Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 26-ны өдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Сүхбаатар, Дундговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар цасан шуурга шуурна. Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 26-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.


2025 оны гуравдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг,төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.


2025 оны гуравдугаар сарын 27-ноос 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27, 29-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 28-наас нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр БНСУ-ын “MGIS” компанийн захирал Ким Жун Вү, ахлах инженер Хан Сун Ён нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар авто замын түгжрэлийг үүсгэж буй хүчин зүйлийн нэг болох зам тээврийн ослын буруутан болон хохирлыг цагдаагийн ажилтан очихгүйгээр дрон болон АI технологи ашиглан хэрхэн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой талаар санал солилцлоо.

Учир нь нийслэлийн зам тээврийн ослын дуудлагын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн гэх дуудлага эзэлдэг байна. Энэ тохиолдолд цагдаа ослын газар түгжрэлээс хамаарч дунджаар 15-40 дараа очдог бол ослын газар хэмжилт хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулахад багадаа 30 минутаас дээш хугацааг зарцуулдаг байна. Үүнээс хүнд төрлийн ослын газарт 2 цаг ажиллах тохиолдол ч гардаг байна. Хамгийн гол нь энэхүү хугацаанаас хамаарч тухайн орчмын авто замд түгжрэл үүсдэг бөгөөд нийслэлийн түгжрэлийн тулгамдсан асуудал болоод байгааг албаныхан хэллээ.

Уулзалтын үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Нийслэлийн зам тээврийн ослын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн осол эзэлж байна. Үүнийг 5-10 минутад шийдэх технологийн шийдлийг л бид хайж байна. Зам тээврийн ослын дуудлага ирэхэд цагдаа заавал ослын газар очихгүйгээр дрон нисгэж зураг авч мэдээллийг системд илгээх. Илгээсэн мэдээллийг AI технологийн тусламжтайгаар боловсруулж хэн буруутай, хэдэн төгрөгийн хохирол гарсныг тогтоодог болох нь тэргүүний зорилго. Тухайн жолооч нар ч ослын зургаа систем рүү илгээж болно гэсэн үг. Дүүрэг болгон замын хөдөлгөөний удирдлагын төвтэй. Энэ төвөөс дроноо удирддаг систем л шаардлагатай байна. Хоёрт цагдаа, даатгал зайлшгүй очих тохиолдол буюу хүний эрүүл мэнд, амь нас хохирсон ч юм уу, эсвэл 3-4 машин мөргөлдсөн, хайс хашлага мөргөсөн тохиолдолд цагдаа дронтойгоо очиж нисгээд шаардлагатай зураг, дүрсээ авах. Ослын нөхцөл байдлаас хамаарч дрон нисгэж цаг хугацааг хэмнэх, ослоос шалтгаалсан түгжрэлийг үүсгэхгүй байх л зорилго тавиад байна. Энэ чиглэлээр дроны системийн хөгжүүлэлт хийх боломжтой юу” гэдгийг тодрууллаа.  


“MGIS” компанийн захирал Ким Жун Вү “Бид БНСУ-даа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын газартай хамтран ажилладаг.  Систем хөгжүүлэлт, дрон зураг авалт, борлуулалт гэсэн хэлтэстэй. Зам тээврийн ослын газарт дроныг ашигласнаар цаг хугацааг 60-70 хувь хэмнэж байгаа судалгаа гарсан.  Дроны үйлдвэрлэл, хөгжүүлэлт дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байна. АНУ, ОХУ зэрэг орнуудад дроныг зам тээврийн ослын, тэр дундаа мөрдөх ажиллагаанд ашиглах болсон. Монголд ч гэсэн энэ чиглэлээр дроны системийг хөгжүүлэх боломжтой гэж харж байна. Гол нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд олон хэмнэлтийг хийх боломжтой гэж харж байна. Та бүхний хүсэж буй системийн хөгжүүлэлтийг хийхэд эхний ээлжид дата мэдээлэл цуглуулах, судалгаа, туршилт хийх гээд багагүй хугацаа орох ч хамтарч ажиллахад таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар илрүүллээ

Огноо:

,

Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж, зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тус иргэн нь БНСУ-д бусдаас онц их хэмжээний мөнгө залилсан хүндрүүлэх нөхцөл байдалтай эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт шалгагдаж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан бөгөөд 2017 оноос хойш Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан нь тогтоогдсон.

Уг иргэнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар саатуулан шалгаж, Монгол Улсаас албадан гаргахаар ажиллаж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 5 жилийн дараа дахин аялж эхэллээ

Огноо:

,

Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23 дугаар галт тэрэг цар тахлаас хойш таван жилийн хугацаанд зогссоны дараа 2025 оны зургаадугаар сарын 4-ний өдөр анхны аяллаа хийлээ.

Бээжин-Улаанбаатарын анхны галт тэргийг анх 1975 онд аялуулж байсан. 1975-1985 оны хооронд Бээжин-Улаанбаатарын галт тэргийг Бээжин-Москва чиглэлийн гал тэргэнд холбож явуулдаг байсан бол 1985 оны тавдугаар сараас эхлэн тусдаа бие даасан галт тэрэг болгон аялуулж эхэлсэн. Үүнээс хойш Монгол Улс, БНХАУ хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсоор ирсэн юм.

Цаашид энэхүү 23 дугаар галт тэрэг долоо хоног бүрийн мягмар гарагт Бээжин хотоос хөдөлж Улаанбаатарт лхагва гарагийн 14:35 цагт ирэх бол тус чиглэлийн 24 дүгээр галт тэрэг пүрэв гарагийн 07:18 цагт хөдөлж, баасан гарагийн 14:35 цагт Бээжин хотноо хүрнэ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох