Улстөр нийгэм
Туркийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүний 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг тэмдэглэлээ.
Харилцааны түвшнийг шат ахиулж Стратегийн түншлэл тогтоосон түүхэн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулсан Элчин сайд болон Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлэв.
Мөн харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, нийгэм, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Зафер Атешийг “Найрамдал” медалиар шагналаа.
Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монголын төр, засаг, ард түмэнд З.Атеш талархал илэрхийллээ.
Цаашид харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ хэлэв.
З.Атеш 2021 оны 05 дугаар сард Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Шударга мэдээ2024/10/09
"Блю скай" барилгаас ууттай тарвага олдсон гэх дуудлагын дагуу мэргэжл...
-
Цаг үе2024/01/09
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
-
Цаг үе2024/01/24
Түүх, соёлын дурсгалт зүйлийг худалдан борлуулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна...
-
Улстөр нийгэм2023/11/16
ЗГ: Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулж, журмыг баталлаа