Цаг үе
Төрийн банк нь Нидерланд улсын Фронтклэйр байгууллагатай анхны синтетик төгрөгийн хил дамнасан репо хэлцлийг амжилттай хийлээ
2025 оны 2 дугаар сар. Фронтклэйр нь Валют арилжааны сан (TCX)-ийн хеджээр баталгаажсан 31 сая ам.долларын синтетик төгрөгийн хил дамнасан буцаан худалдан авах хэлцэл (репо)-ийг Монгол Улсын Төрийн банктай байгууллаа.
Зээлийн эрсдэл, хууль эрх зүйн эрсдэл болон үйл ажиллагааны эрсдэл, түүнчлэн макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч зээлдэгчийн барьцааны үнэ цэнэ буурах эрсдэл нь Монголын банкуудад дэлхийн мөнгөний зах зээлтэй холбогдоход бэрхшээлүүд дагуулсаар байна. Энэхүү хэлцэл нь Төрийн банканд дэлхийн зах зээлээс дотоод валютын санхүүжилт авах боломжийг олгосон. Мөн Фронтклэйр уг хэлцлийн зохицуулалт, санхүүжилтийн бүтцийг Монголын хууль эрх зүйн болон үйл ажиллагааны тодорхой сорилтуудыг шийдвэрлэхэд тохируулж болохыг дахин харууллаа.
“Фронтклэйр нь 2018 оноос хойш Монгол Улсад 10 гаруй репо болон своп хэлцлийг амжилттай хийсэн. Бид Евробондыг барьцаалан оффшор эх үүсвэрээр санхүүжилт болон хедж хийх замаар Төрийн банканд синтетик төгрөгийн валютыг шууд олгож, анх удаа дотоод валютын репо хэлцлийг эхлүүлж, амжилттай гүйцэтгэсэндээ баяртай байна. Тухайн хэлцэл нь дотоод болон оффшор барьцаа ашиглан Монголын болон дэлхийн банкууд, хеджийн үйлчилгээ үзүүлэгчдийн хооронд хил дамнасан репо хэлцэл хийх шинэ загварыг бий болгож, Монгол Улсын мөнгөний зах зээлийн цаашдын хөгжлийн жишиг болж байна.” – Андрей Шинкевич, Фронтклэйр байгууллагын Ахлах Дэд Ерөнхийлөгч
“Бид Фронтклэйр байгууллагатай энэхүү анхны синтетик үндэсний мөнгөн тэмдэгтийн хил дамнасан репо хэлцлийг амжилттай хийсэндээ баяртай байна. Фронтклэйр байгууллагатай 2018 оноос эхлэн хамтран ажилласнаас хойш бидний түншлэл улам бэхжиж, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлснээр Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү шинэлэг хэлцэл нь Төрийн банканд дэлхийн зах зээлээс төгрөгийн санхүүжилт авч, хөрвөх чадварын менежментийг сайжруулах боломжийг олгосон. Энэ жишгээр дэлхийн мөнгөний зах зээлд хүрэх бололцоо олдож байгаа нь дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд том нөлөө үзүүлэх боломжтой гэж харж байна.”- Өлзийн Гантөр, “Төрийн банк” ХК-ний Гүйцэтгэх захирал
“Энэхүү гүйлгээ нь TCX-ийн Монголын зах зээлийн хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр юм. Монголбанкнаас амжилттай хэрэгжүүлсэн дотоодын эрсдэлээс хамгаалах хэрэгслийн үйлчилгээ аажмаар буурч байгаа нь бусад хеджийн үйлчилгээ үзүүлэгчдэд зах зээлийг дэмжих илүү том боломжийг олгож байна. Үүний үр дүнд TCX-ийн олон төрлийн хеджийн гүйлгээг хөнгөвчлөх чадвар болон таатай үнийн нөхцөлүүд нь Frontclear болон бусад нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар төгрөгийн зах зээлд томоохон эерэг нөлөө үзүүлж байна. Валютын эрсдэлд үзүүлэх анхаарал нэмэгдэж, энэ нөлөөллийн түүхийн нэг хэсэг болсондоо баяртай байна.” - Xander Goudriaan, TCX Арилжаа хариуцсан захирал
Тухайн хэлцэлд, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD)-аас хөрвөх чадвартай ам.долларын эх үүсвэрийг авч, TCX-тай төгрөг/ам.долларын хедж хийж Төрийн банканд синтетик төгрөгийн репо эх үүсвэрийг олгосон. Энэхүү репо хэлцэл нь Олон Улсын Своп, деривативын холбоо (ISDA)-ны гэрээний дагуу баталгаажсан ба Фронтклэйр нь Монголын зах зээл дэх хууль эрх зүйн асуудлыг харгалзан своп баталгаажуулалтыг тохируулсан. Уг хэлцлийн баримт бичгүүд нь дотоод валютын репо хэлцэлтэй холбоотой үйл ажиллагааны болон хууль эрх зүйн үзэл баримтлалын шилдэг туршлагыг нэвтрүүлж байна. TCX болон Frontclear нь Cardano Development-ийн нэг хэсэг юм.
Фронтклэйр байгууллагын тухай
Фронтклэйр нь хөгжиж буй улс орнуудад мөнгөний зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн санхүүгийн байгууллага юм. Фронтклэйр нь банк хоорондын зах зээл тэр дундаа дотоодын санхүүгийн байгууллагуудад хүртээмж болон хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн баталгаа болон техникийн туслалцаа үзүүлдэг. Фронтклэйр байгууллагын дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй техникийн туслалцааны хөтөлбөр нь төв банкуудтай хамтран санхүүгийн дэд бүтэц, хууль эрх зүйн орчин болон дотоод зах зээлд оролцогчдын ур чадвар, чадамжийг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Фронтклэйр нь Европын хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон дэлхийн хөгжлийн агентлагуудаас санхүүждэг. Fitch агентлагаас A- үнэлгээ, Moody’s агентлагаас Baa1 үнэлгээ авсан бөгөөд мөн AAA- зэрэглэлтэй Германы хөгжлийн банкнаас (KfW) баталгаа авсан. Дэлгэрэнгүй мэдээллийг www.frontclear.com цахим хуудаснаас авна уу.
TCX-ийн тухай
TCX нь хөгжиж буй зах зээлд валютын деравитивыг санал болгодог хөгжлийн санхүүгийн байгууллага юм. TCX-ийн хувьцаа эзэмшигчид нь хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон нөлөө бүхий хөрөнгө оруулагчдаас бүрддэг бөгөөд сангийн үндсэн зорилго нь дотоодын валютын санхүүжилтийг дэмжих замаар валютын эрсдэлийг арилгах, мөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм. TCX нь дэлхийн хэмжээнд 100 гаруй валютын хугацааны хязгаарлалтгүйгээр кросс валютын своп болох FX форвард хэлцлийг санал болгодог. Тус сан нь Амстердам хотод төвтэй ба S&P агентлагаас A үнэлгээ, Moody’s агентлагаас A1 үнэлгээ авсан. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tcxfund.com цахим хуудаснаас авна уу.
Төрийн банкны тухай
Төрийн банк нь төрийн өмчийн оролцоотой олон нийтэд нээлттэй хувьцаат компани юм. Банк нь 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өөрийн чадварлаг боловсон хүчин, дэвшилтэт технологийн тусламжтайгаар найдвартай, цаг алдалгүй үйлчилгээг иргэдийн болон байгууллагын харилцагчдадаа хүргэн ажиллаж, банкны системд хувь нэмрээ оруулж байна. Төрийн банк нь Монгол Улсын банкны системийн нөлөө бүхий таван банкны нэг бөгөөд улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй, иргэдийн банкны үйлчилгээгээр илүү давамгайлдаг. Банк нь олон улсын зээлжих зэрэглэлийн Moody’s агентлагаас B2 үнэлгээтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn цахим хуудаснаас авна уу.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Улстөр нийгэм2025/05/23
“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэ...
-
Цаг үе2023/05/12
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 101 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авав
-
Шударга мэдээ2019/07/19
Улсын хэмжээнд 16,5 сая.мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийв
-
Цаг үе2023/12/14
ЭМДЕГ: Дэлхийн бусад орны туршлагаас үзвэл дундаж үзлэгийн хугацаа 17 минут байд...
