Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан ХЭҮК байр сууриа илэрхийллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос дараах байр суурийг өнөөдөр /2025.01.30/ илэрхийллээ.

Үүнд: 

  1. Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг, амлалтуудаа бүрэн биелүүлэх үүрэгтэй. Монгол  Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцод 3-т “..аливаа байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”,  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-т   “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж онцолж заасан.  
  2. Хүүхэд оролцож байгаа бол морины уралдааныг аль ч улиралд зохион байгуулсан аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх ёстой. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн нь Монгол Улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хуулиар хүлээсэн хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг болон хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог сайжруулах, үр дүнтэй хариу арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.  
  1. Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, морины үүлдэр угсаа, уралдуулах заншил, арга барил өөрчлөгдсөн, бооцоот уралдаан дэлгэрсэн, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохион байгуулагдах болсон нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, хөгжих, сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Ялангуяа өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхэд оролцох тохиолдолд хичээл, сургуулиас нь чөлөө авах, таслуулах зэргээр хөндийрүүлснээр хоцрогдож, сурлагын түвшин буурах, хичээл сургуульд дургүй болж сургуулиас гарах, завсардах ноцтой үр дагавартай бол газар хөлдүү, халтиргаа гулгаа, шавар шавхаатай хүйтний улиралд уралдах нь мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар хөл, хацраа хөлдөөх зэргээр эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол учрах эрсдэлийг дагуулдаг болно.  
  1. Хурдан морины уралдаан нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан Монгол Улсын төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН нь ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ болно. Хурдан морины хаврын уралдаан нь зарим газарт хаврыг угтаж, урт уяа сойлго хийж, хол зайд морь уралдуулах заншлын хүрээнд үүссэн байна.  
  1. Засгийн газрын 2019 оны 57 тогтоол нь  хүйтний улиралд уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжих, сурч боловсрох эрхийг хамгаалах, хүүхдийг аюултай хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэхэд гаргасан ахиц дэвшил юм. Засгийн газар энэхүү тогтоолыг хүчингүй болгож хүүхэд нэгдүгээрт, хүүхдийн дээд ашиг сонирхол зарчмаас ухралт хийж байгаад ХЭҮК туйлын харамсаж байна.  

Тиймээс Монгол Улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд  та дээрх шийдвэрийг эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй гэдгийг мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох