Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ.

Сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журам, дарааллыг танилцуулав. Өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.

Ерөнхий хяналтын өнөөдрийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ж.Золжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, М.Ганхүлэг, С.Одонтуяа, М.Нарантуяа-Нара, Б.Жаргалан, С.Эрдэнэболд, П.Батчимэг, Б.Найдалаа, С.Замира, Д.Рэгдэл, Л.Мөнхбаясгалан нар болон төрийн байгууллагаас 29, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 60, долоон шинжээч, нийт 96 хүн оролцов. 

Сонсголын үндсэн танилцуулгыг “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар тойм мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр мэдээлэлдээ, дэд хэлэлцүүлэгт Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Агаар, орчны бохирдолд зарцуулсан төсвийн сүүлийн 15 жилийн тойм”,  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах асуудлаарх эрх зүйн орчин, төсөл, арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн “Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, санхүүжилт, үр дүн”, “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Ариунзаяа “Бодлого шийдвэр, санхүүжилт, зарцуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьсныг дурдаад илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцож буй 33 иргэн, Улсын Их Хурлын таван гишүүн асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа. /дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/

Энэхүү хэлэлцүүлгээс агаарын бохирдол, утааг бууруулахад төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, улсын болон нийслэл, орон нутгийн төсвөөс зарцуулсан санхүүжилтийн талаарх холбогдох байгууллагын мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй ил тод байх үүднээс МҮОНРТ-ээр шууд дамжуулсан. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт борлуулалтын асуудал Байгаль орчин, уур өөрчлөлтийн яамны эрхлэх асуудлын хүрээнд ямар хамааралтай болох талаар болон өнгөрсөн хугацаанд “Таван толгой түлш” ХХК-д 146.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сайжруулсан шахмал түлшний тээвэр, агуулах, борлуулалтад зориулж Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас олгосон талаар, Ногоон зээл олгох эх үүсвэрийг шийдвэрлэх зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн агуулга, тавигдах шаардлага, үр дүнгийн тооцооллыг тодорхой болгох шаардлагатай байлаа хэмээн Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэлдээ онцолсон.

Дээр дурдсан хэлэлцүүлэгтэй холбогдуулан шинжээчийг дүгнэлтийг Г.Жавхлан танилцуулав.

Тэрбээр, хуулийн хэрэгжилтийн хүрээнд  Агаарын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгээгүй агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны зохицуулалт, үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд удирдлага, зохион байгуулалтын бүтцээс харахад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлд дотоод хяналт, үнэлгээний ажил орхигдсон байна гэлээ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны чиг үүргийн хэрэгжилтийн талаарх үндэсний хөтөлбөрийг (2017-2020 он) хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний 32.2 хувь нь хэрэгжсэн, 23.1 хувь нь хэрэгжээгүй, 44.7 хувь нь дутуу хэрэгжилттэй, хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй, салбар хоорондын ажлын уялдааг хангаж ажиллаагүйг дурдав.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийг сайжруулахын тулд ахиц дэвшлийг үнэлэхийн зэрэгцээ бодлогын зорилтуудын биелэлтийг гаргаж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг эрэмбэлэн, хүндрэлтэй асуудлаар тодорхой шийдвэр гаргах нэгдмэл удирдлагаар нэгтгэн зангидах талаар эзэн, хариуцагчгүй байгааг дурдлаа.

Түүнчлэн агаарын чанарын стандартын өөрчлөлтөөр хүхэрлэг хий, азотын давхар исэлийн хүлцэх агууламж, зөвшөөрөгдөх хэмжээг нэмэгдүүлсэн байгааг шинжээч дүгнэлтдээ дурдсан.

Мөн өмнөх хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын  хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, хөрөнгийн талаар нэгдсэн мэдээлэл байгаагүй, төсвийн ерөнхийлөн захирагчид зарцуулсан хөрөнгийн талаар тайлагнасан байсан. Босго тоо байхгүй нь ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байдлыг бий болгосон. Иймд аудитаар баталгаажсан болон утааг бууруулахад чиглэсэн тоонуудыг үндэслэн шинжээчид нэгдсэн тоо гаргасныг дурдлаа. Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Түүнчлэн тэрбээр энэ хүрээнд нийт дүнгээр 295,9 тэрбум төгрөгийн 147 алдаа, зөрчил илэрсэн бөгөөд үүнээс улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбум төгрөгийн 6 асуудал, зөрчил арилгуулах, таслан зогсоох, дахин давтан гаргуулахгүй байх 143.6 тэрбум төгрөгийн 55 албан шаардлага, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, бүртгэлээр илэрсэн алдааг арилгуулах чиглэлээр өгсөн 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж байсныг шинжээч дүгнэлтдээ онцолсон. 

Түүнчлэн тэрбээр Үндэсний аудитын газрын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3/ 465 дугаар аудитын гэрчилгээгээр Цэвэр агаар сангийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан бол  “Таван толгой түлш” ХХК-ийн 2022, 2023 оны санхүүгийн тайланд тус тус хязгаарлалттай санал, дүгнэлт өгсөн байна. Энэ нөхцөлөөс дүгнэхэд “Тавантолгой  түлш” ХХК 2018-2021 оны санхүүгийн тайланд өөрчлөлтгүй дүгнэлттэй байсан бол 2022 оноос санхүүгийн сахилга бат суларсан байна гэв.

Мөн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тодруулбал, БОАЖ-ын сайдын 2019 оны 1/283,  А/323,  А/435 дугаар тушаалыг тус тус үндэслэн халаалтын зуухны үнс тоосонцрыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг БНХАУ-ын дөрвөн хуулийн этгээдээс шууд худалдан авахаар байгуулсан 12 тэрбум төгрөгийн гэрээ байна. Үүнд Үндэсний аудитын газраас урьдахаар албан шаардлага өгөөд албан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорт  шилжүүлсэн. Мөн Эрдэнэс тавантолгой ХК-аас  Тавантолгой түлш ХХК-тай байгуулсан ЭTT-2022/83, ЭTT-2022/502, ЭTT-2022/518 дугаартай 88.1 тэрбум төгрөгийн 3 гэрээ гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорт шилжүүлснийг дурдлаа.

Шинжээчийн дүгнэлтэд утааны эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үйл явц, хэрэгжилтийн үүрэг, хариуцлагыг тодорхойлж чадаагүй, харилцан хамаарал, уялдаа холбоо хэрхэн хангагдаж ирсэн нь тодорхой бус байна.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн хангалтгүй, санхүүжилт, зарцуулалтын үр ашиг бага, хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил хангалтгүй байна гэж дурджээ.

Үргэлжлүүлэн “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал товч мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд хэлэлцүүлэгт салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцож,  28 хүн зуух, түлшний технологийн шийдлүүдийн хүрээнд танилцуулга хийснийг онцлов. /Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс/.

Түүнчлэн тэрбээр хэлэлцүүлгийг зохицуулагч болохоос дүгнэлт гаргах эрх бүхий хүн биш тул оролцогчдын давтагдсан саналыг дурдав.  Эл мэдээллийг доорх зурагнаас харна уу.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал мэдээллийнхээ төгсгөлд инновацийн олон санаа, шийдлийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг нь батлаад, нэвтрүүлдэг төв байгуулах санааг олон оролцогч хэлсэн тул Эдийн засаг, хөгжлийн яамнаас холбогдох мэдээллийг авсан. Инновацийн тухай хуулийн дагуу Засгийн газраас инновацийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байгуулж, инновацийн төсөл хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдлээ.

Мөн уг хуулийн дагуу инновац хэрэгжүүлэх гэж буй гарааны компанийн тоног төхөөрөмж, түүхий эд бүтээгдэхүүнийг гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, таван жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гурван жилийн хугацаанд борлуулалтын нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалттайг дурдаад эдгээр заалт нь олон жилийн туршлагатай компанид үйлчилдэггүй. Иймд Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос 2012 онд батлагдсан хуулийн төслийг шинэчлэх шаардлагын хүрээнд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр хуулийн хэрэгжлийн талаарх холбогдох судалгааг хийлгүүлж байгаа гэв.

Энэ үеэр сонсгол даргалагч Ж.Чинбүрэн, өчигдийн сонсголын үеэр угаартаж нас барсан иргэдийн тооны зөрүүгээс маргаан дэгдсэн тул энэ дагуу албаны эх сурвалжаас мэдээлэл авсныг хүргэв. Шүүх шинжилгээний ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2017-2024 оны байдлаар угаарын хийн хордлогоор нас барсан хүний тоо  779 гэснийг уламжлав.

Сонсгол оролцогчдын мэдээлэл, танилцуулгаар үргэлжилсэн. Нийт 31 иргэн асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Иргэдийн зүгээс ч гэр хорооллын 200 гаруй мянган өрхийн янданг цөөлөхийн тулд утаа, агаарын бохирдлыг бууруулахад ногоон зээлийг өргөжүүлж ахмадуудыг хамруулах, урт хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр, дунд хугацаандаа гэр хорооллыг хийн түлшрүү шилжүүлэх, богино хугацаанд монгол эрдэмтдийн инновац шингэсэн бүтээгдэхүүнүүдийг нэн тэргүүнд нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлж байлаа.

Мөн сонсголын бүх талуудын байр суурь, мэдээлэлтэй танилцаад өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадаагүй алдаа дутагдлыг хэлэх хүмүүс нь шинжээчид байсан ч тэд сайн ажиллаагүйг дурдаад цаашид шинжээчдийг хараат бусаар ажиллуулах, мэргэжлийн хүнийг сонсгоход анхаарах шаардлагатай гэж байлаа. 

Үргэлжлүүлэн сонсголд оролцсон Улсын Их Хурлын 9 гишүүн асуулт асууж, 7 гишүүн санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Шадар сайдад хариуцуулж салбар хоорондын уялдааг хангах, сонсголын үр дүнд төрийн бодлого нэгдмэл гарах ёстой. Түүнчлэн түлш, зуухыг сайжруулах, дулаалгын технологийг нэвтрүүлэх, хэрэглэгчийг төлөвшүүлэх гэсэн дөрвөн асуудлыг зэрэг шийдвэрлэвэл утааг бодитойгоор багасгана гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал төрөөр дамжуулж технологийн туршилт хийдэг энэ хандлагыг халах цаг болсныг онцгойлон анхааруулаад технологи, инновац хөгжүүлдэг тогтолцоогоо ажиллуулж, эрх зүйн орчныг нь сайжруулах нь чухал гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар агаар, утааны бохирдлыг бууруулахад чиглэсэн сонсголыг өргөжүүлж Улсын Их Хурлаас энэ чиглэлээр түр хороо байгуулж үр дүнд хүртэл иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонсголоор асуудлыг хязгаарлалгүй Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаашид утаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороог байгуулж, асуудалд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, утаа бууруулах шийдлийг гаргаж буй аж ахуйн нэгжүүд, яндангаа буулгасан айл өрхүүдэд чиглэсэн төрийн дэмжлэг үзүүлэх, агаарын чанартай холбоотой нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн мэдээллийг хүргэх, хариуцлага тооцох зэрэг асуудлыг сонсгол зохион байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой тусгах саналыг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан Улсын Их Хурал, Засгийн газар, нийслэлийн түвшинд шийдвэрлэх хамгийн тулгамдсан асуудал болох утааг буруулахад чиглэж, ажиллахыг уриалаад утаанаас салах гарц нь эрчим хүч гэдгийг хүлээн зөвшөөрч, эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, шалгуур үзүүлэлтээ тодорхой болгож, Монгол хүний амь нас, эрүүл мэндэд ноцтойгоор аюул учруулж болзошгүй асуудлын ангиллыг тогтоож, тухайлсан хөрөнгө төсөвлөх  хэрэгтэй гэж байлаа.

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг хааж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ, Ардчилсан парламент нь иргэдээ сонсдог төр болоход чиглэж, Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй  танхимыг бүрдүүлж, бодлогын асуудлаа танхимдаа ярьдаг болохыг зорьсон. Үүний илрэл нь Монгол Улсын тулгамдсан асуудлаар сонсгол явуулж, иргэдээ сонсдог болж буй энэ үйл явц гэж ойлгож болно. Эмч хүний хувьд хэлэхэд эл сонсголоор утаа эрүүл мэндэд асар их муу нөлөөтэй байгааг монгол эрдэмтдийн дэлхий даяар хэвлэгддэг сэтгүүлд хэвлэсэн мэдээллийг олон нийтэд хүргэж, олон шинжээчдийн нотлох баримтаар ил гаргасан гэдгийг дурдаад өнгөрсөн хугацаанд гарсан нэг дэвшил нь түүхий нүүрсээ түлэхээ зогсоосон. Түүхий нүүрсээ түлсээр байсан бол хорт хавдрууд, нярай, ургийн эндэгдлүүд зогсохгүй байсныг онцлов.

Мөн сонсгол явуулах шинэ хандлагыг бий болгож эл хүрээнд дөрвөн хэлэлцүүлэг хийж, 250 иргэн оролцож үг хэлэх боломжийг олголоо. Өнөөдөр дэлхий даяараа хорт хавдартай тэмцэх өдөр. Бид ч гэсэн өнөөдөр утаатай холбоотой хорт хавдрын өвчлөлийг бууруулуулахад зоригтой алхам хийхээр тэмцэж, агаарын бохирдол, утааг багасгахад томоохон алхам хийснийг онцлон тэмдэглэв. Сонсголын төгсгөлд энэ бүх хэлэлцүүлэг, сонсголд оролцож үгээ хэлсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийлээд цаашид Монгол Улсыг утаагүй болохын төлөө хамтарч ажиллахыг уриалав. Үүгээр хоёр өдөр үргэлжилсэн ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

АНУ-д оршин суугаа монгол иргэдийн анхааралд!

Огноо:

,

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус улсад оршин суугаа иргэдэд хандан дараах зөвлөмжийг гаргажээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө

Огноо:

,

Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир болон Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа нар оролцлоо. 

Олон Улсын Парламентын Холбоо нь 2000 оноос эхлэн таван жил тутамд Парламентын дарга нарын дэлхийн бага хурлыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн 6-р бага хурал 2025 оны 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвийн дор Женев хотноо болж өнгөрлөө. 

Тус бага хуралд дэлхийн 90 гаруй улс парламентын даргын түвшинд оролцож, өдгөө дэлхий дахинд тулгамдаж буй гол сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд хууль тогтоох байгууллага хэрхэн хувь нэмрээ оруулж ажиллах талаар хэлэлцэв.

Тухайлбал,

- Талцал хуваагдал газар авч буй цаг үед парламент дахь эмэгтэйчүүд, залуучуудын оролцоо;

- Амар амгалан ирээдүй, энх тайвныг цогцлоохын тулд шинэлэг шийдлийг олох;

- 2030 он гэхэд ТХЗ-д хүрэхийн тулд шинэлэг боломжийг эрэлхийлэх;

- Цахим ирээдүйг бүтээхэд парламентад гүйцэтгэх үүрэг;

- Ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц арга хэмжээ авах зэрэг таван салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Бага хуралд оролцсон төлөөлөгчдийн зүгээс зэвсэгт мөргөлдөөний асуудал аюулгүй байдалд заналхийлж, олон улсын эрх зүйн зарчим алдагдаж байгаа өнөө үед парламентын хамтын ажиллагаа, олон талт үзлийг бэхжүүлэх нь нэн чухал байгааг онцолж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой орны хувьд аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэх нь чухал ач холбогдолтойг дурдав.

Түүнчлэн даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентын манлайлал, оролцоо чухал гэдгийг онцолсон юм. Тэрбээр, Монгол Улс нь ОУПХ, дэлхийн парламентуудтай хамтран амар амгалан ирээдүйг бүтээж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд тууштай ажиллахаа илэрхийллээ.

Мөн парламентад жендэрийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалттай тэмцэх, тогтвортой хөгжлийг хангах асуудал 6-р бага хурлын анхаарлын төвд байв.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир нар түнш орнуудын парламентын дарга нар, ОУПХ-ын удирдлагын түвшинд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Оросын Холбооны Улс, Швейцарын Холбооны Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Канад Улс, Казахстан Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын парламентын дарга нар болон ОУПХ-ын Ерөнхийлөгч Тулия Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг нартай албан ёсны уулзалт хийв.

Бүс нутгийн улсуудын парламентын дарга нартай уулзаж, санал солилцсон нь дээрх бага хурлын уриалгын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг парламентын түвшинд өргөжүүлэх боломжийг бий болгож байна хэмээн үзлээ.

Монгол Улс бүс нутгийн идэвхтэй тоглогчийн байр сууриа хадгалж, эдгээр улс оронтой хамтын ажиллагаа, тэр дундаа парламентын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд ярилцав.

Түүнчлэн, ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр тал санамж бичгийн үйлчлэлийг 2028 он хүртэл сунгаж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд туссан зорилтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах үндэс бүрдэж байна.

Ийнхүү энэ удаагийн Олон улсын парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурлаас энх тайван, шударга ёс, хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтэд хүргэх замын зураглалыг тодорхойлсон Тунхаглал батлагдлаа. Энэхүү Тунхаглалаар парламентууд энх тайвны үйл явцыг бэхжүүлэх талаар үүрэг хүлээж, түүнийг хууль тогтоомждоо тусгаж, биелэлтийг бодит үр дүнд хүргэх үүрэг амлалт авч байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өнөөдрөөс эхлэн 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсээд байгаагаас 135,582 нь нийслэлд хамаарна.

Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:

  • 2 настай - 30304
  • 3 настай - 31843
  • 4 настай - 35698
  • 5 настай - 37837 хүүхэд байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;

Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу...

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох