Улстөр нийгэм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улсын Их Хурлын зүгээс үргэлжлүүлэн бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков ардчилсан Үндсэн хуулиа баталсан 33 жилийн ойн баярын мэндийг УИХ-ын даргад дэвшүүллээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд хийсэн яриа хэлэлцээ болон Засгийн газрын хоорондын тохиролцоог хэрэгжүүлэхэд УИХ-ын зүгээс анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад залуу болон эмэгтэй гишүүд олон байгаа нь цаашид хоёр орны залуучууд, эмэгтэйчүүдийн харилцаа холбоог бэхжүүлэх өргөн боломжтойг онцлов.
Талууд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Шударга мэдээ2021/10/14
ЗГ: Төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрчээ
-
Улстөр нийгэм2023/04/06
Хаанбанк олон нийтэд үнэт цаасаа танилцуулж эхэллээ
-
Улстөр нийгэм2020/11/19
Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ
-
Шударга мэдээ2022/06/06
Спортын болон тоглоомын талбайг 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгана