишүүд энэхүү хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авч дууссаны  дараа үргэлжүүлэн  “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Б. Пүрэвдорж танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, хамгийн их уул уурхайн төсөл хэрэгжиж буй Өмнөговь аймгийн зарим сумдын байгаль орчин сүйдсэн, ажилгүйдэл буураагүй, ундны усны хомсдол нүүрлэсэн зэрэг асуудлууд тулгарсаар байна. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн хөгжил, ард иргэдэд үр өгөөжгүй байна. Мөн Өмнөговь аймагт уул уурхайн төслөөс орж ирсэн татвараас  1,7 их наяд төгрөгийг татаад авчихаж байна. Бусад аймаг, сумдад уул уурхайн томоохон төслүүдийг үргэжлүүлэхдээ анхаарах талаар саналаа илэрхийлж байв. Мөн УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутагт хуваарилахыг гишүүдийн олонх дэмжих хандлагатай байгаад талархаж буйгаа илэрхийлээд уул уурхайтай аймаг, сумдын хөгжлийг дэмжихэд энэхүү татварын тодорхой хувийг үлдээх нь маш чухал гэдгийг онцолж байв. УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төсөл батлагдлаа. Мөн “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж,  эцэслэн  баталлаа.

Үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулав. Тэрбээр, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Орон нутгийн хөгжлийн санд хуримтлагдсан мөнгөн хөрөнгөөс эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, мөн уул уурхайн салбараас төвлөрүүлсэн орлогоос хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн бодлогуудыг Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эсэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн үндсэн хувь хэмжээг хэвээр үлдээх талаар асуулт асууж, хариулт авлаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1, 2, 3 дугаар зүйлүүдийг нэгтгэж өөрчлөн найруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Н.Батнайрамдал, Х.Булгантуяа, А. Ганбаатар, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Үндэсний баялгийн сан болон Хуримтлалын сан байгуулахад Сингапур, Норвеги зэрэг улс орнуудын туршлагыг сайн судалсан.  Манайд  Хуримтлалын сан тэтгэвэрт, Үндэсний баялгийн сан нь орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулагдахаар тусдаа байна. Хэрэв Үндэсний баялгийн сангийн хуримтлалаа орон сууц, боловсрол зэрэгт зарцуулахгүйгээр зөвхөн тэтгэвэртээ зарцуулах хүсэлтэй ахмад настнууд ямар боломж буй талаар асуув. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал, Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн оны 4 дүгээр сард батлагдсан. Түүнээс хойш өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлч гэхэд  480 тэрбум төгрөг хуримтлагдаад иргэн бүрт хадгаламж хэлбэрээр харагдаж байгаа нь том дэвшил. Ирээдүйн өв санг 2030 он хүртэл хадгалаад улмаар хуримтлал үүсгээд иргэнд хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэв.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, 2025 оны төсвийн тухай хуулийн дагуу  Хуримтлалын санд 507,1 тэрбум төгрөг төвлөрөхөөр заасан. Энэ хөрөнгө дахин нэмэгдэх боломжтой эсэх, тус сангийн мөнгөө иргэдэд зарцуулах эрхийг хэзээ нээх талаар  асуугаад, E-mongolia системд иргэнд хуваарилагдсан мөнгөн дүн харагдаж буй боловч хүүг тодорхой харуулах хэрэгтэй байгаа талаар саналаа илэрхийллээ. Ажлын хэсгээс Засгийн газраас “Хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журам”-ыг баталсан. Энэхүү журмын хүрээнд хуримтлалын нэрийн дансны мөнгийг зарцуулах эрхийг иргэддээ олгоно. Тиймээс хэрхэн зарцуулах иргэдийн хүсэлтийг авах, улмаар сангийн орлогыг улам нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэв. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хурааж, дэмжигдлээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Булган аймагт Эрүүл мэндийн салбарын томоохон цогцолбор бүтээн байгуулалт эхэллээ

Огноо:

,

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой өргөтгөлийн барилгын шав тавих ёслол болж, улсын төсвийн 37,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн цогцолборын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
 
Шав тавих ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Ганболд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Засаг даргын орлогч О.Ундрах, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Шижирбаатар болон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцов.
 
Төслийн хүрээнд 5 блок бүхий цогцолбор эмнэлэг баригдаж байгаа бөгөөд А блокт амбулаторийн кабинетууд,
 
В блокт рентген, компьютер томографийн оношилгоо болон лабораторийн тасгууд,
 
С блокт хэвтэн эмчлүүлэгчдийн тасгууд,
 
D блокт хэвтэн эмчлүүлэх нэмэлт ор, тасгийн хэсэг,
 
Е блокт шарил хадгалах байр (морг) тус тус байрлахаар төлөвлөгджээ.
 
Тус бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр "Өгөөмөр баян дэнж" ХХК ажиллаж байгаа бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү цогцолборыг 2026–2027 онд үе шаттайгаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийгдэж байна.
 
Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор оношилгоо, эмчилгээний хүчин чадал нэмэгдэж, иргэд орон нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж өргөжин, Булган аймгийн эрүүл мэндийн салбарын чадавх шинэ түвшинд хүрнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

2026.06.11 /Пүрэв гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
15
Хэлэлцэх асуудал: 15
 
  1. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  2. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/ Төслийн PDF
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  4. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  5. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  6. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  7. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нарын 13 гишүүн 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  8. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  11. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  12. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  13. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 17 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ Төслийн PDF
  14. “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  15. Бусад
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо

Огноо:

,

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

  • Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
  • Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
  • Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
  • Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
  • Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
  • Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
  • Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
  •  

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох