Шударга мэдээ
Төрийн 7 байгууллага зөвшөөрлөөс давсан 27 журмыг бүхэлд нь хүчингүй болгож, 8 журмыг хэсэгчлэн өөрчлөв
“Зөвшөөрлийн зөвлөл”-ийн ээлжит хурал өнөөдөр болж, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг эцэслэн батлав.
Мөн тус зөвлөлийн тогтоол хэрэгжихгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа салбаруудад ажлын хэсэг байгуулж, мэргэжлийн шинжээч ажиллуулахаар тогтов.
Тодруулбал, уул уурхай, эрчим хүч, боловсролын салбарт ажлын хэсэг байгуулах, банк санхүү, гаалийн салбарт мэргэжлийн шинжээч томилж, ажиллуулахаар боллоо.
Өнөөдрийн байдлаар “Зөвшөөрлийн зөвлөл”-ийн тогтоолыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хэрэгжүүлж, зургаан яам, зохицуулах хорооны 27 журмыг бүхэлд нь хүчингүй болгож, 8 журамд хэсэгчлэн өөрчлөлт оруулав.
Жишээлбэл, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан хоёр журмыг цуцалсан. Ингэснээр тусгай зөвшөөрлийн 11 зүйл 116 заалт 3 зүйл 10 заалт болж буурав. Мөн Төсөлд тусгай зөвшөөрөл олгож, инженерүүд нэгэн зэрэг хэд хэдэн төсөл дээр ажиллах боломжтой болно. Зөвшөөрлийн шат дамжлага 128-аас 88, Зөвшөөрөл олголтын хугацаа 200 хоногоос 22 хоногт шууд цахимаар авах боломжийг бүрдүүллээ.
Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан акт, журмуудаа хүчингүй болгов. Үр дүнд нь зөвшөөрөл олголтын хугацаа 48 өдөрт олгодог байсныг зогсоож 22 өдөрт олгож эхлэв. Мөн шат дамжлага нь 133-аас 65 болж, олон төрлийн бичиг баримт шаарддаг хүнд суртлыг буурууллаа.
Ингэснээр төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, түргэн шуурхай, хүний хандлагаас үл хамаарсан шийдвэр гаргалтыг дэмжих, иргэд, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэх үйл ажиллагааг хялбарчлах, зөвшөөрөл олгох шат дамжлагыг цөөлж байна гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.


Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
